Б.Пунсалмаа: Эмэгтэйчүүд нэгдэж, бие биенээ хүлээн зөвшөөрдөг байх нь чухал
    2018 оны 10 сарын 18 нд
    9507765c90d2027c5744901dfcc57744.jpg

    Нийслэлийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшигч Б.Пунсалмаатай ярилцлаа.

     

    -Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшин өрсөлдөж байна. Өөрийг тань нефтийн салбарын хүн гэдгээр нь мэдэх юм?

     

    -Би 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд жил орчим “Капитрон” банкны маркетингийн албанд ажилласан юм. Улмаар нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Глобал лайн” компанид санхүүгийн шинжээчээр ажиллаж, санхүүгийн ерөнхий шинжилгээ хийж эхэлснээр нефтийн салбарт анх хөл тавьсан түүхтэй. Түүнээс хойш энэ салбартаа үнэнчээр өдийг хүртэл ажиллаж байна. Ер нь би нийгмийн идэвхтэй талдаа. Сайн үйлсийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудад гар бие оролцохыг хүсдэг. Тиймээс ч “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-нд 2009 онд гишүүнээр элссэнээс хойш есөн жил өнгөрсөн байна. Ардчилсан нам дүрмээ шинэчилж, бүх шатны албан тушаалтнуудаа гишүүдийнхээ саналаар сонгодог болсон. Энэ бол гишүүн төвтэй нам болох бодлогын маш том ажил гэж харж байна. Энэ удаагийн сонгууль дээрх зарчмын дагуу явагдаж байгаа учраас миний бие Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшин өрсөлдөж байна даа. Бизнес, улстөрийн ажлаас гадна би олон нийтийн ажилд оролцох сонирхолтой. Тэдгээрээс “IWFCI Mongolia” байгууллагынхаа ажлыг онцолмоор байна. Бизнес эрхлэхийн зэрэгцээ “IWFCI Mongolia”-гийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажилладаг.

     

    -IWFCI байгууллагынхаа тухай танилцуулаач. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн ТББ байдаг тухай уншиж байсан юм байна?

     

    - IWFCI нь хамгийн анхны олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо юм. Тус байгууллага нь дэлхийн аж үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг харгалзан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг хангах зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус, ТББ. IWFCI буюу ОУЭХАҮХ-ын төв нь 1990 онд Австралийн Мельбурн хотод байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар тус холбоо нь 13 оронд үндэсний болон олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс тус байгууллагын гишүүнээр өнгөрсөн оны гуравдугаар сард элссэнээс хойш бид сар бүр гишүүдийн болон бизнес түншлэлийн уулзалт, арга хэмжээг олон аж ахуй нэгж байгууллагуудтай хийсэн.

     

    -Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллах амаргүй байх. Байгууллагынхаа цаашдын төлөвлөгөөнөөс бидэнтэй хуваалцахгүй юу?

     

    -Бид өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн Сидней, Мельбурн хотуудад зохион байгуулагдсан “Australia-Asia trade mission” чуулга уулзалтад оролцож, Улаанбаатар хотноо олон улсын эмэгтэйчүүдийн бизнес, худалдааны чуулга уулзалт буюу “Global womens trade summit”-ийг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан. Чуулга уулзалт маань энэ оны есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн 14 орны 60 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирж, тулгамдаж буй олон асуудлыг хөндсөн маш үр өгөөжтэй чуулга уулзалт болсон. Мөн бизнес эрхлэгчид маань өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан.

     

    -Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн манлайллын талаар их ярих боллоо. Гэвч манай улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээрээ байгаа. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

     

    -Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг үг их хүчтэй дуулдах болжээ. Энэ бол маш сайн хэрэг. Гэхдээ манай улсын хувьд шийдвэр гаргах, манлайллын шатанд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээр байна. Харин дунд шатанд буюу аливаа гүйцэтгэх ажилд бүсгүйчүүд олон байгаа нь эмэгтэй хүмүүс ажлыг илүү чимхлүүр, нямбай хийдэгтэй холбоотой. Эмэгтэйчүүд илүү хүчирхэг байя гэвэл нэгдэж чаддаг, бие биеэ дэмжих хэрэгтэй гэж боддог. Бид бие, биеэ хүлээн зөвшөөрч хамтран ажиллах хэрэгтэй. Магадгүй эмэгтэй хүний өөрийнх нь зан чанар, нүүрний хувирал нь ил байдаг болохоор хамтарч тэр бүр эрчүүд шиг амжилтанд хүрдэггүй байж болох юм. Энэ ч утгаараа өнөөгийн Монголын нийгмийн олон лидер эмэгтэйчүүдээс бүрдсэн холбооныхоо гишүүдийн дуу хоолой болж, тэргүүн эгнээнд явахыг хүсч энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Мөрийн хөтөлбөртөө ч энэ асуудлыг түлхүү тусгаж, шийдлийг нь олохыг хичээсэн.

     

    -Банкны салбараас хувийн бизнес рүү “үсэрчихсэн” юм байна. Компанидаа ирээд хамгийн түрүүнд хийсэн ажил тань юу вэ?

     

    -Банкны салбарын тооцоо бүртгэл гэдэг эмх, цэгцтэй, тодорхой, өдрийн ажил нь оройдоо дүгнэгдэж, асуудлуудаа өдөрт нь шийддэгээрээ онцлогтой. Гэтэл аж ахуйн нэгжид өнөөдрийн хийсэн ажлаа үзье гэхээр сарын дараа гүйцэтгэл, тайлан гардаг байдал нь анх намайг их гайхшруулсан. Үүнийг засахаас л миний ажил эхэлсэн гэж хэлж болно. Байгууллагадаа ирээд миний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол ажлын тайлан, мэдээг өдөртөө үзэх горимд шилжүүлсэн. Эхэндээ мэдээж амар байгаагүй. Гэхдээ л бид тайлан тооцоогоо тодорхой, эмх цэгцтэй болгохгүй бол нэг л мэдэхэд байгууллагын зохист харьцаагаа алдах эрсдэл байгааг олж харсан гэх үү дээ. Тэр үед хамт олон маань ч миний санааг ойлгож, хамтдаа энэ өөрчлөлтийг хийж чадсан. Тайлан мэдээгээ өдөрт нь гаргадаг болсноор ажилчдын маань ажил ч ойлгомжтой, эмх цэгцтэй болсон шүү.

     

    -Танай компанийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Евро стандартын шатахуун импортолж байгаа гэж сонссон. Ажил санасан түвшинд явж чадаж байна уу?

     

    -Аль салбарт байхаас үл хамааран бизнес эрхлэгчдийн хувьд нийгмийн хариуцлага гэдэг зүйл нэгдүгээрт бичигддэг. Энэ зорилгынхоо хүрээнд бид агаарын бохирдлыг 30 хувь хүртэл бууруулж чаддаг Евро-5 стандартын шатахууныг оруулж ирэхээр зориглож, судалгаа хийж эхэлсэн. Манайхаас бусад орнууд Евро-5 шатахууныг түлхүү хэрэглэхийг эрмэлзэж байхад Монголын зах зээлд нөгөө л хүхрийн агууламж өндөртэй Евро-2 шатахуун зарагдаад байж болохгүй биз дээ. Мөн та бүхэн санаж байгаа бол жил бүрийн долдугаар сард манайд нефтийн импорттой холбоотой хямрал үүсдэг. Энэ бүхэн гуравдагч хөршөөс шатахуун импортлох хэрэгцээ байгааг бидэнд улам ойлгуулсан гэх үү дээ. Ингээд бид судалгаа хийсний үндсэн дээр БНСУ-ын “SK” компанитай хамтран ажиллаж, Хятадын газар нутгаар дамжуулан Евро-5 стандартын шатахууныг оруулж ирэхээр гэрээ хэлэлцээрээ амжилттай хийсэн. Бид үндсэндээ энэ ажлыг бүтэн жил хөөцөлдсөн. Тэгээд яг Евро-5 стандартын шатахуунаа оруулж ирэх болтол энэ нь Евро-2 стандартаас тонн тутамдаа 50 ам.доллараар илүү үнэтэй байсан. Мэдээж илүү үнэтэй байна гэдэг маань ашгийн хэмжээ бага болно гэсэн үг. Үнэтэй авсан гээд үнэтэй зарвал хэрэглэгчид худалдан авахгүй, нөгөө бидний зорьсон агаарын бохирдлыг бууруулахад оруулах хувь нэмэр маань талаар болно шүү дээ. Ингээд бид бүтэн жилийн турш алдагдалтай үнээр шатахуунаа борлуулсан ч одоо хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон.

