Эмэгтэйчүүдийн урам зоригийг сэргээж буйд талархлаа илэрхийллээ
    2018 оны 10 сарын 18 нд
    45f1ddef5c9d39d61f660606e62c8e31.jpg

    “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшигчид нийслэлийн Багахангай, Сүхбаатар дүүрэг болон Төв аймагт ажиллалаа. 4000 гаруй хүн амтай, 1000 орчим өрхтэй Багахангай дүүрэгт ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байгааг уулзалтын үеэр хэлж байв. Нийслэлээс алслагдмал учир үйлдвэрлэлийг хөгжүүлэх зарчмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, жишиг дүүрэг болгон хөгжүүлэх боломж байгааг нэр дэвшигчид уулзалтын үеэр хэлж байлаа. Түүнчлэн ажилгүйдэл, ядуурлаас гарах хамгийн зөв шийдэл бол өрхийн аж ахуйг хөгжүүлж, өрх бүрийг орлоготой болгох явдал гэдгийг ч онцолж байсан юм.

     

    Харин Төв аймгийн бүсгүйчүүд орон нутгийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах, бүх түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх талаар санал бодлоо илэрхийлжээ. Төв аймгийн АЭХ-ны ирц 85 хувьтай, гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцсон бөгөөд энэ удаагийн арга хэмжээг намын анхан, дунд шатны байгууллагын гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудалд өөрсдийн дуу хоолойг хүргэх боломжийг олгож буйд баяртай байгаагаа илэрхийлсэн аж.

     

    Хэнтий аймгаас эхэлсэн “Сэтгэлийн хүч” аян Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Баян-Өлгий, Ховд, Увс аймаг болон нийслэлийн Багануур, Налайх, Багахангай, Сүхбаатар дүүрэгт амжилттай үргэлжилж, нийт 3000 орчим эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгээд байна.