Д.Эрдэнэбат: Иргэд, ТББ-уудтай нийлж Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө
    2018 оны 10 сарын 10 нд
    d5e30db158653283b5107cfe2dfb88e6.jpg

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

     

    -УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ТӨСВИЙН II ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДЭЭР 
    ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛНА-

     

    -УИХ дахь АН-ын бүлэг 2019 оны төсвийн төслөөр завсарлага авсан. Завсарлага авах бодит шалтгаан юу байв?

     

    -2019 оны төсвийн тухай төсөл дээр зайлшгүй ярилцлага ёстой сэдвүүд олон байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлт бий болсон, тийм учраас ДНБ өсч байна. Ингэснээр ДНБ-д зардал, орлогын эзлэх хувь хэмжээний хязгаар дотор бид төсвийн орлого, зарлагаа нэмлээ” гэж тайлбарлаж байна. Ийм шалтгаанаар Монгол Улс урд хожид байгаагүй хамгийн өндөр зарлагатай төсөв оруулж ирлээ. Хамгийн асуудалтай нь, төсвийн өссөн зардлууд яг юунд зарцуулагдаж байна вэ гэдэг тодорхойгүй байна. Зардлын өсөлтөөр орж ирж буй хөрөнгө оруулалт, бусад зүйлүүд нь төсвийн тухай хууль тогтоомжид нийцэж байна уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Үүн дээр АН-ын бүлэг байр сууриа илэрхийлж, завсарлага авсан. Төсвийг базаад харвал зүгээр л  УИХ-ын гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт цацсан. Хэт сонгуулийн шинж чанартай болчихоод байна. Төсвийн орлогоо бодитоор төсөөлж чадаагүйгээс үүдэн үнэ ханшийн өсөлт, инфляцийн огцом тэлэлт, ханшийн уналт үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Ард иргэдийн өдөр тутмын амьдралд шууд байдлаар сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

     

    -Ирэх оны төсөв дээр анхаарч үзэх, эргэж ярилцах ёстой гол асуудлуудыг та бүхэн хэрхэн товьёолж байна?

     

    -Хэд хэдэн чухал асуудлууд байна. Нэгдүгээрт, нийгмийн болон дэд бүтцийн чанартай  ажлуудад төсвөөс 2 их наяд гаруй төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ бол урьд хожид байгаагүй өндөр дүн юм. Хоёрдугаарт, гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжих хөтөлбөрүүдийн нийт үнийн дүн 4 их наяд хүрч байна. Дээрх хоёр дүн нийлээд, 6 их наяд болж байна. Энэ огцом өсөлт зөв шийдэл үү. Төсвийн хөрөнгө оруулалт дээр үйлдвэрлэлийг дэмжсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн, томоохон бүтээн байгуулалт руу чиглүүлсэн санхүүжилт огт суулгаж өгөөгүй. Энэ мэт маш олон асуулт нээлттэй үлдэж, хариуцах эзэн нь харагдахгүй байна.

     

    -ДНБ-ийн өсөлтийг дагаад, зардлыг автоматаар өсгөн тооцсон нь хэр зохистой аргачлал вэ?

     

    -Энэ бол туйлын буруу. Зардал өснө гэдэг нь нэг талаасаа үнийн хөөрөгдөл буй болгож, хэрэглээг өсгөж буй явдал. Өөрөөр хэлбэл, импортын хэрэгцээг өдөөж байна гэсэн үг. Манайх чинь хэрэглээний улс орон. Ийм байхад төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй биз дээ. Эдийн засаг өсчихөөд байхад инфляци дагаад саваад байна. Энэ нь бид импортын хяналтаа алдаж буйг л харуулж байгаа юм.

     

    -Ирэх онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөөлсөн. Энэ хэрэгжих боломжтой төсөөлөл мөн үү?

     

    -Орлогоо 9 их наяд төгрөгөөр төсөөлсөн. Ирэх онд 42 сая тон нүүрсийг нэг тонн тутмыг нь 75 ам.доллараар борлуулна гэж тооцсон байгаа юм. Жилдээ 42 сая тонн нүүрс гаргаж амжих уу. Валютын ханш өнөөдөр 2570 төгрөгт хүрчихээд байхад 2530 төгрөгөөр ирэх жил төсөөлж өгөх нь зөв үү. Зэсийн үнийг нэг тонн тутмыг нь 6222 ам.доллараар төсөөлсөн. Энэ нь өнөөдөр байгаагаас илүүгээр төсөөлсөн дүн. Зэсийн үнэ өснө гэдгийг Засгийн газар яаж мэдээд байгаа юм бэ гэхчилэн асуудал гарч ирнэ. Уул уурхайн салбараас 3 их наяд төгрөг төвлөрүүлж чадахгүй бол цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрнэ биз дээ. Тэгэхээр олж болох орлогын хэмжээгээ Засгийн газар бодитойгоор нотлох хэрэгтэй. Бид ийм л шаардлага тавьж байна. Үүнийгээ нотолж чадахгүй бол бид дахиад байр сууриа илэрхийлээд явна.

