Д.Эрдэнэбат: Эрх мэдлээ ашиглаж, ижил хэмжээний зээлийг эрх баригчид бөөнөөрөө авсанд гэмт хэргийн шинж агуулагдаж байгааг Ардчилсан нам анхааруулсан
    2018 оны 10 сарын 29 нд
    8090dacf4170e6aebfee8caf08b2a73f.jpg

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

     

    -Таныг Аж үйлдвэрийн сайд байхдаа сонгон шалгаруулалтад оруулалгүй аж ахуйн нэгжүүдэд зээл өгсөн гээд байна. Я.Содбаатар гишүүн өмнө нь Ардчилсан намын үед гишүүд нь авч байсан. Одоо манай намынхан ЖДҮХС-аас авч байна гэсэн зүйл яриад байна?

     

    -ЖДҮХС-аас авсан зээлийн асуудлаар Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор барьцаалсан сөрөг улс төр явж байгаа гэдэг нь ойлгомжтой асуудал. Би энэ асуудалд эмзэглэхгүй байна. Хэвлэл мэдээллийнхэн ч аль аль талын мэдээллийг тэнцвэртэй тэгш түгээх үүрэг нь гэж ойлгож байгаа. Гэхдээ хэт их улстөржсөн байдал нь мэдээллийг буруу тийш нь явуулчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс  ч өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь миний үүрэг. Үе үеийн Засгийн газар ингэж л явж ирсэн. Харин энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол огт байгаагүй. Нэг л зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ бузар улс төрийнхөө үйл ажиллагаанд миний гэр бүлийг битгий татаж оролцуулаарай. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүдэд хэт нэг талыг барьсан. Дутуу мэдээллүүд маш их явж байна. Хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй гээд улс төрийн захиалгаар нэг талын хэтэрхий үндэслэлгүй мэдээллийг тараах нь нийгэмд маш буруу сэдлийг өдөөж болзошгүй байгаа учир би үүнийг албан ёсоор зайлшгүй хэлэх ёстой. Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүн байхдаа ч Аж үйлдвэрийн сайд байхдаа ч өөрийн нэр дээр болон хувийн компани, гэр бүл, хүүхдийнхээ нэр дээр зээл авч байгаагүй. Энэ бол маш ёс зүйгүй үйлдэл гэдгийг сайн мэднэ. Харин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийгээ бол дэмжиж байсан тохиолдол олон байгаа. Аливаа нэг зээл олгогдоход зайлшгүй тухайн салбар хариуцсан сайдын тушаалаар олгогддог гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс нь тайлбарлах вэ гэдэг нь учиртай. Би өнөөдрийн “Үндэсний шуудан” сониныг уншаад сууж байна. Энэ сонинд 7.5 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулсан гээд бичсэн байна. Ямар их мөнгө юм. Яагаад ч би сонгууль зарцуулчихсан юм. Энэ нийтэлсэн зүйлд анализ хийгээд сууж байна. Миний сайд байхдаа гаргаж байсан шийдвэрүүдийн нүүр хуудаснуудыг гаргаж тавьсан байна. Тэгвэл яг бодит байдал дээр шийдвэр гаргаж зээл авсан бүх  аж ахуйн нэгжүүдийг жагсаалт миний гар дээр байна. Энэ жагсаалтын 60-70 хувь нь жирийн иргэд л байгаа. Иргэд яг өөрийнхөө хүссэн зээлүүдийг авсан. Энэ бол ЖДҮХС-ийн эргэн төлөгдөхөөс олгогдсон 2016 оны зээл. 2016 онд 200 тэрбум төгрөгийн шийдвэр гарсан ч Засгийн газар мөнгөгүй байсан учир ямар ч ЖДҮХС-ийн зээл олгогдоогүй өнгөрсөн. Харин энэ хооронд хүлээгдэж байсан бодлогын шинжтэй зээлүүд олгогдсон аж ахуйн зээлийг жагсаалт энд байна. Үүнийг хэвлэлийнхэнд өгнө. Тиймээс сонинд нийтлэгдсэн шийдвэрүүдийн тухайд том том тоог нь авчихсан байсан. Үүнээс зээл аваагүй, зээлийн гэрээ нь батлагдаагүй зүйлүүд олон орсон байна. Тиймээс ч сэтгүүлчид аль аль талын зөв мэдээллийг авч байж л олон нийтэд түгээх нь нийгэмд эрүүл ойлголтыг өгнө шүү гэдгийг онцолж  хэлмээр байна.

