Г.Чинбат: Эрх баригчид АН-ын эхлүүлсэн ажлуудыг зогсоох, нэрийг солих л ажил хийж байна
    2018 оны 11 сарын 06 нд
    b63e51d0be9f3f72765b1296e1647166.jpg

    Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Г.Чинбаттай ярилцлаа.

     

    -Говь-Алтай аймгийн хувьд эрх баригч хүчин хэрхэн үр дүнтэй ажиллаж байна вэ. Сөрөг хүчний хувьд та дүгнээд хэлбэл?

     

    -Говь-Алтай аймгийн хувьд өнгөрсөн 28 жилийн түүхэнд хоёр жил Ардчилсан нам төр барьсан байдаг юм. Бусад жилүүдэд МАН төр барьсан байдаг. Өөрөөр хэлбэл 2014-2016 онуудад дахин сонгуулиар анх удаагаа АН ялсан. Энэ хугацаанд бид МАН-ын 20 гаруй жил төр барихдаа хийж чадаагүй бүтээн байгуулалтыг бий болгосон. Гэвч харамсалтай нь бидний хийсэн ажлыг МАН сүүлийн хоёр жилд эрх барихдаа хийж эхлүүлсэн ажлуудыг зогсоох, нэрийг сольж өөрсдөө хийсэн ажил болгож байна. Эрх баригчдын хийж байгаа ажил нь гэвэл байшин барилгын нэрийг улаанаар сольж будах л юм даа. Манай аймгийн хувьд МАН-ын намын дарга, Засаг дарга, ИТХ-ын дарга нар албан тушаалаа булаацалдсан байдалтай л байна. МАН-ынхан албан тушаалаа хоорондоо булаацалдах байдлаар л ажлаа явуулж байна. Түүнээс биш орон нутагтаа бүтээн байгуулалт хийе, хөгжүүлье гэсэн нэг ч дорвитой зүйл хийсэнгүй ээ. Энэ чиглэлээр үндсэндээ ямар ч ажил хийгдэхгүй байна гэж миний хувьд боддог.

     

    -АН-ын хийсэн ажлыг зогсоох, нэрийг нь өөрчлөх зэргээр МАН ажил хийж байна гэж хэллээ. Яг ямар ажлыг зогсоогоо байгаа талаар ярихгүй юу?

     

    -Говь-Алтай аймгийн хувьд ундны усны хомсдолтой. Эрүүл ахуйд тохирдоггүй устай байсныг 40-өөд километрт цэвэр усны үйлдвэр байгуулсан. Тус ажил нь аймгийн төвд амьдардаг 20 мянган иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдсэн “Цэвэр Ус” гэдэг нэрийг “Гэгээн нуур” гэдэг нэрээр сольсон. Мөн орон нутагтаа томоохон бүтээн байгуулалт хийж 1000 айлын орон сууц бүхий “Солонго” хороолол бий болгож зам, дэд бүтцийг нь бүрэн шийдсэн байсныг “Хаус” нэртэй хэдэн амбаар барьж эхэлж байна. Зам, цахилгаан, дулаан гээд дэд бүтцийг төр бүрэн шийдээд өгсөн тэр сайхан ажлыг үргэлжлүүлэх сонирхолгүй байна. Үндсэндээ “Солонго” хорооллын нэрийг 1000 айлын орон сууц нэрээр солих төдий л ажил хийгдэж байна. АН хоёрхон жил төр засаг барихдаа хийсэн ажил үндсэндээ зогссон. Тухайн үед хийсэн бүтээн байгуулалтын ажлууд МАН-ын эрх барьж байгаа үед зохиомол нэр солих төдийхөнөөр л үргэлжилж байна.

     

    -Энэ байдалд сөрөг хүчний хувьд танай нам ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

     

    -Намын шинэчлэлийн хүрээнд идэвхитэй ажиллаж байна. Иргэдийнхээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд эрх баригчдыг нэлээд шахаж байна. Манай аймагт хууль хэрэгжихгүй байна. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд энд тэндэхийн газар ухаж сэндийчсэн дүр зураг л харагдаж байгаа.

     

    -Танай аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна. Хурлаа цагтаа хуралдуулж чадаж байна уу?

     

    -Аймгийн ИТХ 40 суудалтай. Түүнээс АН 17 суудалтай. МАН-ын хувьд дангаараа төр барьж чадахгүй байгаа. Бие даасан болон МАХН-ын төлөөлөгч нарыг мөнгөөр худалдаж авах байдлаар л төр барьж байна. ИТХ-ын хувьд хууль бус хурал хийсэн. Өнөөдрийн Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нь хууль бусаар томилогдсон этгээдүүд. Хууль бусаар эрх барьж байгаа. Нууцаар бүлгийнхээ хурал дээр энэ асуудлаа шийдсэн байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ИТХ хуралдсан боловч МАН-ын доторх сандал суудлын зодоон болж төсөв батласан болоод л хурал өндөрлөсөн. Мөн зургадугаар сард төсөв тодотгох хурал хийгдэх ёстой байсан боловч хуралдаагүй. МАН-ын хувьд хурлыг болж өгвөл хуралдуулахгүй ямар нэгэн байдлаар хойшлуулах л хүсэлтэй. Хуралд АН-ын тэргүүлэгчдийг урьж оролцуулахгүй дандаа нууцаар булхайгаар хуралдаж буруу шийдвэр гаргадаг. Тиймдээ ч гаргасан шийдвэрүүд нь дандаа зөв оновчтой гарахгүй байна гэж үзэж байгаа.

     

    -Эрх баригчдын дотоод хагарал, сандал ширээний асуудал ярьж байх зуур өвөлжилт хаяанд ирчихээд байна шүү дээ. Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу?

     

    -Эрх баригчдын дотоод хагарал дээд хэмжээнд хүрсэн нь ил байгаа болохоос өвөлжилтйн байдал өнөөдөр ямархуу хэмжээнд яваа нь цаасан дээр л явж байгаа. Түүнээс биш нүдэнд үзэгдэж, гарт баригдах хэмжээнд бодитойгоор бэлтгэсэн зүйл одоогоор лав энэ эрх баригч нар хийгээгүй.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" 

     

    Сэтгүүлч: Ц.Байгальмаа