     

    -Завсарлагын хугацаанд танай бүлэг төсвийн төслөөр дүгнэлт гаргаж, танилцуулна гэсэн үг үү?  

     

    -Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төсвийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхнийг бид бүлгийн хуралдаандаа оруулж, мэдээллийг нь сонссон. Бид зөвхөн мэдээлэл авсан. Зарим асуултууд дээр тайлбар хэлүүлсэн юм. Одоо АН-ын бүлэг төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр дүгнэлтээ гаргах ёстой. Дүгнэлтийг Засгийн газар, төсвийн асуудлаарх ажлын хэсэг хүлээж авах эсэхийг харна.

     

    -ОРОН НУТАГТ “ЭЗЭНГҮЙ МӨНГӨ” ТӨСӨВЛӨЖ ОГТ БОЛОХГҮЙ-

     

    -Ирэх онд төсвийн зарлагыг 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төсвийг задлаад харахаар ард иргэдэд шууд байдлаар өгөөжөө өгөх зарлага хэр их байна вэ?

     

    -Яг үнэндээ ард түмэнд эерэг нөлөөлөл үзүүлчих зардал байхгүй. Цалингийн санг нэмэгдүүлж өгснийг бол дэмжиж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн 144 тэрбум төгрөг болгон огцом нэмсэн. Орон нутагт эрх мэдэл олгох, шаардлагатай санхүүжилтүүдийг өгч явах нь зарчмын хувьд зөв. Гэхдээ орон нутагт эзэнгүй мөнгө төсөвлөж огт болохгүй. Зарцуулалт нь яг тодорхой заагдсан байх ёстой. 144 тэрбум  гэдэг чинь бага мөнгө биш. Орон нутгуудын дийлэнх олонхид МАН ялалт байгуулсан. Тиймээс ч их мөнгө хуваарилах замаар сонгуулийн өмнө орон нутгийг санхүүжүүлж байгаа хэлбэр болоод хувирчихаж байгаа юм биш үү. 2020 оны сонгуульд сонгогчдын саналыг татахын төлөө лобби хийсэн, мөнгөний сүлжээний тараалт руу орчих юм биш биз дээ гэсэн болгоомжлол бидэнд байнаа.

     

    Орон нутагт 144 тэрбум төгрөг төсөвлөчихсөн байна?

     

    -Тийм ээ. Тэгэхээр төсөвт зардал танах боломж байгаа гэсэн үг. Ийм байхад хүүхдийн мөнгөө 100 хувь өгчих хэрэгтэй. Эдийн засаг өсчихөөд байхад нийт хүүдийн 20 хувийг ялгаварлаад байх хэрэггүй. Үлдсэн 20 хувьд нь хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 гаруй тэрбум төгрөг л шаардагдана. Ийм мөнгийг оруулахгүй мөртлөө дахиад хүүхдийн мөнгөөр хуулийн төсөл санаачилж, улс төр хийгээд эхэлж байгаа юм. Ингэж болохгүй. Бид энэ мэт асуудлуудыг ярилцана. Олон зүйл дээр бид асуудал хөндөж ярина. Засч залруулахын төлөө явна. Мэдээж эрх баригч намын 64 гишүүн өөрсдийнхөөрөө шийдчих боломжтой. Гэхдээ ард нь гарах хор уршиг өндөр байх болно. Үүнийг ч бид сануулж, ойлголцохын төлөө ажиллана.

     

    -Төсвийн ажлын хэсэгт багтсан танай гишүүд зарчмын хувьд тодорхой зөвлөмжүүд өгч байгаа юу?

     

    -Төсвийн ажлын хэсэгт манай бүлгээс гишүүд орсон. Бид гишүүддээ тодорхой сэдвүүдээр зөвлөмж өгч байгаа. Нэгдүгээрт, төсөв нь Үндсэн чиглэл, хөгжлийн бодлогод нийцэж байгаа эсэхийг нягталж үзэх. Төсвийн хуулийн зөрчлийг арилгах шаардлага тавих. Тухайлбал, Сангийн сайд гадны хөрөнгө оруулалтаар орж ирж буй төсөл хөтөлбөрүүдийг захиран зарцуулах эрхийг ганцаараа авсан байна. Сангийн сайдын багц дахь 4.7 их наяд төгрөгийн зарцуулалт хууль зөрчиж байна. Үүнийг засах шаардлагатай. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох. Гуравдугаарт, УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс төсвийн зардлыг 10 хувь бууруулах боломжтой гэж мэдэгдсэн. Энэ боломжоо ашиглахыг шаардах. Дөрөвдүгээрт, Орон нутгийн шилжүүлэг яг төсөв, тооцоотой тодорхой зүйлд зарцуулагдах шаардлагыг тавина.

