Л.Болд: АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавиасай гэж уриалж байгаа
    2018 оны 11 сарын 07 нд
    e28d364260981e7972788417b44649b7.jpg

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. 


    -Ирэх оны төсөв батлагдчихлаа. Сөрөг хүчний зүгээс төсөвт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд ч төсөвтэй холбоотойгоор Цэцэд хандана гэдгээ хэлж байсан. Цаашид хэрхэх бол?


    -Төсвийг өргөн барихаасаа эхлээд л хууль зөрчсөн. Хамгийн сүүлд л гэхэд ирцгүйгээр хууль зөрчиж баталлаа. Бүх шатандаа явцгүй л төсөв гарчихлаа. Сонгуульд зориулсан, сонгогчдыг худалдаж авах гэсэн төсөв боллоо. Ард түмний төлөө гэсэн төсөв болж чадсангүй. Миний хувьд энэ төсвийг хууль зөрчсөн учраас Цэцэд өгөх бодолтой байна. АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавиасай гэж уриалж байгаа. Эрх баригч намын гишүүд ч үнэнд гүйцэгдээд төсөвт хориг тавих юм бол боложмийн хэмжээгээр засах тал дээр нь ажиллая гэсэн санааг гаргаж байх шиг байна. Эцсийн найдвар тэр л боллоо. Түүнээс ийм төсөв хэрэгжих бололцоо байхгүй. Байж болохгүй. Монголд парламент ёсыг уландаа гишгэсэн, түүхэнд байгаагүй аймшигтай муу төсөв гарч байгаа нь маш эргэлзээтэй болгож байна. 


    -Төсөвт хууль зөрчиж тусгагдсан ямар зүйлүүд байгаа талаар тодруулаач?


    -Амьдрал дээр хэрэгжих бололцоогүй 400-гаад объект зураг төсөлгүй орж ирсэн. Энэ бол гишүүдийн амыг л хаасан зүйл. Нэг том хөтөлбөр гаргаж байгаа юм шиг боловч хэрэгжих бололцоогүй. Дээр нь орлого, зарлага маш үрэлгэн байна. Хэзээ ч байхгүй, хэрэгжих ямар ч үндэсгүй орлого тавьчихсан. Зарлага дээр нь сайд нарын хувийн концессоос авахуулаад дуртай болгоноо тусгачихсан. Өмнөх Засгийн газар ямар шалтгаанаар огцорсон нь утгагүй болчихоод байна л даа. Яг л тэр зүйлээ буцаагаад оруулж ирээд баталчихлаа. Үнийн тогтворжуулалт, ард түмний амьжиргааг нэмэгдүүлэх, инфляцитай уялдуулж үнийн эсрэг авах бодит арга хэмжээ ч гэдэг юм уу нийгэмд хэрэгтэй, шийдэх ёстой асуудлууд олон байна. 
    УИХ-ын тогтоолоор Үндсэн чиглэл гарчихсан байгаа. Үндсэн чиглэл дээрээ тулгуурлаж төсвөө хийх ёстой. Бид Үндсэн чиглэл дээр сайн ажилласан. Хийх ажлынх нь гол чиглэлийг гаргасан. Гэтэл төсөв дээр Үндсэн чиглэл доторх гол заалтуудаа үгүйсгээд хууль зөрчөөд явчихсан. Хамгийн гол нь гэр хорооллын болон утааг шийдэх асуудлуудыг 100 хувь үгүйсгэлээ. Ямар нэгэн өөрчлөлт, дэвшил байхгүй байгаад бид маш их бухимдаж байна. Зөвхөн бид ч биш гэр хорооллынхон бүгд бухимдалтай байгаа. Үүнийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Багш, эмч, цагдаа нар гээд бүхий л түвшин дэх маш хүндрэлтэй нөхцөл байдал хэвээр үлдээд байна. 


    - Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас нь огцрууллаа. Мөн УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад өгсөн. Энэ хэр зөв шийдвэр гэж та үзэж байгаа вэ?


