Хуульч Д.Оросоо: УИХ-ын гишүүн ЖДҮХС-гаас зээл авахад оролцсон нь тогтоогдвол 2-8 жилийн хорих ял эдлэх үндэслэл болно
    2018 оны 10 сарын 31 нд
    f2cf2f12e5b463b45ef354b5a6b411d6.jpg

    ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий компаниудад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудал олны анхаарлыг татаад буй. Уг сангаас УИХ-ын гишүүд төрийн өндөр албан тушаалаа ашиглан зээл авахад нөлөөлсөн нь тогтоогдсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх талаар хуульч Д.Оросоогоос  тодруулга авлаа.

     

    -УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас  өөрийн хамаарал бүхий компанид нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан эсэхийг  хуулийн хүрээнд шалгах боломж гарц  нь юу юм бэ?

     

    -Авлигын эсрэг хуулинд авлига, ашиг хонжоо гэсэн ойлголтуудыг маш нарийн тодорхойлж өгсөн байдаг. Уг хуулин дээрээ  эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулж ашиглах, бусдад болон  өөртөө  давуу байдал бий болгох,эдийн болон эдийн бус ашигтай байдлыг өөртөө  бий болгож байгаа үйлдлийг авлига буюу ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж үздэг.  Хуулийн энэ тодорхойлолтоос харах юм бол албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулж ашигласан, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон. Мөн эдийн болон эдийн бас ашигтай байдлыг өөртөө болон бусдад бий болгосон  гэж үзэх үндэслэл харагдаж байгаа юм.

     

    -Нийслэлийн Прокурорын гадраас уг асуудлыг нарийвчлан шалгаж эхэлсэн юм билээ?

     

    -Мэдээж хуулийн байгууллага үүнийг шалгаж, тогтоох ёстой. Тэр дагуу АТГ-аас  холбогдох асуудлыг шалгаж эхэллээ гэж харсан. Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйл дээр улстөрийн албан тушаалтанд хориглох зүйлүүдийг зааж өгсөн байдаг. Энд юу байдаг  вэ гэхээр, улстөрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан, давуу эрх эдлэхийг хориглодог. Уг заалтаас харахад, УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн зээл дээр өөрсдөдөө давуу байдал бий болгочихсон гэж харагдаж байгаа. Ингэж хардах бүрэн үндэслэлтэй. Үүний дагуу хянан шалгах үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм.

     

    -Энэ төрлийн авлигын шинж чанартай гэмт хэргийг Эрүүгийн хуульд хэрхэн зааж өгсөн байдаг юм бэ?

     

    -Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад энэ төрлийн гэмт хэргийг маш тодорхой зааж  өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн 22.1-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэмт хэргийг зааж өгсөн байдаг. Алтан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол үүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа  урвуулж ашиглах гэж үзнэ гээд заагаад өгчихсөн. Уг шинжээр нь авч үзэх юм бол ,УИХ-ын гишүүн бол хуульд заасны дагуу төсвийг батлах бүрэн эрхтэй. Тэр утгаараа, ЖДҮХС-гийн  төсөв санхүүг УИХ  баталж өгдөг. Гэтэл УИХ-ын гишүүд  уг баталсан төсвөө  өөртөө авчихсан байна гэдэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласны нэг илрэл юм. Өөрсдийн баталсан төсвөө өөрсдөө зарцуулчихсан юм байна гэх хардах өнцгийг үүсгэж байгаа. Тиймээс  л энэ хэргийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой.

     

    -Хэрвээ шалгах явцад гэм буруутай нь тогтоогдвол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

     

    -Энэ төрлийн хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүндрүүлж авч үздэг. Улстөрд нөлөө бүхий этгээд гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүнд хамаарна. Ийм  албан тушаалтан энэ төрлийн хэргийг үйлдсэн нь тогтоогдвол нийтийн  албанд томилогдох эрхийг нь 5-8 жил хүртлэх хугацаагаар  хасч, торгодог. Мөн 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэл болж өгдөг.

     

    -Зарим зээл авсан гишүүд буцаан төлөхөө мэдэгдсэн. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?

     

    -Хохирол үүсгэсэн эсэх, зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч, хуулийн хариуцлагаа хүлээх эрхзүйн зохицуулалттай юм. Хамгийн гол нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан, ашигласан  гэдэг үйлдэл дээрээ хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Одоо зээлээ буцаагаад төлсөн байх, эргэн төлөлтөө төлчихсөн байх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн зохицуулалт байхгүй.

     

    -УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээс үл хамаарч хуулийн хариуцлага хүлээх эрхзүйн үндэслэлтэй гэсэн үг үү?

     

    -УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь энэ хэргийг шалгахад нөлөөлөхгүй. Холбогдох ажиллагааг явуулах бүрэн бололцоотой. Шаардлагатай бол, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх  асуудлыг УИХ-д оруулах боломж хүртэл байгаа. Үнэхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол  УИХ, Засгийн  газрын гишүүн байх нь хамаагүй. Жирийн иргэний нэгэн адил хуулийн хариуцлагаа  үүрээд явах учиртай. Тиймээс УИХ-ын гишүүдийн бүрэн эрх нь энэ хэргийг шалгахад ямар нэгэн байдлаар хаалт үүсгэх ямар ч үндэслэл байхгүй. Хуульч хүнийхээ зүгээс ингэж л харж байгаа.

     

    СЭТГҮҮЛЧ: Ж.МЯДАГБАДАМ

     

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ:  Ц.ЭНХТАЙВАН

     

    Эх сурвалж: medee.mn