     

    -Таныг сонгон  шалгаруулалтгүйгээр  зээл олгосон гэж хэвлэл мэдээллээр  гарч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

     

    -2015 онд Засгийн газрын 66 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоол нь маш ач холбогдолтой тогтоол гэдгийг хэвлэлийнхэн судалж үзэх хэрэгтэй. Энэ тогтоолоор ЖДҮ-д зориулж 9 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас гаргаад, зөвхөн арилжааны банкаар дамжуулж олго гэдэг шийдвэр гаргасан. Яг энэ шийдвэрийн дагуу бүх зээл арилжааны банкаар дамжиж олгогдсон. Өөрөөр хэлбэл, сайд өөрийн дураар зээл олгосон ганц тохиолдол байхгүй. Тэр үед эдийн засаг хүнд байх үед ЖДҮ, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний чиглэлээр бүх зүйл ном журмынхаа дагуу сонгон шалгаруулалтаар явуулсан.Ер нь өнөөдрийн үйл явдалтай буюу өмнө нь зээл авсан жирийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесүүдийг өнөөдрийн улс төрчдийн үйлдэлтэй харьцуулж боломгүй зүйл. Ардчилсан нам энэ асуудал дээр л байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Энэ бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат байсан гэдгээрээ өөрийгөө хаацайлах эсвэл өөрөө ярихгүй байх гэдэг ч юм уу ийм өнцөг болох үндсэн шалтгаан болж угаасаа чадахгүй.

    Хамгийн гол ноцтой зүйл юу гэвэл өнөөдрийн ЖДҮХС-аас олгогдож байгаа зээл нь зохион байгуулалттай буюу У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн гишүүдэд бодлогоор олгогдсон байж болзошгүй нөхцөл байдал үүсч байна.  Учир нь бүгд ижил тоо хэмжээтэй байна. Үүнд албан тушаал, эрх мэдлээ ашиглаж ижил хэмжээний зээлийг бөөнөөрөө авсан нөхцөл байдал үүссэн нь өөрөө үндэсний эрх ашгийн эсрэг үйлдэл буюу гэмт хэргийн шинжтэй байдал агуулагдаж байгаа гэдгийг л Ардчилсан нам анхааруулж байгаа юм. Гэтэл энэ ноцтой асуудлыг Аж үйлдвэрийн сайд байхдаа ингэсэн, тэгсэн гэдэг гүтгэлгийн маягийн мэдээлэл явууртай зүйл огтоос биш.

     

    -Засгийн газрын А88 дугаар тушаал гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл байна уу?

     

    -Энэ тушаалын талаар одоог болтол хариу ирүүлээгүй байна. Би ажлын албандаа хэлсэн байгаа. Мөн А88 дугаар тушаалаас гадна 2015 онд Засгийн газрын 66 дугаар тогтоол гэж гарсан тогтоолтой адил Засгийн газрын тогтоол гарах ёстой. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-ийн зээлийг ямар хувиар, яаж олгох ёстой эсэх тогтоол гарах ёстой. Энэ тогтоолыг ол гэдэг зүйлийг ажлын албандаа даалгавар болгож өгсөн байгаа. Энэ бичиг баримт ил болох байх гэж бодож байна.Яагаад гэвэл өнөөдөр нотлогдсон зүйл нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бөөнөөрөө оройлцоо хэмжээний зээл авсан нь тодорхой болж эхэлж байна. Тиймээс хардлага төрүүлж байгаа юм. Энэ асуудал нь өөрөө ЖДҮС-ийн мөн чанарыг алдагдуулж буй асуудал гэдэг нь ойлгомжтой болж эхэлж байгаа учир байж болохгүй асуудал гэж харж байгаа. Ер нь бол бид цаашдаа дахиад нэг санал тавих бодолтой байгаа. Энэ зөвхөн  ЖДҮС-ийн асуудал биш. Ер нь төрийн тусгай сангуудын үйл ажиллагааг түр зогсоогоод, үүссэн цагаас нь хойшхи үйл ажиллагааг эргэж нэг нягтлах цаг нь болсон юм биш үү гэдэг санал тавих бодолтой байна.

     

    -Ардчилсан намын бүлэг ЖДҮ-ийн тухай хуулийн төслөөс завсарлага авсан?

     

    Бид сая ЖДҮ-ийн тухай хууль дээр завсарлага авсан байгаа. Завсарлага авахад эрх баригчдын хоорондоо зөрчилдөөн байсан. Ажлын хэсгийн хувьд санал нэгдэхгүй асуудал байсан. Учир нь ЖДҮС-ийн зээлийн олголтын суурь зарчим өөрчлөгдөөгүй, ЖДҮ-ийн томьёолол нь өөрөө буруу, Засгийн газрын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүй олгох нүх нь нээлттэй байгаа учир хуулийг зайлшгүй эргэж харах ёстой гэж бодож байгаа. Тиймээс Д.Эрдэнэбат гэдэг хүнээр улс төржих асуудал амин чухал а суудал биш болсон. Харин үндэсний эрх ашиг, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашиг, ажлын байргүй байгаа хүмүүсийн эрх ашиг ноцтой зөрчигдөж ноцтой хөндөгдөж байгаа учир бид энэ сэдвийг зайлшгүй нэг талд нь гаргаж шийдвэрлэх ёстой.

     

    -ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах  тухай асуудал ч яригдаж байна?

     

    -Хууль хяналтын байгууллага ЖДҮХС-ийн зээлийн тушаалаар Д.Эрдэнэбат мөнгө авсан эсэхийг шалгах бүрэн эрх нь байгаа.