     

    -Тавдугаарт?

     

    -Хөрөнгө оруулалт хэт өндөр байгаа асуудал дээр анхаарлаа хандуулах явдал. Зарим ажлуудын төр, хэвийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалыг ашиглах хэрэгтэй. Ингэж байж төсвийн ачаа багасаж, импортын савлагаа харьцангуй намдана. Зургадугаарт, зарим хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтад өөрчлөлт оруулах явдал. БНХАУ-аас 1.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирж байна. Бодлогын хувьд энэ зээлээр үйлдвэржилтээ дэмжих, санхүүжилтийг бодитой тооцох шаардлага байгаа юм. Долдугаарт, Тойрогт хуваарилж байгаа хөрөнгө оруулалтууд нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэж чадаж байна уу гэдгийг анхаарах шаардлага байгаа юм. Сургууль, цэцэрлэг барих асуудлыг бол бид ойлгоно. Гэхдээ хэсэгчлэн санхүүжүүлэх нь эрсдэл. Нэг жил жаахан мөнгө дусаагаад орхичихдог. Ингэж яваад таван жилийн дараа харахаар баахан балгасууд үүсчихсэн. Барилгын үнэ нь ч нэмэгдчихсэн байдаг. Ийм байдлаар л бид зөвлөмж өгч байна.

     

    -Эдгээр зөвлөмжүүд хэрэгжих боломжтой юу?

     

    -Сөрөг хүчний хувьд зөвлөмж зайлшгүй өгөх ёстой. Ингэж байж цаашаа бодлоготой, хяналттай явах боломж бүрдэнэ. Засгийн газар бидний зөвлөмжийг ажил хэрэгчээр хүлээн авах эсэхээс их зүйл шалтгаална. Төсөв замбараагүй зарцуулалттай явах тусам эдийн засаг өслөө ч ард түмний амьжиргаа сайжрахгүй. Улам л өрийн дарамтад орно.

     

    -Та Аж үйлдвэрийн сайд байсан хүн. Ирэх онд  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд санхүүжилт тавилгүйгээр эргэн төлөлтөөр нь явуулахаар төсөвт тэг дүнтэй оруулж ирсэн. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

     

    -Ирэх онд ЖДҮДС дээр нэг ч төгрөг төсөвлөөгүй. Сангийн сайд “ЖДҮДС дээр нийт 335 тэрбум төгрөг эргэж байна. Тиймээс буцаан төлөлтийн мөнгийг зээл олгоход зарцуулна” гэсэн тайлбар хийсэн. Миний тооцоолж байгаагаар, 335 тэрбум төгрөгийн 80-90 хувь нь зээл авсан ААН-үүд дээр эргэлтэд орж байгаа. Жил бүр эргэн төлөгддөг мөнгөний хэмжээ 30-40 орчим төгрөг. Тэгэхээр ирэх онд ойролцоогоор 30-40 тэрбум төгрөгийг л жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулна гэсэн ерөнхий тооцоо гарч байгаа юм. Энэ бол маш хангалтгүй дүн. Бодлогын хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд хаанаа ч хүрэхгүй мөнгө. Би сайд байхдаа жижиг дунд үйлдвэрийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, зарим сангуудыг нэгтгэх саналууд оруулж байсан. Ер нь энэ санг цүнхтэй улсууд хөгжүүлэхгүй. Наанадаж л ЖДҮ-ийн томьёолол нь ямар байх вэ гэдгийг бид тодорхой болгох ёстой. Сангийн үйл ажиллагааг зайлшгүй эргэн харж, бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай. Би ингэж л хардаг.

     

    -ХАНШ ӨССӨН БУРУУГ ДЭЛХИЙ РҮҮ ЧИХЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

     

    -УИХ дахь АН-ын бүлгээс ам.долларын өсөлт, шатахууны үнийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан?

