Ж.Батзандан: С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаж болно
    2018 оны 11 сарын 05 нд
    8c7867a9dcaec1de8b4b21152792d8dc.jpg

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал болон С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хаах тухай прокурорын мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийллээ.

     

    УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгааг хэлэв. Уг асуудлыг шийдвэрлэхээс нааш УИХ-ын хуралдаанд суухгүйгээ ч хэллээ. Энэ талаар Ж.Батзандан “Олон түмэн бухимдалтай байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг яаралтай шийдэж, УИХ-ын гишүүд асуудалд холбогдсон бол ёсзүйн дэд хороо яаралтай хуралдах ёстой. УИХ-ын дотоод хариуцлагын систем ажиллах ёстой. УИХ-ын олон гишүүд асуудалд холбогдсон бол хууль, хяналтын байгууллага ажиллагаа явуулж шалгах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

     

    Тэрбээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, УИХ 2019 оны төсвийн хуулийн төслөөр нээлттэй сонголт зохион байгуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

     

    Мөн Ж.Батзандан гишүүн хэдхэн сарын өмнө С.Зоригийн амь насыг хөнөөлгөсөн захиалагчийг зарлана гэсэн байсан эрх баригчид өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн асуудлаас бултах гэж байгааг АН-ын бүлгийн дэд даргын хувьд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэв.

     

    Тэрбээр энэ тухай “Эрх баригчид С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хааж байна гэсэн хууран мэхлэлт, тархи угаалтыг хийж байна. Хуулийн дагуу авч үзвэл хөөн хэлэлцэх хугацаатай асуудал байгаа. Соёлын өвийн олон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж эрх баригч нам хаасан.

     

    Хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно. Соёлын өвийн гэмт хэрэг, төрийн өндөр албан тушаалтны амь насыг хөнөөсөн хэрэг, бүх насаар нь хорих ял өгсөн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй байхаар УИХ, дээд шатны байгууллагууд шийдвэр гаргах бүрэн боломжтой. 1998 онд үйлчилж байсан Эрүүгийн хэргийг бариад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж асуудлаас бултах гэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

     

     

    ЭХ СУРВАЛЖ: WWW.SHUUD.MN