Нийслэлийн есөн дүүргийн намын удирдлагууд сургалтад хамрагдлаа
    2018 оны 10 сарын 29 нд
    e1d33d6da268b9458b1ca514f3de8b4f.jpg

    “Хөгжил, шинэчлэл” үндэсний аяныг угтсан сургалт тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалтад  нийслэлийн есөн дүүргийн намын удирдлагууд болон ҮБХ-ны гишүүд  хамрагдаж, холбогдох удирдамж, мэдээлэл, гарын авлагаар хангагдлаа.  Сургалт “Монгол төрийн бодлого, уламжлал, хөгжил, хандлага”, “Аймаг, дүүргийн өрсөлдөх чадвар”, “Монгол Улсын гадаад, дотоод өр, авлага”, “Улстөрийн намын тухай хууль ба эрх зүйн шинэчлэл” зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

     

    Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, доктор, профессор Т.Лхагва нарын зочид оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо хуваалцсан юм. Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажил зохион байгуулж буй. Тиймээс намын шинэчлэлийн бодлого боловсон хүчнээ бэлтгэх, анхан, дунд шатны гишүүдээ чадавхжуулахад чиглэх учиртайг Монгол Улсын Ерөнхий сайд  асан Р.Амаржаргал онцоллоо. Тэрбээр цааш нь "Улстөрийн мөчлөгийн хувьд Ардчилсан намд цоо шинэ үе гарч ирэх цаг нь болсон. 28 жилийн түүхтэй Ардчилсан нам гэдэг "брэнд"-д шинэ "нүүр царай" зайлшгүй хэрэгтэй" гэв. 

     

    “Хөгжил, шинэчлэл” үндэсний хоёрдугаар аянд Ардчилсан намын анхан, дунд шатны байгууллага, бүх шатны сонгуульт гишүүд, дэмжигчидээс гадна иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна. Аян ирэх сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ.