Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүнээр О.Наранбат сонгогдлоо
    2018 оны 10 сарын 20 нд
    2b771984520f3722a12b116324df3a25.jpg

    АЭХ-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшигчид говийн аймгуудад ажилласны дараа нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт уулзалтаа үргэлжлүүллээ. Уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүнийг сонгосон бөгөөд  “Тэсо” корпорацийн ТУЗ-ийн гишүүн, нийслэлийн болон дүүргийн намын хорооны гишүүн О.Наранбат тэргүүнээр сонгогдсон юм.  Сонгинохайрхан нь нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг төдийгүй тэр хэрээр ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байгааг эмэгтэйчүүд хэлж байна. Тус дүүргийн АЭХ 1000 гаруй гишүүнтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд гэв.

     

    Тиймээс ч эмэгтэйчүүдээ ажилтай, орлоготой болгох үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах дорвитой бодлого хэрэгжүүлж ажиллахаа Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон О.Наранбат онцоллоо. Хэдийгээр эдийн засаг өсч байгаа тухай эрх баригчид хэлж байгаа ч орон нутагт төдийгүй дүүргүүдэд бүтээн байгуулалт огт хийгдэхгүй, ажилгүйдэл, ядуурлын түвшин улам бүр нэмэгдэж байгааг эмэгтэйчүүд хэлж байна. Түүнчлэн эрх баригчид уул уурхай зэрэг хэт ерөнхий асуудлын араас хөөцөлдөж, нийгмийн тулгуур багана болсон эрүүл мэнд, боловсролын салбарыг орхигдуулж байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. Ялангуяа орон нутагт, сумдад сувилагч, бага ангийн багш тогтвортой ажиллахгүй байгаа нь цалин хөлс багатай, ажлын орчин хүнд байгаатай холбоотой гэв. Бүхэлдээ уналтад орсон эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарал хандуулж, сэхээхгүй юм бол мянган уул уурхайн компани байгаад ч бидний хүсээд байгаа нийгмийг цогцлоож чадахгүйг ээжүүд, эмэгтэйчүүд анхааруулж байна. Ардчилсан эмэгтэйчүүд ирэх өдрүүдэд хангайн бүсийн аймгуудад ажиллана.