З.Нарантуяа: Төсвийг төлөвлөх, батлах процедурыг цэгцлэх нь төсвийг өөрийг нь эрүүлжүүлэхээс чухал болсон байна
    2018 оны 10 сарын 26 нд
    99d8dc180b634877f0cd8d0a7228b8f2.jpg

    • УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Монгол улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

    -2019 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ҮНДСЭН 9 ЗААЛТААС 7-Г НЬ ТӨСӨВТ НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧИЛЖ БАЙНА-

    -Ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-ын түвшинд өрнөж байна. Ер нь  ирэх оны төсвийн ерөнхий дүр төрхийг та хэрхэн харж байна? Төсвийн тусгай шаардлага болон дунд хугацааны төсөөлөлтэйгээ хэрхэн  нийцэв?

    Төсвийн тогтвортой байдлын хуулийн 6 дугаар зүйлд заасан  төсвийн тусгай шаардлагуудаас 7-г  нь хангаагүй. Хуулийн хувьд хангасан байх шаардлагыг “хэлбэр”-ийн хувьд биелүүлэх гэж 5 сарын өмнө баталсан Монгол улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьж байна.

    Хуулийг өөрчлөхөд хангалттай кноп байгаад эрдэж, зарлага, алдагдлын хэмжээг хуулиар тусгайлан тогтоож өгсөн дээд хэмжээнээс  илүү их  нэмээд байх нь 10 жил дараалан хасах баланстай буюу алдагдалтай төсөвтэй явж байгаагийн шалтгаан яах аргагүй мөн.

    Зөвхөн 2011 оноос хойшхи 8 жилийн хугацаанд Төсвийн тухай хуулийг 32 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 12 удаа, Өрийн удирдлагын тухай хуулийг 3 удаа, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 1 удаа төсөв батлахтай холбогдуулж, өөрчлөн баталсан байна. Төсвийн хуулийг батлах бүрдээ төсвийн хүрээний мэдэгдэлд заасан тооцооллоо өөрчилж, ихэнхидээ нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, Засгийн газрын авч болох зээл, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлээд л байсан гэсэн үг. Энэ нь төсвийг төлөвлөх, батлахад баримталдаг дэг, журам цэгцрээгүй байгааг бүрэн харуулж байна.

    -Та байнгын хорооны дэргэдэх Төсвийн зарлагын дэд хороог ахалдаг. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарлагын дэд хорооноос гаргасан саналууд дэмжигдэж чадсан уу?

    -Хангалттай биш. Тодорхой санал бүхий дүгнэлтийг Байнгын хороондоо хүргүүлсэн ч зарчмын буюу бодлогын өөрчлөлттэй холбоотой саналууд дэмжигдэх боломжгүй байдаг. Хэдийгээр УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн зарлагын дэд хороо нь сөрөг хүчинд харьяалагдах ёстой ч УИХ-ын Төсвийн байнгын хороо бүрэлдэхүүнийг нь томилохдоо сөрөг хүчнээс 2-хон гишүүн оруулсан. Гэтэл олонхийн төлөөлөлөөс томилогдсон гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт  санал өгөх, дэд хорооны ажилд оролцох оролцооны хувьд төдийлөн санаачилга гаргаж чадахгүй, бүлгийн шийдвэртээ баригддалах ажлын алба гэж ажилладаггүй, төсвийн байнгын хорооны мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарьт давхар гүйцэтгүүлэхээр хариуцуулдаг.  Төсвийн зарлагын хяналтын механизмыг одоо л боловсронгуй болгож, анхаарахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаанд төсвөөр нь дамжуулж, хяналт тавьдаг Парламентын ажиллагаа бүрэн зогсоход хүрч байна.

    -Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дээр зангидагдах ёстой байтал эсрэгээрээ эрх баригч намын дотоод ажлын хэсгийн түвшинд гол тохироо явагдлаа. Энэ нь хэр зөв жишиг вэ?

    -Энэ бол маш буруу. Төрийн дээр нам гарсаны илрэл.

    -Ирэх оны төсвийн орлогыг өндөр төсөөлсөн мөртлөө алдагдлаа нам дор барьж чадсангүй гэсэн шүүмжлэл явж байгаа. Сүүлийн жилүүдэд төсвийг алдагдалтай баталдаг жишиг тогтож буй нь харамсалтай?

    -Худалдаа аж үйлдвэрийн танхимын захиалгаар эдийн засагчдид, мэргэжлийн судалаачдын хийсэн судалгаагаар 2008-2011, 2017,2018 онуудад дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх үед манай төсвийн орлого дандаа давж биелж, үнэ унах үед нь эсрэгээр орлого төлөвлөсөн хэмжээндээ ч хүрэхгүй тасалддаг нь ажиглагдсан байна.