    -Иргэнд үйлчилдэг хууль УИХ-ын гишүүд, сайдад үйлчлэхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Асуудал гарсан бол хуулийн хүрээнд шалгаж тогтоож болно. Үнэхээр үүний цаана бүлэглэсэн төрийн эсрэг том гэмт хэрэг байна гэж үзэж байвал хуулийн байгууллага ажлаа хийх л ёстой. Энэ асуудал дээр нэг зүйлийг анхааруулахад маш том хуйвалдааны шинжтэй, Монголын төрийг худалдаж авсан байж болзошгүй том зохион байгуулалттай гэмт хэрэг юм шиг ойлгогдоод явчихлаа шүү дээ. Үүнийг мухарлахгүй бол болохгүй. Гэхдээ хурдхан шиг галыг намжаахын тулд бараг долоо хоногийг амралтын өдөр болгон мартагнуулж, булзааруулах гэж оролдож болохгүй. Дээрээс нь хэн нэгэн сайдаар туг тахиад, албан тушаалын наймаа маягаар ингэж гарах гэж байгаа бол энэ байж болохгүй. 60 тэрбумын асуудал гэдэг чинь яг ингэж гарч ирдэг байхгүй юу. Хүн хүнээс багахан татвар авна. Түүгээрээ төрийн эрхийг булааж авсныхаа дараа өнөөх хүмүүстээ буцаагаад албан тушаалаар төлбөрөө хийдэг. Албан тушаал авсан хүмүүс нь өгсөн мөнгөө ард түмнээс арав, зуу дахин их болгоод авч байгаа биз. Ил гарч байгаа нь л энэ. Энэ чинь мөсөн уулын орой л юм. Үүний дор чинь 60 тэрбумын тогтолцоо чинь бий. Бид үүнийг эцсийг нь хүртэл гаргах ёстой гэж маш хатуу шаардлага тавьж тэмцэж байсан. Бидний ярьсан зүйл үнэн байгаагийн нотолгоо нь энэ. Монголын төр нурж унаж, сүйрч байна. 60 тэрбумын тогтолцоо Монголын төрийг дээд хэсэгт нь бүрэн идчихсэн. Үүнд эрээ цээр, ичгүүр сонжуур алга. 60 тэрбумын бичлэг ил болоход ямар аймар зүйл рүү явах бол оо гэж айж байсан бол тэр бодит байдал болчихжээ. Энэ Монгол Улсын тусгаар тогтнолд аюултай. Өнөөдрийн Монголын төрийг УИХ-тай нь бүхэлд нь худалдаад авахад ямар жаахан мөнгө орж байна вэ. Хүн болгонд л нэг, нэг тэрбумыг тараахад л болж байна. Энэ нь гадны эсвэл том уул уурхайн компанид юу ч биш шүү дээ. 60 тэрбумаар л Монголын төрийг авч, сөхрүүлж болдог юм байна. Бүх УИХ-ын гишүүд нь төрийн биш барьцааны төлөөлөгчид болж байна шүү дээ. 


    -Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан энэ үйлдэл хэр ёс зүйтэй юм бэ?


    -Яавч байж болохгүй. Энэ бол төсөөлөшгүй асуудал. Би ЖДҮХС-гийн үйл ажиллагааг ном журмаараа явж байгаа л гэж бодсон. Гэтэл төрийн албан тушаалтнууд нь эхнэр, хүүхдийнхээ компаниар дамжуулж авдаг жишиг тогтчихжээ. Бүр ичихээ ч байж. Төр гэдэг чинь сүүлдээ илт дээрмийн байгууллага шиг болчихсон байна. Энэ том аюулын дохио шүү. Үүн дээр ямар ч өршөөл байж болохгүй. Хуваадаг мөнгө нь жилийн дотор л үржээд байна. Жирийн гишүүддээ бол тойрог дээрх хөрөнгө оруулалтыг чинь дэмжье л гэж байгаа. Гэтэл цаана нь өөрсдөө хэд дахин их мөнгийг хөрөнгө оруулалтаар аваад дээрээс нь авлигалын аймшигтай сүлжээгээ ажиллуулаад явж байна. Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. 


    -ЖДҮ-ийн асуудал дээр хариуцлага тооцоод эхэлж байна. АН-ын зүгээс хэдийнээс чуулган, байнгын хорооныхоо хуралдаанд хэвийн оролцож эхлэх вэ. Эсвэл оролцоод эхэлсэн гэж ойлгож болох уу?


    -Ганцхан Б.Батзориг биш хэд хэдэн сайд нарын нэр холбогдсон. Мөн УИХ-ын гишүүдийн нэрс ч бий. Тэдгээрийн асуудлыг ил тод шийдэх хэрэгтэй. Ер нь ийм асуудал болж байгаа тохиолдолд Засгийн газар цаашдаа ажиллах ямар ч ёс зүйн эрх байхгүй болчихлоо. Ёс зүйн эрхгүй Засгийн газар удах юм бол нийгэмд бүр аюултай, тогтворгүй байдал үүсгэнэ. Тийм учраас Засгийн газар хариуцлагаа хүлээж огцроод үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа энэ бүх асуудлуудаа тодруулах ёстой. Үлдэх нь үлдэнэ биз. Гэм буруугүй хүмүүсийг бид бүгдийг нь шийтгэж болохгүй. Харин хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа үүрэх ёстой. Ингэж бид цэвэршиж авахгүй бол болохгүй ээ. Одоо нэг сайд өөрчилсөн болоод дахиад сайдын наймаа болоод л үргэлжлээд явах юм бол энэ өөрөө Монгол Улсын ирээдүйд аюултай нөхцөл байдал үүсгэнэ. Бидний хувьд бүр болохгүй бол дараагийн шатанд л шилжинэ дээ. 


    -Дараагийн шат гэдэг нь?


    -Чуулган, байнгын хороогоо хууль бусаар хуралдуулж байгаа, Монголын төрийг хулгайлж байгаа энэ үйл явцтай бид гудамжинд гараад тэмцэх үү, суулт хийх үү. Ард түмэнтэйгээ хамтраад ордныг бүслэх хэрэгтэй болно байх. Эрх баригчид сөрөг хүчинтэйгээ нэг өдөр ч хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна шүү дээ. Одоо ингээд сөрөг хүчингүй болчихлоо гэсэн шиг олонх нэрээр юу дуртайгаа хийгээд байж болохгүй. Ийм улс төрийн соёлгүй байж болох уу. Сөрөг хүчин хурал хаяж байна гэдэг чинь парламентын соёлоор хамгийн эцсийн шатны арга хэмжээндээ орж байгаа хэрэг биз дээ. Эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард суух ердийн соёлтой байх ёстой. Гэтэл юу ч болоогүй юм шиг гүрийгээд л байх. Би энэ олон жилийн парламентын түүхэнд ийм муухай бүдүүлэг байхыг хараагүй юм байна. Энэ бол ард түмнийхээ нүүр лүү нулимж байгаа хэрэг. Биднийг хэдэн сахилгагүй хүүхэд гараад явчихсан юм шиг хандаж болохгүй. Бүхэл бүтэн 1990 оноос хойш улс орныг авч явж байгаа улс төрийн нэг том хүчин эцсийн арга хэмжээ, сануулга өгөөд гарч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид эргээд зүгээр орчихно гэж байхгүй. Одоо орвол бид хувьсгал хийж байж л орно. Эднийг төрийн сэнтийгээс зайлуулж, энэ намыг хориглох асуудал тавьж байж орно. Парламентын ордныг бүсэлж, талбайг дүүргэж байж л орох болно. Өөр арга байхгүй. 


    -Хувьсгал хийлээ гээд хэнд ашигтай юм бэ?


    -Хэнд ч ашиггүй. Гэхдээ соёлтой ярья гэхээр нүүр лүү ус, шороо цацаад байхаар ямар ч аргагүй болж байгаа биз дээ. 1990 онд телевизээрээ муулж, үл тоогоод л байсан. Тэгээд л гудамжинд гарцгаасан шүү дээ.


    -Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Энэ асуудалд сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?


