Я.Санжмятав: Стандарт банкны өрийг төлөхгүй бол төрд болон Эрдэнэт үйлдвэрт олон эмзэг асуудал тулгарна
    2018 оны 09 сарын 11 нд
    698d270505243ece6afa4ff116627c82.jpeg

    УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар зарим зүйлийг тодруулаа. Тэрээр УИХ-аас байгуулсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагч бөгөөд ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахад бэлэн болоод байгаа аж.

     

    -УИХ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсэг байгуулж, та ахалсан. Ажлын хэсгийн ажил ямар шатандаа явж байгаа вэ. Ажлын хэсэг байгуулагдаад удаж байна. Дүгнэлтээ гаргаж өгөөгүй байхад л хоёр ч удаагийн шүүх хурлын шийдвэр гарчихлаа?

     

    -“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын 49, Монголын 51 хувь байхад Жаст компани Стандарт банкнаас зээл авахад баталгаа гаргаж өгсөн асуудал Лондонгийн Арбитрын шүүхэд очиж, шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх буюу төлбөрөө Монголын тал өгөөгүй байсан учраас Стандарт банкнаас Арбитрын шүүхэд дахин хандаж, 51 сая ам.доллар болон хүү нэмэгдээд 105 сая ам.долларын төлбөрийг төлүүлэх ажиллагаа явуулж өгөөч гэсэн асуудлыг тавьсан байсан. Ингээд долдугаар сарын 6-нд шүүх хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ нь аж ахуйн нэгжийн хоорондын маргаан. Аж ахуйн нэгж боловч төрийн өмчит аж ахуйн компани шүү дээ. Тиймээс энэ ажлыг ахалсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд хууль, хяналтын байгууллагуудыг төрийн мониторинг хийх чиглэл өгсөн. Ингээд АТГ, прокурорын байгууллагаас төрийн мониторинг хийсэн. Түүнээс аж ахуйн нэгжийн маргаанд хууль хяналтын байгууллага орох эрх байхгүй. Ажлын хэсэг намрын чуулган нээгдэх үеэр тайлангаа тавина. Эхний ээлжид Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороогоор хамтарч орох болов уу гэж бодож байна. Энэ үеэр хууль хяналтын байгууллагуудыг оролцуулаад тодорхой мэдээллийг өгнө.

     

    -Төлбөрийн хүү өдөр бүр нэмэгдэж байгаа. Тиймээс энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэх талаар Ажлын хэсгээс чиглэл өгсөн зүйл байгаа юу?

     

    -Тавдугаар сард Ерөнхий сайдад энэ чиглэлээр Засгийн газар эдийн засаг, дипломатын харилцааны хүрээнд ажиллаач гэсэн хоёр ч бичиг ажлын хэсгээс хүргүүлсэн. Эхний удаа Засгийн газар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэсэн мэдээлэл өгсөн. Баясгалантай уулзахад “Энэ нь аж ахуйн нэгжийн маргаан учраас бид зөвлөмж, тусламж авах шаардлагатай зүйл байвал биднээс асуугаарай” гэсэн чиглэлтэй байгаа гэсэн. Жаст компани зээл авснаас хойш Стандарт банкны 60 хувийг БНХАУ авсан юм билээ. Тиймээс Засгийн газрын холбогдох яамдууд ажиллах шаардлагатай байгаа.

     

    -Энэ төлбөрийг Засгийн газар төлөх үү, “Эрдэнэт үйлдвэр” төлөх үү?

     

    -Үйлдвэрийн 51 хувийг хариуцаж байгаа тал нь төлнө гэвэл Засгийн газар 100 хувь хариуцна. 49 хувийг авсан тал ашгаа авч байгаа байх. Тэгвэл алдагдлаа ч хүлээнэ. Тиймээс хоёр тал аль аль нь алдагдал хүлээнэ. Нөгөө талаас  Монгол Улсын эрх ашиг байгаа учраас энэ асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаач гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, 49 хувийн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүст ажлын хэсгийн ахлагчийн хувьд зөвлөсөн. Энэ зээлийг авсан Ш.Батхүү өмнө авсан зээлээ төлсөн нь тодорхой болсон. Сүүлд авсан зээлээ өөрийнх нь ярьж байгаагаар Батлан даалт гаргах бичгийг зассан” гэсэн учраас энэ хүнтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдтэл ажлын хэсэг АТГ, шүүхийн аль ч процесст хутгалдах боломжгүй.

     

    -Английн дээд шүүхийн долдугаар сарын 6-нд гаргасан шийдвэрийг та харсан уу. Яг хэдий хэмжээний төлбөрийг төлөхийг шаардсан бэ?

     

    -“Эрдэнэт үйлдвэр” дээрээ бичиг  нь ирсэн байгаа. Монголын төр авснаа төлнө. Ингэхдээ төлбөрөө аль болох бууруулах чиглэлээр ажиллаж байна. Түүнээс 105 сая ам.долларын төлбөр тавиад саалийн ганц үнээгээ алдчихна гэж ойлгож болохгүй. Английн дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр. Бид хэлэлцээд зохицуулахгүй бол манай улсын гадаадаас авч байгаа зээлийг хязгаарлах, "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагуудын гадаад явж гэрээ хэлэлцээр хийхийг хориглох гээд олон эмзэг асуудал байна.

     

    -Сүүлийн шүүх хуралд “Эрдэнэт үйлдвэр”-ээс ялагдах нь тодорхой гэж үзээд оролцоогүй гэсэн мэдээлэл гараад байгаа?

     

    -Өмнөх шүүх хурлын шийдвэрийг өөрчлөх гэж дахин шүүх хурал болоогүй. Өмнөх шүүх хурлын шийдвэр хэрэгжээгүй байгаа учраас хэрэгжүүлж өгнө үү гээд дахин шүүхэд хандсан. Арбитрын шүүх дээр очиход “Эрдэнэт үйлдвэр” өмгөөлөгч авах гэсэн боловч нэлээд их зардал гарна. Нөгөө талдаа гарах үр дүн нь төлөх төлбөрийг багасгах, үгүйсгэх ч юм уу боломж байхгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй юм байна лээ.

     

    -Ээлжит бус чуулган зарлах уу. Даргын зөвлөл дээр юу гэж ярьж байгаа вэ?

     

    -Даргын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороог гишүүдээ цуглуулж хуралдуул гэдэг чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороо хуралдангуут даргын зөвлөл хуралдаад ээлжит бус зарлъя гэсэн чигтэй л байгаа.

     

    -Ээлжит чуулган эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үүнээс өмнө ээлжит бус хуралдуулж чадах уу?

     

    -Ээлжит бус зарлаж таарах байх.

     

    Эх сурвалж: www.itoim.mn