    Харин төсвийн орлого давсан тэр үеүүдэд төрийн зарлага огцом өсч байсан нь  төвсийн зарлагаа тэлж байсан тухай тухайн үеийн ЗГ-уудын буруу бодлого байсныг нотолсон байсан. 2019 оны төсөв яг энэ буруу жишгээр төлөвлөгдөж, батлагдах гэж байна. Хэмнэлт, хуримтлалыг хойш нь тавьж, хөрөнгө, халамж, тэтгэвэр, цалингийн зардлыг илүү оруулсанд мэргэжлийн шинжээчид оновчтой шийдэл биш л байна гэж харж байна

    -“МЭРГЭЖЛИЙН БУС” ТӨСӨВ-

    -Тэгэхээр орлогын төсөөллөө бодтой хийж, зарлагаа хумьж сурах нь л чухал юм байна?

    -Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад ирэхээр төсвийн орлого төвлөрүүлэлт биелэх боломжгүйд хүрдэг. Тухайлбал, 2012 оны эхнээс  дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн ханш буурснаас үүдэж, дагаад 3.5 орчим төсвийн орлого биелээгүй. Тэр үед өмнө нь өндөр болгочихсон зардлыг нөхөхийн тулд хоосон орон зайгаа дүүргэх шаардлага үүсч байсныг иргэд мартаагүй. Иймд  орлогын олон суурьтай болох ажлыг л Мэргэжлийн Яам хиймээр байна.

    -Сөрөг хүчний зүгээс төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр тавьсан дүгнэлтдээ төсвийг алдагдалгүй батлах боломж байгааг онцоллоо. Тиймээс би танаас төсвийг алдагдалгүй батлах гарц, гаргалгааг нь асуумаар байна?

    -Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөллөөс үүдэж, ирэх онд төсвийн орлого  хамгийн өндөр түвшинд хүрэхээр байна. 2018 онд 1 их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого давж биелэх хүлээлттэй байгаа. Энэ 1 их наяд төгрөгийн орлогоор ирэх жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгийг бууруулах боломж бол байгаа. Энэ удаа Засгийн газар нийгмийн салбарын  хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэгдүүлж, зөвхөн шинээр барих барилга байгууламжид 647 тэрбум төгрөгийг төлөвлөсөнөөс 17 хувь нь л үйлдвэрлэлийг, бодит эдийн засгийг дэмжсэн төсөл, арга хэмжээ байгаа нь маш буруу бодлого.

    -Нэг талаас сонгуулийн өмнөх хоёр жил  “сонгуульжсан” төсөв батлагддаг жишиг давтагдаад байх шиг?

    -Ер нь тийм гэж хэлж болно.

    -Орлогыг хэт өндөр төсөвлөчихсөн ийм үед төвлөрүүлэлтэд эрсдэл үүсвэл хэрхэх вэ. Засгийн газарт энэ эрсдлээ нөхөх бодит боломж байгаа юу?

    -Яг одоо бол эрсдлийн нөөц байхгүй. Тогтворжуулалтын  болон Ирээдуйн өв сангийн хуримтлал бүрдэж амжаагүй байх шиг байна.

    -Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ 271 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа гэсэн мөртлөө эргүүлээд уг мөнгөө 14 төсөл хөтөлбөрт зарцуулна гэж албан мэдээлэлдээ дурдсан байна. Үүнийг төсвийн хэмнэлт гэж нэрлэх нь өөрөө учир дутагдалтай юм биш үү?

    -Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн аль нэг зардлын зүйл ангиас хасах замаар хэмжэлт гаргаж  байж    шинээр нэмэх шаардлагатай байгаахөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хуулийн заалттай болсон. Яг л энэ зарчмаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг 80.0 тэрбум төгрөгөөр буурсан байгаа.

    -Боловсролын зээлийн сангаас 42, ипотекийн зээлийн санхүүжилтээс 15 тэрбум төгрөг хассан нь хэр оновчтой шийдэл вэ?

    -Боловсролын зээлийн сангийн ашиглагдаагүй үлдэгдэл 42 тэрбум төгрөг байгааг хорогдуулж, хөрөнгө оруулалтын зардал руу хуваарилж байгаа юм.  Ашиглагдахгүй байгаа эх үүсвэрийг өөр төсөл арга хэмжээнд ашиглах нь зөв. Ер нь боловрсолын зээлийн сангийн эх үүсвэрййг төсвөөс санхүүжүүлэх нь буруу бодлого. Өмнө нь төсвөөс мөнгө хуваарилдаггүй, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд  банк оюутнуудад 5 хүртэлх хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зээлийг олгодог байсан шийдэл зөв байсан.

    ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN