Монгол Улсын 2019 төсвийн тухай, дагалдах багц хуулиудад өгсөн УИХ дахь Ардчилсан намын санал дүгнэлт. /бүрэн эхээрээ/
    2018 оны 10 сарын 25 нд
    80a60c43436ee7baddf905c6ba99e3e3.jpg

    МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН

    САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

    САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ

    УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН САНАЛ, ДҮГНЭЛТ

     

    2018 оны 10 дугаар Улаанбаатар хот

    сарын 25-ний өдөр

     

    Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулиуд батлагдах болсонтой холбогдуулж дагалдаж батлах бусад хуулиудын төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэж, энэхүү санал, дүгнэлтийг гаргаж байна.

    Макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад зах зээлийн ирэх жилүүдийн төлөв байдал, төрийн мөнгөний бодлогын зорилт эдийн засгийг тэлэхэд төдийлөн таатай бус үед Монгол улсын 2019 оны төсвийн хуулиудыг өргөн бариад байна. Төсвийн орлогыг 33 хувиар, нийт зарлагын дээд хэмжээг 20 хувиар, түүн дотор урсгал зардлыг 10 хувь, хөрөнгийн зардлыг 66.7 хувиар огцом нэмж, 76 цоорхойгоор үрэн таран хийх зорилт тавьснаас харвал 2010-2011 онд гаргасан алдаа дахин давтагдах төсвийг Засгийн газар өргөн барьжээ.

    Нэг. Төсөв иргэдийн бодит амьдралд хүртээлтэй байх ёстой

    Гадаад зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд 2018 оны 3 улирлын байдлаар улсын төсвийн төсвийн орлого төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр давж биелэх магадлалтай байна. Мөн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнөөс улбаалан эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан бөгөөд инфляц 8 хувьд хэлбэлзэж байгаа зэрэг макро эдийн засгийн зарим үзүүлэлтүүд эерэг байгааг эрх баригчид өнгөрсөн жилүүдэд эдийн засаг, санхүүгийн салбарт тулгарсан гадаад, дотоод хүндрэл бэрхшээл, сорилтууд бүрэн илааширч, тогтвортой байдал бэхэжсэн, ойрын ирээдүйд бүрэн сайжрах мэтээр ойлгож энэ удаагийн төсвийг сэтгэлийн хөөрлөөр, 2020 оны сонгуулийн амлалтын төсөв болгож батлахаар оруулж ирснийг Ардчилсан намын бүлэг туйлын хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байна. Монгол Улсын Их хурлын өнгөрсөн бүх хугацаанд баталж байсан төсвөөс хамгийн муу төлөвлөгдсөн бөгөөд иргэдэд ээлгүй төсөв болсон гэж үзэж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

    Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хадгаламж 2 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байгаа боловч дундаж орлоготой иргэдэд хуримтлал бий болж чадаагүйгээр барахгүй иргэд татварын дараах орлогынхоо 69-70 хувийг авсан хэрэглээний зээлийнхээ үндсэн болон хүүгийн төлбөрт суутгуулж зээлээс зээлийн хооронд амьдарч эхэллээ.

    Өнгөрсөн 2016 оны 7 дугаар сард нийт ипотекийн зээлийн үлдэгдэл 3.856 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 85622-д хүрч орон сууцанд хамрагдаж байсан. Хэдийгээр 33,100 өрх орон сууцанд орох хүсэлттэй байгаа боловч төрөөс олгох зээл хумигдаж, эргэн төлөлтөөс өнгөрсөн онд 5,828 иргэн шинэ орон сууцанд орсон бол энэ онд 4,800 өрхийг ипотекийн зээлд хамруулахаар тооцжээ. Ипотек нь өрхийн нийт гишүүдийн хувьд ирээдүйн үл хөдлөх эд хөрөнгөндөө хөрөнгө оруулж, хуримтлал үүсгэн зөв зарцуулалтын үлгэр жишээ гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн сонгодог хэлбэр. Манай улсын хувьд инфляц буурах, импортыг хазаарлаж ханш буулгах зэрэг макро үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, утаанаас ангижрах, иргэдийн эрүүл мэндэд үнэлж баршгүй чухал үүрэгтэй хөтөлбөр. Харамсалтай нь энэ хөтөлбөрт сүүлийн гурван жил төсвөөс эх үүсвэр шинээр нэмж олгохгүй бодлого баримталж байгаа нь дундаж орлоготой иргэдтэй эсрэг, ухралт хийсэн бодлого гэж үзэхээс өөр аргагүй байна.

    Монгол улсын 2019 оны төсвийн төлөвлөлт, зарцуулалтын бодлого, баримталсан зарчим нь иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах чиглэлд ямар нэгэн дорвитой өөрчлөлт гаргахгүй, шинэчлэл хийгдэхгүйгээр төлөвлөгджээ.

    Төсвийн эх үүсвэрээр хийгдэх 1.2 их наят төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад гаалийн шинэчлэлийн 7 төсөл арга хэмжээнд зарцуулах 74.6 тэрбум төгрөгөөс өөр бодит үйлдвэрлэлийн орчин, тэр тусмаа экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд нэг ч төгрөг төсөвлөөгүй байна. Гэтэл нийгмийн хамгааллын буюу халамж, нийгмийн даатгалын зардал төсвийн нийт зарлагын 24 хувийг эзэлж байна.

    Халамжийн тэтгэврийг нэмэгдүүлснээр 134,866 хүнийг орлоготой болгох ажээ. Энэ зорилгоор төсвөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл 21.2 тэрбум, халамжийн санг нэгдсэн удирдлагаар хангахад 266.7 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зардлыг 135.1 тэрбумаар төгрөгөөр өсгөж, тэтгэврийг 119.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэнээ хөдөлмөрлөх боломжоор ханган, бизнес эрхлэх, өөрийг ээ болон гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжтой нөхцөлөөр хангах нь төрийн үүрэг байх ёстой. Харин иргэдээ гэрт нь суулгаж, татвар төлөгчдийн мөнгөөр халамжлуулан амьдрах сэдлийг урамшуулдаг төр хэрхэвч байж болохгүй.

    Хоёр. Эдийн засгийн эрсдэл өндөртэй эмзэг төсөв өргөн барилаа

    Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт харьцуулалт хийх замаар Монгол улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 6.4 хувьд байх таамаг дэвшүүлж байхад Засгийн газар нь эдийн засгийн өсөлтөө 8 хувьтай байна гэж өөдрөгөөр төсөөлжээ. Дотоодын зах дээрх шатахууны жижиглэнгийн үнэ оны эхнээс 30 орчим хувиар өссөн, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам. доллартой харьцах ханш 500 гаруй төгрөгөөр суларсан, зээлийн хүү дорвитой буураагүй, инфляц дунд хугацаандаа 2 оронтой тоонд хүрч болзошгүй, төлбөрийн тэнцэл 2018 оны 3 улирлын байдлаар -87.6 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оноос 1 тэрбум 547.5 сая ам доллар-аар өссөн бодит нөхцөл байдлын эрсдэлийг бүрэн тооцоололгүй, мэргэжлийн бус төсвийн төлөвлөлтийг хийсэн байна.

    Гадаад зах зээлээс хамааралтай хоёр том эрсдэлд бэлэн байх нөөц бодлого хэрэгтэй байна. Үүнд: Түүхий эдийн уналтын мөчлөг, бондуудын үндсэн төлбөр төлөх 2021, 2022 онуудтай давхцах өндөр магадлалтай байгаа тул нөөц сангуудын хөрөнгийг нэмэгдүүлж, хуримтлуулах замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж 6.5 тэрбум ам доллар хүргэх Монгол банкны тавьсан зорилтыг Засгийн газар хамтран биелүүлэх нь зүйтэй юм.

    Гурав. Төсвийн алдагдлыг бууруулах боломжоо алдах учиргүй

    Сүүлийн 7 жилд хамгийн их төсвийн орлого олох боломж сүүлийн хоёр жилд тохиож байна. Энэ боломж, завшааныг ашиглан 10 жилийн туршид алдагдалтай баталж ирсэн төсвийн алдагдлыг тэглэх боломж бүрэн байгаа.

    Төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагуудыг хангаж, төсвийн сахилга хариуцлагыг УИХ өөрөөсөө эхлүүлэх цаг иржээ. Боломжийг огоорон нэгдсэн төсвийн тэнцлийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай буюу асар өндөр алдагдалтай батлан, энэхүү алдагдлын 1,3 их наядыг гадаад зээлээр эх үүсвэрээр, үлдсэнийг нь Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр нөхөх нь үндэсний эрх ашигт туйлын харш үйлдэл болно гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.

    Мэргэжлийн судлаачдын хийсэн судалгаагаар уул уурхайн түүхий эдийн үнэ өсөлттэй байсан 2010,2011, 2017, 2018 онуудад төсвийн орлого төлөвлөснөөс давж биелж байжээ. 2012-2016 онуудад экспортолсон түүхий эдийн хэмжээ өссөн ч түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй байсан. Гэтэл орлогын төлөвлөгөө давсан таатай он жилүүдэд төсвийн зарлагын хэмжээг эрс нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааны зарим зардлыг 61 хүртэл хувиар, мөн халамжийн зардлыг огцом нэмэгдүүлснээр өнөөгийн төрийн данхар бүтцийг бий болгожээ. Үүгээр зогсохгүй хэрэглээний импортыг өөгшүүлж, инфляцыг 14 хувьд хүргэж байсан гашуун туршлагыг судлаачид сануулсаар байгаа. Эрдсийн гадаад зах зээлийн ханшнаас хамааран орлого буурсан 2012-2016 онуудад зардлыг хасаж батлан хэрэглээг хумьж, инфляцыг хамгийн боломжит бага төвшинд барьж байсан авууштай туршлага байсныг Монголын төр мартаж болохгүй.

    Дөрөв. Буруу бодлогын үр дагаврыг өндөр үнээр төлдөг

    Хэрвээ төсвийн төслийг энэ хэвээр баталбал төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал үргэлжлэн өсөх, төгрөгийн нэрлэсэн ханш улам сулрах, инфляц өсөж 2 оронтой тоонд хүрэх, дундаж давхаргыг улам бүр шахах, ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал ихсэх, улмаар уул уурхайн хямрал гүнзгийрч төлбөрийн тэнцлийн хямрал буюу 2007-7008, 2010- 2012 онуудын бодлогын алдаа давтагдах эрсдэл нүүрлэж эхлээд байна. Энэ эрсдэлийн нөлөө нь 2020, 2021 онуудад гарч эхлэх учраас Та бүхэн зөвхөн сонгууль бодож, жалгын жижиг улс төр хийхээс илүүтэй улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж Төсвийн зардлыг 2018 оны хэмжээнд нь барих ухаалаг шийдэл гаргахыг уриалж байна.

    Уул уурхайн оргил болсон 2008-2011 оны сайхан цагийг эргэн дурсцгаая. Хүний хөгжлийн сангийн орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөр тус тус бүрдүүлж байсан. Гэвч 2012 оны сонгууль угтуулж, сангийн нийт орлого 910 тэрбум төгрөг байхад 1 их наяд 950 тэрбум төгрөгийг зарлагадаж, нэг их наяд төгрөгийн алдагдал бий болгож байжээ.

    Уг алдагдлыг Засгийн газрын үнэт цаас, урьдчилгаа төлбөр буюу Хятадын төрийн өмчит компани болох Чалкод ирээдүйд зарах нүүрсний орлогыг урьдчилж авах, Оюу толгойн хөрөнгө оруулагчдаас зээл авах зэргээр тус тус санхүүжүүлж байв. Засгийн газар 2010-2012 оны хооронд 1 их наяд 950 тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ. Үүнд: иргэн бүрд сар бүр 21,000 төгрөг, оюутан бүрд сар бүр 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаагийн 1,000,000 төгрөг, шинээр гэр бүл болсон иргэдэд 500,000 төгрөг... гэх мэтээр тарааж байсан.

    Гэтэл өнөөдөр энэ байдал давтагдаж төсвөө хасах 1 их наяд 913 тэрбум төгрөгөөр баталж, төрийн албан хаагчийн цалин 418.1 тэрбум, тэтгэвэр тэтгэмжид 301 тэрбум, шинэ хөрөнгө оруулалтад 1 их наяд 286 тэрбум, аймаг орон нутагт 189 тэрбум төгрөг... зэргээр зарцуулахаар төлөвлөжээ. Энэ бол бүтээн байгуулалт, бэлэн мөнгө тараалт биш гэж Та бүхэн эсэргүүцэх байх.

