Ц.Одонтунгалаг: Бүсгүйчүүд бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг нь болсон
    2018 оны 10 сарын 19 нд
    bc5809525a68934e27c9e8e95b16391b.jpg

    Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Ц.Одонтунгалагтай ярилцлаа.

     

    -Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм байна. Улстөрд та шинэ хүн биш. НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаад нэлээн удаж байгаа. Яагаад энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болов?

     

    -Би 2007 оноос улстөрд орж, найм дахь жилдээ нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Хууль эрхзүйн хорооны гишүүн, Хүний эрх, ёс зүйн хорооны дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, 31 дүгээр тойргийн зөвлөлийн менежер, ҮБХ-ны Хууль зүйн бодлогын хорооны гишүүн, АЭХ-ны Дэд тэргүүн, Увс аймгийн АЭХ-ны тэргүүнээр тус тус ажилласан. Тиймээс миний хувьд улстөр шинэ зүйл биш. Би ч улстөрд шинэ хүн биш. Намын анхан шатны байгууллагад бүсгүйчүүдтэйгээ ажиллаж, амжилтад хүрсэн туршлага байна. Бүсгүйчүүд хамтдаа Ардчилсан намын шинэчлэлийг дэмжих “зөөлөн” хүч байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Тиймээс би энэ хүчийг зөв залуурдах манлайлагч байхыг хүсч, энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн санаачлагаар хүүхдэд төдийгүй нийгэмд ээлтэй хууль тогтоомжууд батлагдаж, нийгмийн хүчтэй өөрчлөлтүүд хийсэн. Тиймээс бид улстөрийн сонгуульд илүү олуулаа оролцож, илүү их амжилт ялалтад хүрэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагаа бүсгүйчүүдийнхээ амжилтын төлөө “ашиглахыг” хүсч намын дотоод сонгуульд өрсөлдөж байгаа юм.

     

    -Улстөр дахь эмэгтэйчүүдийн квот нэмэгдэж байгаа ч үр дүн хангалтгүй хэвээр байна. Үүнийг та хэрхэн дүгнэх вэ?

     

    -Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд намууд харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй. Учир нь том намууд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхдээ хооронд нь тулгах замаар нэг тойрогт өрсөлдүүлж байна. Эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөөд байвал үр дүн харьцангуй бага байсаар л байх болно. Дэлхий нийтээр хэрэглэж байгаа хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн зарчмаар сэлгэж байршуулвал нэг намаас гурав хүртэлх тооны эмэгтэй нэр дэвшигч парламентад орж ирэх боломжтой. Улстөрд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эрчүүд илүү ухаалаг хандаж, улстөрийн зориг гаргаж чадвал бүсгүйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо нэмэгдэнэ.

     

    -Аль ч шатны сонгуульд бүсгүйчүүдийн зүтгэл, сэтгэл том хүч байдаг. Гэвч ялалтын дараа ажил, албан тушаал дээр эрчүүд хүч түрдэг шүү дээ?

     

    -Улстөрийн хатуу ширүүн өрсөлдөөн дунд унаж, боссон ялалт, амжилт бүрийн ард даруухан үлддэг ардчиллын төлөө хувиршгүй сэтгэлгүй бүсгүйчүүдийг “хясаанд нуусан сувд”-тай зүйрлэж болно. Сонгуулийн халуун өдрүүдэд айл, айлын хаалга тогшиж, нохой шуугиулж, нэр дэвшигчдийн хүрч чадаагүй газарт хүрч, уулзаж чадаагүй хүмүүстэй уулзаж, сурталчилж, намын мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж, ачааны хүндийг үүрч явдаг бүсгүйчүүдийнхээ талаар онцлон ярих цаг болсон. Би бодит байдлыг маш сайн мэднэ. 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, НИТХ-д сонгогдсон минь бүсгүйчүүдийн хүч байсан юм. Самбар зоох, маших барихаас бусад ажлыг бүсгүйчүүддээ итгэж, даалгасан. Тэд маань ч чадсан. Ажлын ард гардаг, бууж өгдөггүй, шантардаггүй. Харамсалтай нь сонгуулийн маргааш хоосон цагаан магтаал, талархлаас өөр зүйлгүй, цөөхөн хэдэн төгрөгийн урамшууллаас өөр хөдөлмөр, сэтгэлээ үнэлүүлэлгүй үлддэг нь хэтэрхий олон. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийж явна. Надтай нэг баг болж ажилладаг бүсгүйчүүд миний ажлын арга барил, зарчмыг сайн мэддэг, мэдэрдэг. Хэн ч бай хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар хүртэх эрхтэй. Тиймээс ч ялалтын үр шимээ тэд хүртсэн. Намын эмэгтэй гишүүд боломжоос хоцорч, ард нь үлдэж байгаа нь олон шалтгаантай. Хүний нөөцөө байршуулах намын бодлого, сонгон шалгаруулах үйл явц ил тод нээлттэй бус байгаа нь хамгийн том шалтгаан. Намын сонгуулийг удирдаж орсон шат шатны дарга нар засгаа удирдахыг намын дүрмээр баталгаажуулсан атлаа намын анхан шатны нэгж, үүрийн дарга нар ялалт байгуулсан хорооныхоо Засаг даргаар томилогдохгүй, хөндлөнгийн хүн гарч ирдэг шударга бус явдлыг таслан зогсоох цаг нь болсон. Би энэ зарчмын байр суурийг дүрмэнд тусгах ёстой гэж боддог хүмүүсийн нэг. Бид ухарч, няцаж болохгүй. Тодорхой хэмжээнд үр дүн гарч байгаа ч хангалтгүй байна. Ажилласаар ирсэн шигээ үргэлжлүүлээд ажиллах ёстой. Улстөрийн сонголтыг эхэлсэн шигээ амархан дуусгачихаж болдоггүй юм. Амжилтад хүрэхийн тулд хэр урт зам туулахыг мэдэхгүй ч бид өөрсдөөс шалтгаалах бүхнээ алхам алхмаар хийсээр л байх болно. Бүсгүйчүүд бид илүү мэргэшиж, дадлагажиж, туршлагажих ёстой. Эрх ашгийнхаа төлөө нэгдэн, нийлдэг байх хэрэгтэй. Тиймээс ч би Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр сонгогдвол нэн тэргүүнд гишүүд, дэмжигч эмэгтэйчүүдийнхээ нөөц, бололцоог судална. Судалгаа гаргасны дараа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг салбар тус бүрээр нь зохион байгуулна.

