“Хөгжил, шинэчлэл” үндэсний II аян ирэх сарын 1-нд эхэлнэ
    2018 оны 10 сарын 25 нд
    dd0e5eb7d67bea401fd50d8a1e5e57d5.jpg

    Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд “Хөгжил, шинэчлэл” үндэсний хоёрдугаар аян зохион байгуулагдах гэж байна. Үндэсний хоёрдугаар аяны бэлтгэл ажлын хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, дунд шатны намын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт, сургалт Улаанбаатар хотноо өнөөдөр /2018.10.25/ эхэллээ. Өнөөдрийн сургалтад баруун бүсийн тав, төвийн бүсийн дөрвөн аймгийн  төлөөлөл хамрагдаж байна. Зөвлөлдөх уулзалт, сургалт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл, орон нутгийн дунд шатны намын удирдлагууд хамтрагдах юм. Сургалтад хамрагдсан ҮБХ-ны гишүүд болон аймаг, дүүргийн намын удирдлагууд анхан шатны гишүүд, дэмжигчдэд Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, Үндсэн дүрэм, Үзэл баримтлалын шинэчилсэн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэнэ. “Монголоо сонсъё” аяны үргэлжлэл болон зохион байгуулагдаж буй энэ удаагийн аян анхан, дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд арваннэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

     

    Ц.Туваан: Гишүүдийн хамтын ажиллагаа, оролцоог эрчимжүүлнэ

     

    /Ардчилсан намын ЕНБД/

     

    -Анхан шатны байгууллагууд, гишүүд, дэмжигчдийнхээ идэвх, оролцоог сайжруулах зорилгоор энэ онд шат дараалсан ажил хэрэгжүүлж байна. Энэ удаагийн аяны зорилго ч үүнд чиглэж байгаа. Шинэчлэн боловсруулсан Үндсэн дүрэм, үнэт зүйлс, үзэл баримтлалаа анхан, дунд шатны бүх гишүүдэд хүргэнэ. Мөн сөрөг хүчний хувиар хэрхэн ажиллах талаар ярилцаж, мэдээлэл хүргэнэ. Бүх шатны байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

     

    Ч.Чинбат: Бүх шатны намын байгууллагуудын уялдаа холбоог шинэ шатанд гаргасан

     

    /Ховд аймгийн Ардчилсан намын хорооны дарга/

     

    -Ардчилсан намын шинэчлэлийн бодлого жирийн гишүүд бидэнд өгөөжөө өгсөөр байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэдхэн хүний саналд тулгуурлах биш бүх гишүүдийн оролцоог жигд хангаж болсноор маш том өөрчлөлт гарсан. ҮБХ-ны гишүүдийн идэвх, үйл ажиллагаанд ч өөрчлөлт гарсан. Өмнө нь ҮБХ-ны гишүүд жирийн гишүүдээсээ “тасарчихсан” байсан. Фракц, бүлэглэлд хуваагдсан, намын гишүүдтэйгээ уулзаж, ярилцдаггүй, санал бодлыг нь сонсдоггүй, хэдхэн дарга нарын хүрээнд л асуудал эргэлддэг байсан. Харин шинэчлэлийн бодлогын үр дүнд ҮБХ-ны гишүүд анхан, дунд шатны гишүүдийнхээ үгийг сонсдог, бүх шатанд хүрч ажилладаг болсон. Жишээ нь өнгөрсөн хавар зохион байгуулагдсан “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ховд аймгийн 17 сумын 91 багт Ардчилсан намын ҮБХ-ны хүрч ажилласан. Ингэснээр жирийн гишүүд, дэмжигчид юу бодож, санаж явдагийн сонсох, ер нь цаашид яаж ажиллах ёстой вэ гэдгээ олж харсан. Бүх шатны намын байгууллагуудын эргэх холбоо, уялдааг сайжруулсан, шинэ шатанд гаргасан. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа жирийн гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх, сэргээх зорилгоор хоёрдугаар аянаа зохион байгуулах гэж байна.