    Гэвч өнөөдөр хийхээр төлөвлөж байгаа 3.7 их наяд төгрөгийн дийлэнх хэсэг нь дотоод үйлдвэрлэл, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжид огт нөлөөлөхгүй, бодит эдийн засагт шингэхгүй, хэрэглээний импортыг илт дэмжихээр байна. Энэ нь Монгол улсын гадаад тэнцлийг муутгаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулах гол хүчин зүйл юм. Зээлийн тэлэлт, өрхийн хэрэглээний өсөлт, Засгийн газрын хэрэглээ огцом өссөний сөрөг үр дагавар нь инфляц огцом өсөх, улмаар гадаад худалдааны алдагдал нэмэгдэх, төлбөрийн урсгал тэнцэл сөрөг болох эрсдлээр илэрдэг.

    Төв банкнаас боловсруулан өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар валютын орох, гарах урсгал, хөрөнгийн урсгалд хяналт тавьж эхлэх нь гадаадын шууд болон шууд хөрөнгө оруулалт огцом бууруулах, улмаар валютын нөөцөө ханшийн интервенцэд идүүлэх зэргээр хэдхэн жилийн өмнө тулгарч байсан хямралаа дахин өдөөх эрсдэл бодитоор бий болсныг дахин дахин самнуулъя. 2013-2016 оны эдийн засгийн хүндрэл, тэр дундаа төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1450 төвшинөөс 2000 төвшинд хүрч суларсан суурь шалтгаан нь 2010-2012 оны бэлэн мөнгө тараалт байсан гэдгийг эргэн сануулж байна.

    2017 оны сүүлч, 2018 оноос эхлэн МАН-ын Засгийн газрууд бодит эдийн засгийг агшааж, эсрэгээрээ халамжийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн нэр доор 2017 онд 585 тэрбум, 2018 онд 648 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний тараалтыг хийсэн. Ирэх онд ч ийм бодлого үргэлжлэх нь. Нүүрсний экспортын үнийн өсөлтөд хэт дулдуйдаж, дөнгөж сэргэх хандлага ажиглагдаж байгаа эдийн засгийг цаашид муутгах, дараачийн хямралд хүргэх төсвийн энэ буруу бодлогын өр төлөөсийг иргэд, татвар төлөгчид төлөхийг Ардчилсан намын бүлэг хэрхэвч зөвшөөрөхгүй.

    Ардчилсан нам 2012-16 онуудад туулж өнгөрүүлсэн туршлагаасаа энэ бүхнийг мэдэрсэн. Хэт тэлсэн зардлыг гэнэт танах нь ажилгүйдэл 20 хувиас давах, 160 мянган иргэдийн ажлын байр алдах, өрхийн орлого огцом буурах, улмаар ядуурал нэмэгдэж иргэдийн амьжиргаа эрс дордох эрсдэлийг үүсгэдэг. Ханш огцом өсөж, шатахууны үнэ нэмэгдэхэд иргэдийн нуруун дээр ирэх байсан ачааллыг тэр үеийн Төв банк үүрч гарсан байдаг. Хямралын асар хүнд үед ажилласан Засгийн газар эдийн засгийн солонгоруулах, аж үйлдвэр, тэр тусмаа хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 5-10 жилийн хугацаатай бондыг босгож, дээрх зорилгоо амжилттай шийдвэрлэж чадсан байдаг. Гэтэл тухайн үеийн сөрөг хүчин бидний энэхүү чармайлтыг 4 жилийн турш харлуулж, ипотек, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг жирийн иргэдэд ач тусаа өгсөн хөтөлбөрүүдийг үгүйсгэж, сонгогчдод зөвхөн буруутгах суртал ухуулга хийсээр ирлээ. Зөвхөн улс төрийн эрх ашгийн үүднээс, бодит байдлыг хэт гуйвуулж, увайгүй улс төр болгож ашигласны хүчинд МАН 2016 онд Засгийн эрх авснаас хойш 2017 онд 2,7 их наяд 2018 онд 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлан, Монгол улсын нийт өрийг 3 тэрбум 500 сая ам.доллар, Засгийн газрын өрийг 4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд байна.

