Л.Болд: С.Зориг агсны хэргийг нягтлах УИХ-ын түр хороо байгуулна
    2018 оны 10 сарын 15 нд
    0d074e8e05808923feb62715c57cba18.jpg

    Олон улсын парламентын холбооны хурлаар С.Зориг агсны хэргийг хэлэлцээд дахин нягталж, шалгахыг хүссэн албан бичгийг манай улс руу явуулсан байдаг. Хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч хэн нэгнийг хэлмэгдүүлж, хүний эрхийг зөрчсөн байх цаашлаад хэрэгтнийг шүүн таслах процес нь хууль зөрчсөн байх магадлалтай зэрэг асуудал хөндөгдөж буй.  Энэ мэт С.Зориг агсны хэргийн буруутнуудыг илрүүлж, ялласан үйл ажиллагаа нь араасаа олон эргэлзээг дагуулж буй учир олон улсын парламентын холбооноос бодит мэдээллийг өгөхийг хүссэн гэдэг. Энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж үнэн бодит мэдээллийг бэлтгэхээр ажиллаж эхэлсэн. Уг ажлын хэсэг энэ дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болдоос тодрууллаа.

    УИХ-ын зарим гишүүн “Олон улсын парламентын шаардлагыг бид биелүүлэх шаардлагагүй. Манай улсад болж буй үйл явдал тэдэнд хамаагүй” гэж үзэж байгаа бол зарим нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн гэх хэрэгтнүүдийг ялласан асуудал нь эргэлзээтэй байгаа учир энэ талаарх мэдээллийг ил болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мөн манай улс нь парламентын засаглалтай, ардчилсан орон учраас энэ дагуу олон улсын парламентын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой гэсэн байр, суурийг илэрхийлэх гишүүд байгаа юм.

    -С.Зориг агсны хэргийг дахин нягтлах ажил хэр явагдаж байна вэ?

    -Олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан. Бид уг асуудлаар холбогдох хүмүүстэй нь уулзаад гурван саналыг гаргаж УИХ-д хүргүүлээд байна. Гаргасан саналын дагуу дараагийн алхмууд хийгдэж байна.

    -Гаргасан саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

    -С.Зориг агсны хэргийн материалыг нууцаас гаргасан гэх боловч зарим хэсгийг нь нууж байгаа. Нууцалж буй зарим материалыг үзэж болохгүй байна. Тэр нууц материалыг үзэх эрх нь Тусгай хяналтын хороонд бий. Энэ дагуу Тусгай хяналтын хороонд чиглэл өгч ажиллаж байгаа. Бид санал дүгнэлтээ тус хороо руу явуулж хууль зөрчигдсөн зүйл байгаа эсэхийг нягталж үзээд хариу ирүүлэхийг хүссэн. Тусгай хяналтын дэд хорооноос уг асуудлаар ажлын хэсэг байгуулсан.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан гишүүн бид нар ажлын хэсэгт орсон. Бид Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж ерөнхий прокурорын мэдээллийг сонсох ёстой гэж үзэж байгаа. Олон улсын парламентын холбооноос гаргасан саналд орсон асуудлыг асуух боломж ингэж бүрдэх юм. Энэ хооронд ял эдэлж буй хүмүүсийн захиа ил болсон. Тэгэхээр одоо хяналт тавьсан ерөнхий прокурор хариулт өгөх ёстой. УИХ түр хороо байгуулаад аливаа асуудлаар санал, дүгнэлт гаргах ёстой. Энэ дагуу өнгөрсөн лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түр хороо байгуулсан. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар түр хороо байгуулахаар болсон. Түр хороог байгуулах Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг пүрэв, баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэсэн боловч хойшлуулсан. Ирэх долоо хоногт УИХ-аас онцгой бүрэн эрхтэй түр хороог байгуулна. Тусгай хяналтын дэд хороо нууцын холбогдолтой асуудалд дүгнэлтээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий прокурорын мэдээллийг сонсох юм.

    -Ерөнхий прокурорын мэдээллийг сонссоны дараа ямар ажил хийх вэ?

    -Уг хэрэгт буруутгагдан шалгагдаж буй хүмүүс нь “Бид энэ хэргийг үйлдээгүй. Хууль бусаар хэрэг хүлээлгэлээ” гэсэн. Харин Б.Булган буруутгагдсан хүмүүсийг хараагүй” гэж хэлж байгаа. Хэрэг хүлээлгэхдээ хууль зөрчсөн үү гэдэг асуудлаар олон эргэлзээ байгаа. Хэрвээ хүний эрх, хууль зөрчөөгүй нь тогтоогдвол С.Зориг агсны хэргийг дахин нягтлах ажил дуусна. Хэрвээ эсрэгээрээ байвал хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна. Нээлэн л ноцтой зүйл болох болов уу. Хуулийн дагуу УИХ-аас албан ёсны бүтэц орсноор тодорхойгүй зүйлүүд тодорхой болно. А.Содномдаржаагийн хэлж буйгаар ноцтой зүйлүүд их бий.

    Т.ХУЛАН

    Эх сурвалж: medee.mn