    -Санал нь орж ирэх юм бол мэдээж хэрэг намын бүлгээрээ яриад дүгнэлтээ гаргана. УИХ сөрөг хүчнээ ингэж дорд үзэж, гэмт хэргийн шинж чанартай төсөв батлаад, дотроо ард түмний мөнгийг хулгайлсан хүмүүсээ хаацайлаад, Үндсэн хууль руу гар дүрж Монголын ард түмний тусгаар тогтнолд аюул занал учруулах юм бол энэ УИХ чинь өөрөө тарчихсан байгаа хэрэг. УИХ-д ард түмний сонгосон хүмүүс нь чөлөөтэй байр сууриа илэрхийлж, төрийн эрхийг бариад явж байх ёстой. Гэтэл 76 дахь гишүүн нь ч өнөөдрийг хүртэл байхгүй байсаар байна. Дээрээс нь ард түмний итгэлийг алдчихсан, хариуцлага хүлээх ёстой сайд, гишүүдээ хаацайлаад л яваад байна. Хэн нэгэн хүн тар гэлтгүйгээр энэ УИХ чинь өөрөө тарчихаж байгаа байхгүй юу. Оршин тогтнох эрх нь дуусчихаж байна. Түүнийг нотлох уу, үгүй юу гэдэг л асуудал үлдсэн. Гишүүд саналаа хураагаад аваад үлдчих нь гэж байна л даа. Тийм юм байхгүй. Нэгэнт л ард түмэн сэтгэл зүрхнээсээ УИХ-ыг аваад л хаячих юм бол угаасаа энэ УИХ байхгүй ээ. Тараах нь цаг хугацааны л асуудал. Яалт ч үгүй хувьсгал руугаа явах уу, сонгууль руугаа явах уу гэдэгээ шийдэх байх. 


    -Эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах санал гаргаж магадгүй гэх яриа байна л даа. Энэ тухайд?


    -Ард түмний зүрх сэтгэл л шийднэ. Өнөөдөр хуулийн хүрээнд хэн ч, юу ч хийж чадахгүй. Ямар ч байсан тохиолдлоор Монголын төрийг бусниулах бололцоо байхгүй. Тэр хамгаалалтыг Үндсэн хууль сайн хийсэн. Гэхдээ Үндсэн хуулинд Засгийн болон төрийн эрхийг ард түмэнд өгчихсөн. Ард түмэн дэмжиж, гарч байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа цагт өнөөдөр хэн ч ажлаа хийгээд явна. Тэр байхгүй л болох юм бол хэн ч байсан үтэр түргэн зайлна. Түүнд ямар ч эргэлзээ байхгүй. Өнөөдөр Засгийн газарт өгсөн ард түмний итгэл дуусчихлаа. Дараагийн шатанд УИХ-ыг гэсэн ард түмний итгэл дуусах уу, үгүй гэдэг асуудал гарч ирж байна. Цаашдаа ард түмэн төрийн институцуудаа хянаад явчихна. Тэрийг урьдчилж дүгнэх бололцоо байхгүй. 


    -Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ард түмэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Сөрөг хүчний зүгээс шатахууны үнийн асуудалд хэр анхаарлаа хандуулж байгаа вэ?


    -Би Газрын тосны газрын дарга байсан учир сайн мэдэж байна. Төр ямар ч илүү зардал гаргахгүйгээр, ард түмний амьжиргаа, амьдрах эх үүсвэрийг сүйрүүлэхгүйгээр шатахууны үнийг бодитой хэмжээнд нь бариад явж болдог. Харин нефтийн арилжаа хийдэг компаниудынхаа мэдэлд орчихоор нүд улаан, мөнгө цагаан болж байгаа юм. Ард түмний халаас руу гараа дүрж ашгаа нэмдэг л уралдаан болгочихсон хэрэг. Нөгөө талдаа бүх үнэ өртөг нэмэгдэнэ. Дагаад бүх бизнесүүд тэр уралдаанд нь хөтлөгдөөд явчихдаг. Жирийн хүн амьдрах нөхцөлийг л үгүй хийгээд байна. Энэ нь төрийн маш харалган, бодлогогүй, зохион байгуулалтгүй, арчаагүй нөхцөл байдлыг л илтгээд байгаа юм. Тийм учраас Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Хийж чаддаг нь үгээ хэлээд гараад ир гэдэг асуудлыг нь бид тавиад байна. 


    -ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон таныг нээлттэй сонсгол хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?


    -Хэрэг нээчихээд шалгасан нэртэй хэзээ ч ашиглаж магадгүй гэж боддог юм уу байлгаад л байна. Дууддаг ч үгүй, дуусдаг ч үгүй, учрыг нь олдоггүй л байдалтай байх юм. Ямар зорилготой ч байлгаад байдаг юм. Маш болохгүй тогтолцоог амь бөхтэй хамгаалаад л байгаа юм билээ. Одоо дахиад нээлттэй сонсгол хийнэ дээ. Хичнээн эсэргүүцсэн ч түр хороогоо байгуулна.

     

    Сэтгүүлч: О.Ариунцэцэг

     

    ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"