     

    -Танай салбар ихээхэн онцлогтой. Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг шүү дээ. Гэтэл үнэ нь өссөөр байна?

     

    -Яах аргагүй онцлогтой салбарын нэг. Үүнийг би гурван зүйлээр тодорхойлъё. Нэгдүгээрт, манай салбарын суурь үнээс шалтгаалаад зах зээлийн өргөн хэрэглээний барааны үнэ хэлбэлзчих гээд байдаг. Хоёрдугаарт, шатахуун бол бүх хүмүүс өргөн хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа юм. Гуравдугаарт, манай улсад түүхий нефть боловсруулах үйлдвэр байхгүй учраас шатахуун түлшний бүх хэрэглээгээ импортоор шийдэж байгаа. Хэрэв манай улс дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болчихвол бид өөрсдөө нөөцөө бүрдүүлэх зэрэг томоохон асуудлуудаа шийдэж чадна. Нэгэнт хэрэгцээт шатахуунаа импортоор оруулж ирдэг болохоор хараат байдал заримдаа үүсэх гээд байдгийг үгүйсгэхгүй. Мөн суурь үнэтэй холбоотой гэдэг утгаараа Засгийн газрын оролцоо ихтэй. Жишээ нь, Засгийн газар үнээ барих, нийлүүлэгч компаниуд хэрэглэгчдээ шатахуунаар таслахгүй байх үүргийг давхар хүлээдэг.

     

    -Та хэтийн зорилго, мөрөөдлийнхөө талаар хуваалцахгүй юу?

     

    -Эрхэлж буй ажлынхаа хувьд мэдээж салбартаа тэргүүлэгч компани болохыг зорьж, хүснэ. Харин мөрөөдөл гэхээр улстай холбоотой зүйл яримаар байна. Болох уу?

     

    -Бололгүй яахав.

     

    -Монгол Улс маань дэлхийн сайн хөгжилтэй орнуудын эгнээнд багтаасай гэж иргэний хувьд мөрөөддөг. Үүний тулд нийт монголчууд маань импортлогч биш үйлдвэрлэгч болоосой. Бидэнд үйлдвэрлэлийн асар их нөөц байгаа. Дэлхийн өндөр хөгжсөн орнуудыг бодвол бид үүцээ дэлгээгүй нууцлаг улс хэвээр байна шүү дээ. Аялал жуулчлал, ноос ноолуур, эсгий, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлээс гадна Монгол хүний оюуны нөөц шавхагдашгүй бөгөөд үнэлж барамгүй. Би ч бас өндөр хөгжилтэй орны иргэн баймаар л байна шүү дээ. Монголчууд бид хөгжлийнхөө хамгийн гоё эрин үедээ явж байна гэж боддог. Бидэнд үүцээ дэлгээгүй олон нөөц боломж бий. Энэ боломжийг бүгд олж харж, биежүүлж, үйлдвэрлэгчид болцгоож, хойч үедээ илүү сайхан нийгмийг өвлүүлэн үлдээе гэж хэлмээр байна.