    Төсөв төрийн оролцоог хумиж, бодит эдийн засгийг дэмжих учиртай. Мөн эдийн засгаа солонгоруулах, олон тулгууртай болгоход чиглэсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, импортыг орлох бодлого төсөвт агуулагдах учиртай.

    Тав. Гадаа өрийг барагдуулах бодит үйлдэл хэрэгтэй

    Засгийн газрын өрийг дотоодын үнэт цаасны эргэн төлөгдөж байгаа хэмжээгээр буурсан, Чингис, Дим сам бондын төлбөрийг барагдуулсан, хүүгийн зардлыг 271 тэрбум төгрөгөөр бууруулсан гэх Сангийн сайдын популист мэдэгдлийн ард Хуралдай бондын 600 сая, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өр шинээр бий болжээ. МАН засгийн эрх аваад “Чингис”, Самурай бондын нийлбэр дүнгээс их хэмжээний валютын өр тавьсан мөртлөө хийж бүтээсэн зүйлгүй гараа хумхиж сууна. Монгол улсын нийт өр 2016 оны 6 сарын 30 өдөр 24,260 тэрбум ам.доллар байснаа 2018 оны 6 сарын 30 байдлаар 27 тэрбум 745 сая ам.долларт хүрч бараг 3 тэрбум 500 сая ам.доллар-аар өсжээ.

    Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 2 улиралд 21 их наяд 83 тэрбум болж даруй 4 их наяд 471 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүгээр зогсохгүй, 2017 онд 2 их наяд 711 тэрбум, 2018 онд 2 их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барьж батлуулж байсан Сангийн сайд 2019 оны төсвийг ч 1 их наяд 913 тэрбум төгрөг байхаар тооцож оруулж ирснээрээ Монгол улсын түүхэнд анх удаа төсвийн алдагдал 3 жилийн нийлбэр дүнгээрээ 7 их наяд төгрөг боллоо. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлж эхэллээ.

    Төгсгөл

    Ардчилсан нам улс төрийн шинэчлэгдэж буй хүчний хувьд та бүхний алдааг муйхраар давтаж, улс орон, ард иргэдээ хохироохгүйн тулд жижиг эрх ашгаа огоорон улс төрийн зөв соёл, хандлагыг дэлгэрүүлж, Засгийн газраас өргөн барьсан жалгын, улс орныг дампууруулах төсвөөсөө татгалзаж, ирээдүйн зөв суурийг эхлүүлэх цоо шинэ, алдагдалгүй төсвийг батлахыг шаардаж, бас хүсэж байна.

    Төсөвт төлөвлөснөөс давсан орлого, хэрэггүй зардлыг хэмнэж танасан дүнгээр төсвийн алдагдлыг бууруулахын оронд нэгдсэн төсвийн алдагдлыг өндөр хэмжээнд хадгалан, урсгал болон хөрөнгийн зардлыг их хэмжээгээр өсгөж, тэнцлийн алдагдлыг гадаад өр зээл, ирээдүй хойчдоо үлдээх өв сангийн хуримтлал, гадаад зах зээл, үнийн өсөлтийн эрсдэлээс хамгаалах тогтворжуулалтын сангийн хөрөнгөөрөө нөхөх нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” болон “Төсвийн тухай” хуулиудын үндсэн зарчмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

    Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж төрийн үүргийг тов тод зааж өгсөн байдаг. Гэвч энэхүү үүргийг хэрэгжүүлж, төсвийг тогтвортой байлгах зарчмуудыг төсөв төлөвлөх, өргөн барих, УИХ дээр хэлэлцэх, батлах явцад мөрдөхгүй байсаар олон жил болж байгааг засаж залруулах, төсвийн тогтвортой байдлыг хангуулах үүргээ УИХ хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ. Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдал, төсвийн үр ашиг, сахилга хариуцлагын тогтолцоог шинээр бий болгох эхний алхам үүнээс эхлэхийг уриалж байна.

     

    Анхаарал тавьсанд баярлалаа.