Л.Болд: Нөхөн сонгуулиа зарлаж чадахгүй бол УИХ тарах нөхцөл үүснэ
    2018 оны 09 сарын 11 нд
    9bceb1364cbce211541566d0f4cc6c4e.jpeg

    УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

    -Намрын чуулган эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Зунжингаа ярьсан ч хуралдуулаагүй ээлжит бус чуулганыг намрын чуулганаас өмнө зарлана гэсэн мэдээлэл байна. Ер нь ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага байна уу?

    -УИХ-ын 26 гишүүн долдугаар сард ээлжит бус чуулган хуралдуулна гэж гарын үсгээ зурсан. Гэтэл Үндсэн хууль зөрчөөд ээлжит бус чуулган зарлахгүй байна. Хэлэлцэх асуудлыг нь шаардлагатай, шаардлагагүй гээд тайлбарлаад байгаа. Үндсэн хуульд заасны дагуу 26 гишүүн гарын үсгээ зурчихаад байхад УИХ-ын дарга чуулганаа зарлах ёстой. Түүнээс зарлаж болох уу, болохгүй юу, судалж байна гэдэг асуудал байж болохгүй. Ээлжит бус чуулган хуралдуулах гурван нөхцөл байгаа. Нэг нь бүрдсэн байна. Тиймээс УИХ-ын дарга чуулганы хурлаа зарлах ёстой. Ингэхдээ нэг өдрийн ирц авчихаад ирц хүрэхгүй байна гэж болохгүй. Хэрвээ УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлавал гишүүд ирэх ёстой.

    -Ирэх сард болох байсан нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшлогдчихлоо. Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ?

    -Нөхөн сонгуулийг Цэцийн шийдвэрээр хойшлуулж байгаа нь Монголын төрийн тогтолцоо, ардчилалд маш том хор хохирол учруулсан зүйл боллоо. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл бүрдсэн байгаа энэ үед яаралтай хуралдаж энэ эргэлзээг гаргаж өгөх хэрэгтэй. УИХ 76 гишүүнтэй байх ёстой байтал 75-уулаа хэр удаан явах вэ. Үндсэн хууль зөрчиж байна. УИХ-д өөрийн төлөөллөө байлгах ард түмний эрх зөрчигдөж байна. Мөн Монголын төр, парламент хэвийн үйл ажиллагаа явуулахад хүнд боллоо.

    -УИХ нөхөн сонгуулийг товлон зарлахдаа хуулийн зөрчилтэй байсан гэдгийг мэдэж байсан гэх мэдээлэл гараад байгаа. Тухайлбал, танай намын бүлэг хуулийн зөрчилтэй гэдгийг мэдэхгүй байсан гэж үү?

    -Үндсэн хуулийн зөрчилтэй тогтоол баталсан гэж үзэхгүй байна. Тэр тогтоолд зориуд дараа нь маргаан үүсгэх, энэ сонгуулийг зохион байгуулахгүй байх сонирхол орсон уу, үгүй юү гэдэг нь өөрөө хардлага төрүүлж байгаа. Нөгөө талдаа тодорхой хүмүүсийн нэр дэвших, эсэхийг шүүхээр шийдээд явж болно. УИХ-ын нэг гишүүний нөхөн сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуультай адилтгах уу, яаж асуудлыг шийдэх вэ гэдэг нь Үндсэн хуулийн цэцийн шийдэх асуудал биш. Харин ч нөхөн сонгууль зарлаагүй бол Үндсэн хуулийн Цэц УИХ-ыг тараах эрхтэй. Яагаад гэвэл УИХ-ын 76 гишүүнээ бүрдүүлэхгүй, УИХ хууль зөрчиж байна гэсэн үг шүү дээ.

    -Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал хуульдаа өөрчлөлт оруулна. Тэгэхээр нөхөн сонгуулийг ирэх жил зохион байгуулах хуулийн боломж бий юү?

    -Ээлжит сонгууль явуулахад хэдэн сар ч дутуу байсан нөхөн сонгууль зохион байгуулж болно. Ямар л хуулийн боломж байна нөхөн сонгуулийг зохион байгуулж ард түмний эрх хангагдаж байх ёстой. Тиймээс УИХ нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулах ёстой.

    ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN