40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байна
    2018 оны 10 сарын 27 нд
    af31511a2f7a64796e6d1a4ecc2da64e.jpg

    "Сэтгэлийн хүч" аян нийслэлийн Хан-Уул дүүрэгт үргэлжиллээ. "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшигчид тус дүүргийн эмэгтэйчүүдтэй уулзалт зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй бэрхшээлийг нь сонсч, санал бодлыг нь хуваалцсан байна.  Хан-Уул дүүрэг нийт 47 мянган өрхтэй бөгөөд  тэн хагас нь гэр хороололд амьдарч буй. Тус дүүргийн эмэгтэйчүүд ихэвчлэн төмс, хүнсний ногоо тариалах, гар урлал, туслах аж ахуй эрхлэх зэргээр амжиргаагаа залгуулдаг байна. Тиймээс Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн амжиргааг сайжруулах нь чухал болохыг тус дүүргийн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Ш.Эрдэнэтуяа онцолсон юм.

     

    Ялангуяа 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь чухал байгааг Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүд хэлж байна. Уулзалтын үеэр “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшчигч С.Одонтуяа “Гадны жишгээс харахад 40-өөс дээш болон тэтгэврийн насны иргэдийг ажлын байраар хангах нь тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын асуудал байдаг. Улс нь татвараас хөнгөлөх, цалин хөлсний тодорхой хувийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалт хийгддэг. Манайд ч бас энэ тогтолцоог хэрэгжүүлэх боломж бий” гэв.

     

    "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшигчид нийт 10 мянган км зам туулж, 20 гаруй уулзалт зохион байгуулж, 4000 гаруй эмэгтэйчүүдтэй уулзаад байна. Тэд очсон газар бүртээ тодорхой асуудал шийдвэрлэж, охид, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэхээр ажиллаж байгаа юм. Нэр дэвшигчид ирэх өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт ажиллана.