Б.Пунсалмаа: Намын шинэчлэлийн бодлого надад сонгогдох эрхээ эдлэх боломж олголоо
    2018 оны 11 сарын 06 нд
    f011185694236c0f6e22845e89e97f28.jpg

    “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль амжилттай явагдаж өндөрлөлөө. АЭХ-ны тэргүүнээр С.Одонтуяа, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр Б.Пунсалмаар нар сонгогдоод байна.

     

    -Юуны өмнө нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр сонгогдсонд тань баяр хүргэе. 

     

    -Баярлалаа. Анхны сонгуульдаа ялалт байгуулсандаа баяртай байна. Ардчилсан нам нээлттэй, гишүүн төвтэй нам болох зорилтын хүрээнд ажиллаж байгаа. Энэ хүрээнд өрнөж буй шинэчлэлийн бодлого надад сонгогдох эрхээ эдлэх боломж олгосон. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд хэлэх үг, хийх ёстой үйлдлийнхээ хэм хэмжээ, зах хязгаарыг өргөжүүлэн тэлж, цаашид Ардчилалын төлөө, эмэгтэйчүүдийнхээ төлөө, нийслэлийн төлөө, эх орныхоо төлөө би юу хийж чадах билээ гэдгээ эргэцүүлэн дүгнэж, бодлоо цэгцлэн нэгтгэсэн ажил хэрэгч, хариуцлагатай өдрүүд өнгөрлөө. Ардчилсан намын шинэчлэлийг батжуулж, эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах нь миний үүрэг.  Тиймээс ч итгэлийг зүтгэлээр хариулж ажиллана. Хэдийгээр би намын шинэ гишүүн боловч 10 хэдхэн настайгаасаа эхлээд Ардчиллыг дэмжигч байсан. Тиймээс ардчиллыг бэхжүүлж, батжуулж хойч үедээ сайхан нийгмийг үлдээхийн төлөө хүчээ өргөх цаг нь ирсэн гэж харсан учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн юм.

     

    -Нэр дэвшигчид нийслэлийн есөн дүүрэгт өртөөлөн ажиллалаа. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан нийтлэг ямар бэрхшээл байна вэ?

     

    -Сар гаруй хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж, 3000 орчим эмэгтэйтэй уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Дүүргүүдээр явж байхад ажилгүйдэл, ядуурал маш их байна. Эмэгтэйчүүд маань мэдээллээр дутмаг байна. Энэ удаагийн сонгууль өрсөлдөөн гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн итгэл, урам зоригийг сэргээсэн арга хэмжээ болсон. Бидэнд хийх ажил маш их байна. Намын эмэгтэйчүүдийн байгууллагын хөгжил болон нийгмийн сайн сайхны төлөө гэсэн үндсэн хоёр чиглэлд бодит ажил хийхээр цаасан дээр буулгасан төлөвлөгөөгөө биежүүлэн биелүүлэх эрхтэй боллоо. Тууштай бас хурдтайгаар ажиллах нь миний зарчим. Эмэгтэйчүүдийгээ ажилтай, орлоготой болгохын төлөө, тэднийхээ сайн сайхны төлөө бүхий л мэдлэг, чадвараа дайчлан ажиллах болно. Нийслэлийн АЭХ-гоо шинэлэг арга барилаар удирдаж, дүүрэг, фракц гэхгүйгээр нэг цөм болгон зангидаж, ажиллана гэж төлөвлөж байна.