С.Эрдэнэ: Цаашид Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй
    2018 оны 11 сарын 03 нд
    4c764c08e07cfb5c96cda57609bf875e.jpg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

     


    -УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн өндөөрийн (өчигдрийн) чуулганы хуралдааныг орхин гарлаа. УИХ, Засгийн газрыг харицлагаа хүлээтэл чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ хэлсэн. Энэхүү асуудалд та намын даргын хувьд тайлбар өгөхгүй юу?

     

    -Сүүлийн үед УИХ, Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн шийдвэр, ноцтой алдаатай бодлогуудыг ихээр гаргах боллоо. Энэхүү гаргасан буруу бодлого, шийдвэрээс нь болоод улс орны нийгэм эдийн засгийн байдал үндсэндээ дампуурал руугаа явж байна. Тухайлбал, сүүлийн хэдэн сард урьд хойчид байгаагүйгээр бензин, шатахууны үнэ өслөө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна. Мөн иргэдийн орлого буурч, амьжиргааны чадвар нь багаслаа. Түүнчлэн валютын ханш гэдэг зүйл хэрээс хэтэрлээ шүү дээ. Үүнтэй зэрэгцээд нөгөө алдарт 60 тэрбумынх нь хэрэг шийдэгдээгүй байтал 60 байтугай тэрбумын асуудал бослоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан нь ил болж байна. Угтаа ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа ч үүнээс гадна маш олон сан бий. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сан, Тариалан эрхлэлтийн сан, Хөдөө аж ахуйн сан гэх мэт олон сан байдаг. Эдгээрээс хичнээн төгрөгийн зээл авсан нь нууц байна. Тиймээс л манай нам шаардлага тавьсан.

     

    -Та бүхний шаардлагын хариуг УИХ-ын дарга өгсөн юм биш үү?

     

    -Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт манай намын бүлгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, дээрх сангуудаас зээл авсан гишүүдийг шалгаж тогтоогоод ямар хариуцлага тооцох талаараа мэдээллээч гэж. Хоёрдугаарт, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Цаашид энэхүү шатахууны үнийг барих, бууруулах асуудлаар ямар ажил хийх гэж байгаагаа тодорхой илэрхийлээч гэж. Мөн УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг шаардсан. Гуравдугаарт, энэ бүхнээс болж алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ , Засгийн газар яаралтай зохион байгуулахыг шаардаж байгаа. Харамсалтай нь үүнд УИХ-ын дарга тодорхой хариу ирүүлээгүй. Нэг албан бичиг ирсэн. Түүнд нь бидний хүссэн хариулт алга байсан. Бид улс орны нийгэм эдийн засгийн байдал ноцтой байдалд орчихоод байна гэдэг асуудлаар шаардлага тавьсан болохоос хуралд суух, суухгүй тухай асуудлыг яриагүй л байхгүй юу. Нөгөөтэйгүүр АН-ын есэн гишүүнтэй бүлэг Ерөнхий сайдад асуулга тавиад байхад одоо болтол бидэнд хариу ирүүлсэнгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болж бид өнөөдрөөс (өчигдөр) эхлээд чуулган болон байнгын хороодын хуралд суухгүй гэдгээ хэлээд шаардлагуудаа ширээн дээрээ орхиод гарсан. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой тэмцлийн хэлбэр. Түүнээс биш бид хийх ажилгүйдээ ч юм уу ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо олох гэж хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

     

    -Танай намын есөн гишүүн чуулганы хуралдаанд суухаа больчихлоо гээд УИХ-ын шийдвэр гаргах, хууль батлахад нь саад болж чадахгүй шүү дээ. Та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авбал буцаад хуралууддаа суух юм бэ?

     

    -Ерөөсөө л гэм буруутай этгээдэд хариуцлага тооц. Бодит үнэн зөв мэдээллийг гаргаж олон нийтэд ил болго. Засгийн газарт байгаа тэрхүү ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцоо л гэсэн шаардлагыг тавьсан. Хэрэв дээрх бүгдэд хариуцлага тооцоод эхэлбэл бид хуралдаа сууна. Бидэнтэй бидэнгүй энэ удаагийн эрх баригчид хэт олонхоороо шийдвэр гаргаад явчих боломжтой. Үүнийг нь бид үгүйсгээгүй. Сөрөг хүчин юутай ч шаардлагаа тавьж байна. Өнөөдөр сөрөг хүчний шаардлагыг эрх баригчид үл огоороод хэт олонхдоо дулдуйдаад цааш явах юм бол эндээс гарч байгаа аливаа шийдвэр бүхэн өөрөө ёс зүйгүй л шийдвэр болно.

     

    Өөрөөр хэлбэл парламентын цөөнх оролцоогүй шийдвэр гэдэг бол тийм ч цэвэр шийдвэр гарахгүй гэсэн үг. Ганцхан нэг хүчний, эрх баригч намын дангаараа гаргасан шийдвэр л болж явна. Цаашид сөрөг хүчин буюу Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй. Яагаад гэвэл бид тэрхүү санал хураалтад оролцоогүй, асуудал ярьж байхад нь ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй. Тиймээс эрх баригч МАН дангаараа цаашаа явах юм бол хариуцлагаа өөрсдөө л хүлээх ёстой.

     

    -Энэ сарын 15-наас өмнө чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэн батлах ёстой. Гэтэл сөрөг хүчин чуулганы хуралдаанд суухгүй болохоор ирэх оны төсөв хэрхэн батлагдах юм бол. УИХ дахь намын бүлгийн саналыг тусгаж байж төсөв батлагдана биз дээ?

     

    -Ардчилсан намын бүлгийн хувьд дүгнэлтээ Их хуралд танилцуулсан. Ирэх оны төсөв үнэхээр учир дутагдалтай төсөв болсон. Хэт хөөсөрсөн, орж байгаа орлогоо бодитоор тооцоолж чадаагүй, хэт өөдрөг төсөв болсон байна лээ. Үүнийг засаач ээ, өөрчлөөч ээ гэдгийг бид олон удаа хэлж шаардсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж аваагүй. Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгатал УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байгаа юм.

     

    -Уржигдар Б.Батзориг сайд өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Засгийн газар хариуцлагаа үүрч байгаагийн нэг хэлбэр гэж харж байна уу?

     

    -Зүгээр нэг сайд огцорсон гээд Засгийн газар хариуцлагаас мултарна гэдэг зүйл байж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар ганц, хоёрхон сайдыг ажлаас нь чөлөөлчихөөд хариуцлагаас зугтах гэж оролдож байна. Өмнө нь ЗТХЯ дээр гарсан ноцтой хүн амины хэргээс болж ганц сайдаа огцруулаад хариуцлагаас зугтсан. Одоо хэдэн арван сая төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй авлигын шинжтэй хэрэг гарчихаад байхад мөн л тухайн асуудал хариуцсан сайдыг огцруулах замаар хариуцлагаас бултах гэж байна. Ер нь гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө, тийм үү. Үүний илрэл нь тэрхүү зээл авсан гишүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, дээр нь энэхүү зээлийг олгосон сайд нь өөрөө албан тушаалаасаа огцорч байна. Одоо тэгээд яах уу, дан ганц огцроод л асуудал дуусахгүй. Энэ улс хуультай юм бол хуулийнхаа дагуу л хариуцлага тооцоод явах ёстой.

     

    -Энэ удаагийн Засгийн газрыг асуудал үүссэн сайдаа асуудалтай сайдаар сольчихдог гэж яриад байна л даа. Уг асуудлыг та юу гэж харж байна. Тухайлбал, ЗТХ-ийн сайдыг асуудал гаргахаар нь огцруулсан. Гэтэл түүний оронд томилогдсон сайд нь ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдчихсон байна гэдэг зүйлийг улстөрчид ярьж байна л даа?

     

    -У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллах чадамжгүйгээ иймэрхүү үйлдлүүдээсээ харуулаад л байгаа юм. Миний хувьд энэ удаагийн Засгийн газрыг шүдгүй арслантай л зүйрлэж байгаа. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулснаас хойш өдгөө хоёр том соёогоо аваад хаячихлаа. Арслангаар жишээ болговол энэ Засгийн газар шүдгүй болж байна л гэсэн үг. Энэ мэт нэг хоёроор нь шүдээ суга татаж хаяад байвал сүүлдээ юугаараа хоолоо идэх вэ. Үүнтэй адил бүхэл бүтэн нэг улсын Засгийн газар өөрийн буруу бодлогоосоо болоод алдаатай үйлдэл бүртээ нэг сайдаараа туг тахиж байна. Ингээд яваад байж болохгүй л байхгүй юу. Энэ бол хариуцлагагүй байгаагийн тод илрэл. Цаашид Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах боломж, чадамжгүй болсон.

     

    -УИХ-ын 75 гишүүнээс 50 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг мэдээлэл нийтэд ил боллоо. Үүнд танай намын гишүүд байгаа юу?

     

    -Байхгүй.

     

    -Байхгүй гэдэгт нь та итгэлтэй байна уу?

     

    -Итгэлтэй байна. Угаасаа тус сангаас зээл авсан хүмүүс чинь нэр усаараа ил тод байж байгаа шүү дээ.

     

    -Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах саналаа Их хурлын даргад хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн энэхүү УИХ өөрөө тарах ёстой гэдэг саналыг та болон танай нам хэрхэн хүлээн авч байна вэ?

     

    -Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах, чуулганы хуралдаанаар хэзээ, хэрхэн хэлэлцүүлэх нь УИХ-ын даргын мэдэх асуудал. УИХ-ыг хариуцлагаа хүлээгээд тар гэж байгаа бол би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь УИХ-д 76 өөр өөр тойргоос сонгогдсон далан зургаан бие даасан субьект байж байгаа. Нөгөөтэйгүүр яахаараа гэм хийсэн этгээдүүдийн өмнөөс гэм зэмгүй гишүүн ямар нэгэн ял, хариуцлага хүлээх ёстой юм. Тиймээс УИХ-ыг бүхэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг би шударга бус гэж үзэж байна.

     

    -Тэгэхээр УИХ бүхэлдээ тарах шаардлага үүсээгүй байгаа гэж ойлгож болох уу?

     

    -Бүхэлдээ тарах ёстой гэдэг нөхцөл байдлыг би харахгүй байгаа. Мэдээж асуудлыг хэрхэн тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

     

    Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"