С.Эрдэнэ: Хэт олонхоороо хүч түрвэл 2019 онд сайн төсөв батлагдахгүй
    2018 оны 10 сарын 01 нд
    fd840e948e599c32fcc0bedd1ef6becd.jpeg

    УИХ-ын намрын ээлжит чуулган нээсэнтэй  холбогдуулан  Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар  тодрууллаа. 

     

    -Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан. Ардчилсан намын зүгээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ямар байр суурь баримтлах вэ?

     

    -Намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Намрын чуулган бол хариуцлагатай чуулган байх ёстой. Яагаад гэвэл эрх баригчдын амласан амлалт хэдэн хувьтай байгаа, бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, үндсэндээ ажил хийх ёстой ганцхан жилийн хугацаа байна. Үлдсэн нэг жил бол сонгуулийн жил байдаг бөгөөд ямар нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгддэгүй. Хариуцлагтай жилээ эрх баригчид яаж харж байгаа, сая өргөн барьсан 2019 оны төсвийг харж байхад дорвитой өөрчлөлттүүд харагдахгүй байна. Ялангуяа эдийн засгийн сууриа болгох, олон тулгуурт эдийн засгаа шинэчлэхгүй, нөгөө л уул уурхайн орлого дээр тулгуурласан ганц тулгуурт эдийн засгийн  хамаг ачаагаа үүрүүлсэн хэвээр байна. Хөдөө аж ахуй болон бусад эдийн засгийн тулгууруудыг сэргээх тал дээр зарчмын хувьд ахисан зүйл харагдахгүй байна.

     

    -Шатахуун болоод, ам.долларын ханш өсөлттэй байна. Ардчилсан намын зүгээс энэ асуудал дээр ямар зарчим баримтлах вэ?

     

    -Ам.долларын ханш 2600 төгрөг хүрэх гэж байна, оны эцэст нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Шатахууны үнийг өсгөхгүй байх, долларыг инфляцийн түвшинд барих ёстой төрийн байгууллагууд нь ажлаа хийхгүй байна. Инфляци руу чиглэсэн мөнгөний бодлого  явуулах ёстой байгууллага ажлаа хийж чадахгүй, зөвхөн валютын нөөцөд анхаарлаа хандуулж байгаагийн алдаа нь  өнөөдрийн энэ нөхцөл байдал. Ийм байхад хэт олонхоороо хүч түрэлгүй, төсвөө зөв хэлэлцэхгүй бол 2019 оны төсөв сайн төсөв болж чадахгүй. Мөн өр авлага буурсан мэтээр олны тархи угаалтыг эрх баригчид хийж байна. Монгол Улсын  гадаад өр 27,5 тэрбум ам.доллар хэвээр  байгаа, тэр дотор Засгийн газрын өр өнгөрсөн  хоёр жилд 3,5 тэрбум ам.доллараар өссөн. Гадаад өр нь өсөөд байхад дотоод зах зээл дээр төсвийн  алдагдлаа нөхсөн үйл ажиллагаагаа өр дарсан мэтээр байнгын улс төрийн зорилгоор өнгөрсөн цаг хугацаа, өмнөх Засгийн газар луу буруугаа чихэж, ажиллах зарчим байж болохгүй. Өрийг өрөөр дарахгүй, багш нарын цалинг нэмж чадахгүй хэрнээ оюутнуудад мөнгө олгох тухай 2019 оны төсөв танилцуулахдаа хэлж байсан. Илүү үр  дүнтэй ажил хийх байсан ч улс төр харсан, дараа дараагийн сонгууль руу чиглэсэн алхамууд хийж байгаа нь эрх баригчдын  хуучин арга барилаар ажиллаж байна гэж харж байна.

     

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох зэрэг чухал асуудлууд хүлээгдэж байгаа. Энэ асуудал дээр АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, гаргасан уу?

     

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг оновчтой дүгнэлт гэж харахгүй байгаа. Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгогчид төлөөлөлтэй байх ёстой. Харамсалтай нь эрх баригчдад  нэр дэвших хүн олдоогүй эсвэл намынх нь рейтинг муу байгаа гэж үсэн юм уу  өөрсдийн боломж, эрх мэдлээ ашиглаад 42-р тойргийн сонгогчдын эрх ашгийг хойш нь тавьж, нөхөн сонгуулийг хойшлуулсан нь байж боломгүй асуудал.

     

    -Ээлжит бус чуулган хуралдах ёстой байсан уу. Ээлжит бус чуулган зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болох уу?

     

    -Ерөнхийлөгч сая хэлэхдээ ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн нөхцөл байсан ч  хуралдуулаагүй, хурал зохион байгуулаагүй шалтгаан тайлбарлаж байсан. Одоо энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хэлэлцэнэ.

     

    -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтыг намрын чуулганаар хэлэлцэж амжих болов уу. Ерөнхийлөгч бас засаглалаа өөрчлөх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ?

     

    -Үндсэн хуулийг өөрчлөхдөө аль нэг нам хэт олонх байх үедээ давуу байдал бий болгох  замаар нэмэлт өөрчлөлт оруулахыг Ардчилсан нам бол зөвшөөрөхгүй. Бид аль нэг намаас байгуулсан ажлын хэсэг боловсруулсан төслийг явуулах биш бүх ард түмнээр хэлэлцүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх дүрмийн дагуу өөрчлөлт оруулах ёстой гэж харж байгаа. Бүх нийтийн санал асуулгаар  шийдээгүй тохиолдолд Үндсэн хуульд гар хүрэх нь буруу. Тогтолцооны хувьд ямар засаглал ярьж байгаа нь тодорхой бус байна. Ерөнхийдөө тогтолцоогоо өөрчлөх ёстой, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн зүйл ярьсан гэж ойлгож байна.

     

    -Одоогийн парламентын засаглалыг өөрчлөх, Ерөнхийлөгчийн засаглалыг өөрчлөх зэрэг асуудлууд яригдаж байх шиг байна. Ерөнхийлөгчийн та дэмжих үү?

     

    -Би хувьдаа Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй. Манайх шиг улсад парламентын засаглал нь илүү тохиромжтой.

     

    ЭХ СУРВАЛЖ: medee.mn