Ц.Гантулга: Бүх сумдаа тэгш хөгжүүлэх бодлого барьж ажилласан
    2018 оны 10 сарын 10 нд
    6aac6dd80d20eb57bdf93cac12b328eb.jpg

    Энэ сарын 7-ны ням гарагт зарим аймаг, сумдын нөхөн сонгууль явагдлаа. Нөхөн сонгуулийн эргэн тойронд Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ц.Гантулгатай цөөн хором ярилцсан юм.

     

    -Дорноговь аймгийн зарим сумдад нөхөн сонгууль явагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

     

    -Дорноговь аймагт ИТХ-ын нийт дөрвөн суудал дээр нөхөн сонгууль явагдлаа. Тодруулбал, Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог, Сайншанд сумын ИТХ-ын 3 дугаар тойрогт нөхөн сонгууль болсон. Үүнээс гадна Замын-Үүд сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 1 дүгээр тойрог, Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт тус тус нөхөн сонгууль болсноос Замын-Үүд суманд ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураахаар болсон. Хэдийгээр бид 2016 оны орон нутгийн сонгуульд ялагдсан боловч энэ удаагийн нөхөн сонгуульд идэвхийлэн оролцлоо. Бид хоёр удаагийн судалгаа хийж үзэхэд МАН-д итгэх итгэл Сайншандад 9 хувиар, Замын-Үүдэд 11 хувиар буурсан үзүүлэлт гарсан. МАН засаглах хугацаандаа иргэдийн итгэлийг эвддэг, амлалтаасаа цаг үргэлж ухардаг энэ байдал нь үүнд нөлөөлсөн гэж харж байна. Ардчилсан намын рейтинг ойролцоогоор 3-4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Ардчилсан нам засаглах үедээ ард түмний төлөө ажиллаж чаддаг байсныг судалгааны дүн харуулж байна.

     

    -Ардчилсан нам Дорноговь аймагт засаглах хугацаандаа ямар бүтээн байгуулалтын ажил хийсэн бэ. Иргэд эрх баригчдыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллахгүй байгаа талаар шүүмжилж байна?

     

    -Ардчилсан нам 2008-2016 онд Дорноговь аймагт засагласан байдаг. Засаглах хугацаандаа Дорноговь аймгийн 14 сум, 60 гаруй багт хүрч ажилласан. Өнөөдөр МАН зөвхөн Сайншанд, Замын-Үүд сумдад л анхаарал хандуулж байна. Гэтэл Дорноговь чинь 14 сумтай аймаг шүү дээ. Тиймээс ч Ардчилсан нам  бүх сумдыг тэгш хөгжүүлэх бодлого барьж ажилласан юм. Энэ хугацаанд хийсэн бүх ажлыг тоочвол цаг, цаас хоёр их шаардах байх. Тухайлбал, 15 цэцэрлэг, есөн дотуур байр, 320-720 хүүхдийн суудалтай дөрвөн сургууль шинээр барьсан. Мөн Замын-Үүд суманд нэг эмнэлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар-Замын-Үүд сумтай Ардчилсан намын үед хатуу хучилттай авто замаар холбогдсон. Хамрын хийд чиглэлийн 45 км авто замыг барьсан. Сум бүрт “Ахмадын өргөө”, соёлын төв барьж, гурван спорт заал ашиглалтад оруулсан. Эрдэнэ, Өргөн сумдад Тамгын газар шинээр барьсан. Замын-Үүд суманд 1000, Сайншандад 1200, бусад сумдад 200 айлын орон сууц баригдаж, ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам хүний хөгжлийн төлөө ажилласан. Бид хийсэн ажлаа ном болгон эмхэтгэн иргэддээ хүргэхээр төлөвлөж байна. Гэтэл МАН өнөөдөр таван тэрбум төгрөгөөр зургаан км зам хучиж байна шүү дээ.

     

    -Шинэчлэлийн бодлогын талаар та юу хэлэх вэ?

     

    -Намын анхан шатны байгууллага дээр гишүүдийн бүртгэл, хамтын ажиллагаа, олон нийтийн ажиллагаанд идэвхтэй оролцуулах зэрэг ажил учир дутагдалтай байгаа. Харин намын дунд шатны байгууллага бол шат дараалсан олон ажил төлөвлөсний дагуу хийж, хэрэгжүүлээд явж байна. Намын шинэчлэлийн бодлого цагийн уртад улам боловсронгуй болох байх. Шинэчлэлийн бодлогын үр дүн урт хугацаандаа харагдах болов уу.