     

    -Та намынхаа бүсгүйчүүдийн чадварт хэр итгэлтэй байна вэ?

     

    -Улстөр бол хариуцлага. Зөвхөн эмэгтэй хүн гэдэг утгаараа улстөрийн шийдвэр гаргах түвшинд орно гэдэг хэтэрхий өрөөсгөл. Улс орны эдийн засаг хөгжих зөв бодлогыг тодорхойлолцох учир өрсөлдөхүйц чадвартай, туршлагатай байх ёстой. Улс орны эдийн засаг хөгжих зөв бодлогыг тодорхойлолцох учир өрсөлдөхүйц чадвартай, туршлагатай байх нь зүйн хэрэг. Үүнд анхаарч АЭХ-оос эмэгтэйчүүдээ чадавхжуулах, улстөрд бэлтгэх сургалтыг тасралтгүй хийж байгаа. Манай эмэгтэйчүүд мэдлэг, чадвараараа огтхон ч гологдохгүй.

     

    -НИТХ-ын төлөөлөгчийн хувиар хүүхдийн асуудалд нэлээд анхаарал хандуулдаг шүү дээ. Улаанбаатар хүүхдэд хамгийн ээлгүй хот болчихоод байна. Үүнийг гажуудлыг хэрхэн засах вэ?

     

    -Нийслэлийн хүн амын 32 хувийг хүүхэд эзэлдэг. Гэвч нийслэлийн төсөв хүүхдэд зориулагдахгүй байгаа учраас Улаанбаатар хүүхдэд ээлгүй хот хэвээр байна. 2015 онд НИТХ “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлсэн боловч Засгийн газар солигдсоноор хэрэгжихээ больсон. Тэгэхээр энэ асуудалд бид л анхаарал хандуулахгүй бол орхигдоод байгаа юм. Миний бие нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын даргад хүүхдэд ээлтэй байх асуудлыг хөндөж, зөвлөмж, шаардлага удаа дараа хүргүүлж, асуулга тавьж, дарга нарын чихэнд хонх уясаар байгаа. Үүний үр дүнд багагүй дэвшил гарч байна. Ядаж л хүүхдэд чиглэсэн ажлуудад аливаа нэг нам үл хамааран анхаарах ёстойг дор бүрнээ ярьж эхэлж байгаа.

     

    -Та “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг удирдаж, нийтийн тээврийн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайн үед багагүй эсэргүүцэл, шүүмжлэлтэй дагуулж байсан ч одоо хүн бүхэн шинэчлэлд талархаж байна. Хийсэн ажлаа эргээд харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

     

    -Ажил, амьдралын минь бас нэгэн сургууль нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байсан юм. Хэрвээ хариуцсан ажлаа унагаавал эмэгтэйчүүдийн итгэл буурна шүү дээ. Эсрэгээрээ хариуцсан ажлаа сайн хийвэл эмэгтэйчүүдийнхээ замыг чадлынхаа хэрээр “гэрэлтүүлж” байгаа минь тэр. Тиймээс ч надад олон хүнтэй байгууллага удирдлаа, эрчүүдтэй ажиллаж байна гэж ухарч, шантрах эрх байгаагүй. Байгууллагын ҮЭ-ийн хууль бус шаардлагад бууж өгөөгүй. Үнэний талд бат зогсч, байр сууриа хамгаалсан. Хэзээ хойно ажилчид маань над руу утасдаж “Үнээнийхээ сүүтэйг сүүлд мэддэг гэдэг шиг дарга минь таныг бид буруугаар ойлгож явжээ” гэж хэлж байсан. Эсэргүүцэл, үл ойлголцолтой тулгарч байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийг эхлүүлсэн. Смарт карт, угсраа урт автобус, кондукторгүй үйлчилгээг манай баг нэвтрүүлж чадсан. Энэ том ажлын ард гарч чадсандаа баяртай байдаг. Илүү том ачаа үүрч, ажил хийж, бүтээх урам зоригтой, итгэлтэй болсон шүү.