     

    -Шатахууны үнийн хөөрөгдөл нь валютын ханштай салшгүй холбоотой. Тийм учраас валютын ханшийн савлагааны асуудлаар Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үндсэн учир шалтгааныг нь  олж, Засгийн газар бодлогын арга хэмжээ авах боломж байгаа эсэхийг асуусан юм. Сангийн сайд “Инфляци, ханшийн асуудлыг Төв банк хариуцна” гэж хэлдэг. Гэтэл Монголбанк, Засгийн газар чинь бодлогын уялдаатай ажиллах ёстой биз дээ. Эдийн засаг өсч байгаа үед стратегийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах нь төрийн үүрэг. АН-ыг яг ингэж олон жил МАН-ынхан муулсан, энэ сэдвээр хооллосон. Бид үүнээс ч хүнд үед шатахууны үнийг дөрвөн жил барьж, ажлын байрыг хадгалахын төлөө ажилласан. Болгоод л байсан. Гэтэл өсөлттэй үед Засгийн газар, Төв банк хяналтаа тогтоож чадахгүй байна.

     

    -Ханшийн өсөлтөд нөлөөлж буй шалтгаан гэвэл?

     

    -Үндсэн хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, импортын 40 хувийн өсөлт. Энэ нь валютын хэрэглээ 40 хувиар нэмэгдсэн гэдгийг харуулж байгаа юм. Импортын савлагааг Засгийн газар бодлогоор зохицуулах учиртай. Хоёрдугаарт, экспортын бүтээгдэхүүний төлбөрийн тэнцэл -800 гаруй тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, бид бараагаа борлуулчихсан, гэтэл зарсан бүтээгдэхүүний мөнгөний тодорхой хэсэг Монголд орж ирэхгүй байна гэсэн үг. Гуравдугаарт, Монголбанкнаас дөрвөн их наяд орчим төгрөг зах зээл рүү гарчихсан байна. Засгийн газар арилжааны банкууд руу чиглүүлж бонд гаргахаа больчихсон. Тиймээс Монголбанк уг бондыг худалдаж авсан. Монголбанкны худалдаж авсан бондын хэмжээ дөрвөн  их наяд төгрөг болсон байна. Энэ бол Монголбанкнаас бэлэн мөнгө гарч байгаа нэг хэлбэр юм. Хэрэглээг өдөөсөн үндсэн шалтгаануудын нэг гэж бид харж байна. Дөрөвдүгээрт, тансаг хэрэглээ улам нэмэгдсэн. Энэ нь далд эдийн засаг үүсгэхэд нөлөөлж байна гэж хардах үндэслэлтэй. Саяхан төрийн түшмэдээс 1.3 сая ам.доллар гарсан. Энэ бага мөнгө биш, авлига ам.доллараар явагдаж байгааг харууллаа. Далд эдийн засаг руу Төв банкнаас гарч байгаа ам.долларын урсгалын тодорхой хэсэг чиглээд байвал ханш тогтох үндэслэл бүрдэхгүй. Зургадугаарт, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого зогсонги байдалд орж, хамаг мөнгө хэрэглээ рүү орчихоод байна. Ийм л үндсэн шалтгаанууд ханшийн өсөлтийг бий болгож байна.

     

    -Дэлхийн ханшийн савлагаа Монголд нөлөөлж байна уу?

     

    -Огт үгүй. Ер нь ханшийн өссөн бурууг дэлхий рүү чихэхээ болих хэрэгтэй. Жирийн иргэн хадгаламждаа валют авч хийгээд байгаа учраас ханш өсөөд байна гэж байгаа юм.  Бас АН руу чихэж үзлээ. Эрхбаригчид буруугаа бусдад чихэхээ болих хэрэгтэй. Өнөөдөр төр барьж байгаа, бодлого хэрэгжүүлж байгаа Засгийн газар, Төв банк л ханшийн өсөлтөд буруу хүлээх ёстой юм.

     

    -Цаашид ам.долларын ханш, шатахууны хөөрөгдөл энэ хэвээр үргэлжилвэл сөрөг хүчний зүгээс хэрхэх вэ. Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэсэн мэдэгдэл анхаарал татсан?

     

    -Засгийн газрыг огцруулах асуудлыг бид хөндөөд тавьчихсан. Одоо энэ асуудлуудыг шийдэж чадахгүй бол иргэдтэйгээ, ТББ-уудтай нийлж байгаад, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө. Ингэхээс өөр гарц бидэнд үлдэхгүй. Жирийн иргэний иддэг хоол, унадаг унаанд гардаг зардал нэмэгдсээр л байна. Мах, хүнсний ногооны үнэ 2016 оны онтой харьцуулахад 3/1 хувиар өсчихөөд байна. Бид үүнийг анзаарч дуугарах ёстой.Засгийн газар энэ бүхний бурууг яагаад гадаад хүчин зүйлээс хайгаад байгаа юм. Байж болохгүй асуудал.

     

    СЭТГҮҮЛЧ: Ж.МЯДАГБАДАМ

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

    ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN