С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дүгнэ гэвэл муу л гэж хэлнэ
    2018 оны 09 сарын 13 нд
    dfd6a0e7ddbbc6db72178ef6de1f2c27.jpg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

     

    -У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

    -Засгийн газрыг үнэлэх ямарч үнэлэмж алга. Хэлэх юм алга. Ажил хийгээгүй юм чинь юу хэлэх юм. Дүгнэ гэвэл муу л гэж хэлнэ. Ямар ч ажил хийгээгүй. Зүгээр л ярьсан. Өмнөх намынхаа үйл ажиллагааг муулсан. Хоорондоо муудалцсан, хэрэлдсэн, зодолдсон, нэг нэгнийгээ алсан, худлаа ярьсан, хулгай хийсэн ийм л нэг жил. Нүүрсний, тендерийн хулгай хийлээ. Хулгайч, луйварчдаар л дүүрсэн нэг жил өнгөрлөө. Өөр юу гэж хэлэх билээ.

    -Шатахууны үнэ нэмэгдсээр байгаа. Энэ тухайд?

    -Шатахууны үнэ их, бага хэлбэрээр таван удаа нэмэгдлээ. Үүнтэй уялдаж өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Ийм байхад цалин нэмээд ч ард түмний худалдан авах чадвар өсөхгүй. Өсөх боломжгүй.

    Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг луйврын хөтөлбөр, эдийн засаг дампууруулж байсан гэж маш их шүүмжилсэн. Тэр хөтөлбөрийн үр дүнд Монголын эдийн засгийг тогтвортой барьсан юм.

    Гол стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулсан. АН-ын хувьд хэдхэн зүйл дээр л гол бодлогоо тавьж байлаа. Би Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд маш сайн мэдэж байна. Гурил, мах, шатахууны үнийг тогтвортой барихад чиглэж ажилласан юм. Сүүлдээ монголчууд маань шатахууны үнийг нэмэгддэг гэдгийг мартчихсан шүү дээ. Тэр ойлголт байхгүй болчихсон байсан. Гэтэл эрх баригчид гарч ирээд хоёр жилийн дотор л шатахууны үнийг хэд, хэд нэмчихлээ. Өнөөдөр эрх баригчид шатахуун импортлогчдод шаардлага тавьж чадахгүй байгаа. Учир нь тэд асар их хэмжээний хандив авсан байх магадлалтай. Түүнээс болоод шаардлага тавьж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэж харж байгаа. Хардах эрх хэнд ч байгаа. Би өнөөдөр хардаж байна.

    -Багш нарын ажил хаялт үргэлжилсээр байна. Уг асуудалд Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

    -Багш нарын хувьд хуулийн хүрээнд л тэмцэж байна. Хууль бус зүйл хийж байгаа мэтээр ярьж байгаа нь зүй зохисгүй асуудал.

    Хуулийн хүрээнд өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа хүн буруутан болж болохгүй. Багш нарыг янз бүрийн хэлбэрээр дарамталж, зохион байгуулалттай дайралтуудыг зориуд хийж, эцэг эхчүүдийг турхирч байна. Эцэг, эхчүүд энэ нөхцөл байдлыг зөв ойлгох ёстой. Өнөөдөр бололцоотой айлын хүүхдүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцаж байна. Амьжиргааны дунджаас доош орлоготой айлын хүүхдүүд улсын сургуульд явж байгаа. Гэтэл улсын сургуулийн багш нарын цалин хөлс, хүүхдүүдийн суралцаж байгаа орчин ямар байгаа билээ. Бид үүнийг эргэж харах цаг болсон. Энэ хэмжээ хязгааргүй тансаглал, төсвийн зардлаа танаад багш, эмч нарын цалинг нэмэхэд болохгүй юм байхгүй. Бидэнд маш их нөөц бололцоо байна. Төсөв хангалттай хүрэлцэнэ. 50 хувиа больё гэхэд 20, 30 хувиар нэмж болно шүү дээ. Найман хувь нэмнэ гэдэг бол хүн доромжилж байгаа хэрэг. Найман хувиар нэмсэн ч яалаа, байсан ч яалаа. Эхний хагас жилд 20 хувь, дараагийн хагас жилд нь дахиад 20 хувь нэмэх байдлаар зохицуулалт хийж болно. Зохицуулалт хийх эрмэлзэл харагдахгүй байна л даа. Миний хувьд багш нарын ажил хаялтыг зөв гэж харж байгаа. Харин өөрсдийнх нь буруугаас болж нийгэмд бухимдал үүсч байгаа асуудлыг АН-д нааж, буруутан болгох шаардлагагүй. Ер нь өнөөгийн эрх баригчид хуучны коммунист арга барилтай байна л даа. Бусдыг гүтгэдэг, доромжилдог. Гэсэн хэрнээ ард олны төлөө хийж байгаа зүйл байхгүй.

    -Сөрөг хүчний зүгээс нийгэмд гарч буй эдгээр асуудлуудад АН ямар нэгэн акц үзүүлэхгүй юм уу?

