Нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
    2018 оны 10 сарын 03 нд
    ef9a1267e9c1298ff9c9d6a5c7958e84.jpg

    Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу зарим аймгийн намын дарга болон ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахаар болсон. Учир нь Төв аймгийн намын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Говь-Алтай аймгийнх төрийн албанд шилжин ажиллахаар болсонтой холбогдуулан дээрх нөхөн сонгуулийг зарласан байна. Дотоод сонгуулийн хорооны 2018 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 62, 64 тоот тогтоолын дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардлаа. Төв аймгийн намын даргад Н.Энхболд, М.Төмөрчөдөр, Говь-Алтай аймагт О.Амгаланбаатар тус тус нэр дэвшин өрсөлдөх юм. Мөн  энэ үеэр Говь-Алтай аймгийн ҮБХ-ны гишүүний чөлөөт суудалд нэр дэвшигч Г.Баярсайхан үнэмлэхээ гардав. Нөхөн сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт энэ сарын 21-ний өдрийн 09:00 цагт эхэлж 20:00 цагт дуусгавар болно гэдгийг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ.

     

    С.Эрдэнэ: Бүх гишүүдээс сонгогдох зарчмаа цаашид ч баримтална

     

    /УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга/

     

    -Ардчилсан намын удирдлагыг бүх гишүүдийн оролцоотой сонгохоор  Үндсэн дүрэмд тусгасан. Энэ дагуу “Ардчилсан залуучуудын холбоо” сунгаагаа амжилттай зохион байгуулсан. Улмаар “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль эхлээд байна. Үүний зэрэгцээ Говь-Алтай, Төв аймаг болон ҮБХ-ны чөлөөт суудлын нөхөн сонгууль явагдаж байна. Ер нь нөхөн болон ээлжит сонгуулийн аль нь ч бай бүх гишүүдээс сонгох зарчмаа хатуу баримталж байгаа. Цаашдаа ч энэ зарчмаа баримтална. Хэн ч байсан намын гишүүдийнхээ сонголтоор гардаг зарчим Ардчилсан намд  мөрдөгдөж хэвшсэн.

     

    О.Амгаланбаатар: Журмын нөхөд маань надад итгэл хүлээлгэлээ 

     

    /Говь-Алтай аймгийн Ардчилсан намын хорооны даргад нэр дэвшигч/

     

    -Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Нанзадорж ҮХЦ-ийн гишүүн болсонтой холбогдуулан нөхөн сонгууль зарлагдсан. Намын даргаар сонгогдоно гэдэг бол маш хариуцлагатай үүрэг. Үндсэндээ 2020 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж ажиллах, цаашлаад УИХ-д төлөөлөлтэй болох үүрэг, хариуцлагыг хүлээж байна. Говь-Алтай аймгийн хувьд хөгжлөөрөө хоцрогдсон, дэд бүтэц, зам харилцаа харьцангуй тааруу, нийслэлээс алслагдмал, өргөн уудам газар нутагтай зэрэг хэд хэдэн онцлог бий. Миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргаар 2014-2016 онд ажилласан. Энэ хугацаанд Алтайчуудынхаа төлөө багагүй зүйл хийсэн. Цаашид ч Алтайчуудынхаа төлөө хийх ажил их байна. Энэ сонгуульд өрсөлдөгчгүй байгаа. Өрсөлдөгчгүй байгаа нь намынхны маань надад хүлээлгэсэн  итгэл гэж ойлгож байна.

     

    Н.Энхболд: Төв аймгийн хөгжлийн бодлого алдагдсан

     

    /Төв аймгийн Ардчилсан намын хорооны даргад нэр дэвшигч/

     

    -Би Төв аймгийн Жаргалант сумын харъяат. Өмнөх дарга маань эрүүл мэндийн улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тиймээс энэхүү нөхөн сонгуулийг зарлаад байна. Манай аймаг төвийн бүс боловч хөгжлөөрөө харьцангуй хоцрогдмол. Төв аймагт Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, урам зоригийг нь сэргээх, анхан шатны нэгжтэйгээ сайн ажиллах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн хөгжлийн бодлого үндсэндээ алдагдчихаад байна.

     

    М.Төмөрчөдөр: Залуусын оролцоог нэмэгдүүлнэ

     

    /Төв аймгийн Ардчилсан намын хорооны даргад нэр дэвшигч/

     

    -Төв аймгийн Ардчилсан намын гишүүд ялагдлын зовлонг биеэр амссан. Тиймээс журмын нөхдийнхөө итгэл, үнэмшлийг сэргээх, шинэчлэлийн үйл хэргийг идэвхижүүлэх сэтгэл өвөртлөн нөхөн сонгуульд өрсөлдөж байна. Залуусыг дэмжиж ажиллана, гишүүдийн оролцоог хангахад онцгой анхаарал хандуулж ажиллана. Залуусын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, залгамж чанарыг бэхжүүлэх зэрэг хүнийн нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. 2017 онд Төв аймгийн Ардчилсан нам бүтэц, зохион байгуулалтаа шинэчилж, миний бие 28 дугаар тойрог хариуцсан Дэд даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд “Монголоо сонсъё” аянаа амжилттай зохион байгуулж, бүх сумдаар тойрч ажилласан. Намын гишүүдийн эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж байна.