    -Бид буу бариад гудамжинд гаралтай биш. Бид бүх зүйлийг хэлж байгаа. Төсөв санхүү, явуулж байгаа үйл ажиллагаа чинь буруу байна, дэд сайд, агентуудаасаа татгалзаач, үйл ажиллагааг нь хумиач гэж. Эрх баригчид, сайд нарын хэмжээ хязгааргүй тансаглалыг болиулах хэрэгтэй. Дэндэж байна шүү дээ. 300 тэрбум төгрөгийн төсөв давсан орлогоос 55 тэрбумыг нь төрийн албан хаагчдад урамшуулал маягаар олгоно гэх юм. Үүнийгээ болиоч ээ. Өр дарах эсвэл ямар нэгэн ашигтай, үлдэцтэй зүйлд мөнгөө зарцуулаач ээ гэж зөндөө л шаардсан.

    Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өссөн маш ашигтай цаг үед явж байна. Алт, нүүрс, төмрийн хүдэр бүгд өссөн. АН-ын үед бүгд хасах байсан. Тонн нүүрс 28-хан ам.доллараар борлогдож байлаа. Бодит байдал тийм л байсан. Гэтэл эдний үед ямар байгаа билээ. Тонн нүүрсний үнэ гурав, дөрөв дахин өсчихсөн. 4200 байсан зэсийн үнэ өнөөдөр 7000 давчихаад явж байна. Гадаад зэх зээл дээр манай уул уурхайн бүтээгдэхүүн хэд дахин өсөж байхад тэр их мөнгө хааччихав. Орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу байна. Үнэхээр гайхаж байна.

    Гадуур тендерийг бүтээж өгөөд 10 хувийг нь авдаг байсан бол одоо 20, 30 хувьд хүрсэн дуулдаж байна лээ. Арай л дэндэж байна. Компаниуд авсан мөнгөнийхөө 30 хувийг авлигад өгчихөөд 70 хувиар нь юу хийх юм бэ. Яагаад ийм ашиггүй юм хийж байгааг нь асуухаар ядаж ажилчдаа цалинтай байлгах хэрэгтэй биз дээ гэж л хариулж байгаа юм. Надад нэг биш бизнесмэн ингэж хэлсэн шүү. Улс орныг ийм л байдал руу аваачсан байна. Хариуцлагагүй байдал Монголын төрийг торлочихсон байгаа хэрэг.

    -Ш.Батхүү гэх хүний тавьсан өрийг хүссэн хүсээгүй Монгол Улс, Засгийн газар төлөх болчихлоо. АН-ын зүгээс ийм нөхцөл байдал үүсэх юм бол эсэргүүцэх болно гэж хаврын чуулганы үеэр хэлж байсан...

    -Бид байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэм буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлүүлэх ёстой. Монголын ард түмний татварын мөнгөөр тэр өрийг төлж болохгүй. Мөнгө оргүй алга болно гэж байдаггүй л байхгүй юу. Ш.Батхүү бол гал хамгаалагчийн л үүрэг гүйцэтгэж байгаа. Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж хэдэн жилийн ял авах байх. Суусан, суугаагүй болоод л гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр тухайн үед баталгаа гаргаж өгсөн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

    -Шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуулиар тэдгээр хүмүүст ямар ч хариуцлага хүлээх боломжгүй болчихсон юм биш үү?

    -Эрх баригчид нь өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, зохицуулалт хийгээд луйвар булхайгаа нуугаад яваад байгаа энэ нийгэм цаашдаа удаан оршин тогтноод яваад байж болохгүй. Ш.Батхүүгийн зээлсэн гэх тэр өрийг ямар ч байсан Засгийн газар татварын мөнгөөр төлж болохгүй. Гэм буруутай этгээдүүдээр нь ямар нэгэн аргаар төлүүлэх ёстой. Хэн дуртай нь луйвар хийчихээд луйвар хийсэн мөнгийг нь төр төлөөд байх юм бол шударга ёс хаана байх юм. Монголын төр луйварчдын өр төлдөг газар болж хувирах хэрэг үү. Би Г.Занданшатарын “Эрдэнэтийн жилдээ олдог ашгаас төлөх боломжтой” гэж хэлсэн үгэнд үнэхээр эмзэглэж байгаа. Үнэхээр хариуцлагагүй хүний үг шүү дээ. Шударга ёсыг тогтооно, хариуцлага тооцно гээд байгаа Ерөнхий сайд маань хаана байна вэ. Одоо тооцох хэрэгтэй шүү дээ. Үхэхээс ч айхгүй гэж хэлээ биз дээ. АН-ын хувьд намрын чуулган дээр тавих ёстой шаардлагаа урьдын адил тавих болно. Бид олонхын засаглалыг хүндэлж хоёр жил дуугай байсан. Харин ч өөрсдөд нь хэрэгтэй санааг гаргаж өгөөд байгаа. Төсөв санхүү, төрийн албан хаагчид, нийгэм болохгүй байна, үргүй зардлаа багасга гэж маш их зүйлийг хэлсэн.

    О.Цэцэг



    Эх сурвалж: Өдрийн сонин