"Хөгжил-шинэчлэл" үндэсний аян Булган, Ховд, Баян-Өлгий аймагт үргэлжилж байна
    2018 оны 11 сарын 12 нд
    79ec90075da5c380b229938471b81bdf.jpg

    “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аян энэ сарын 3-нд нээлтээ хийж, орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн арга хэмжээ “Монголоо сонсъё” аяны үргэлжлэл болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аян нийслэлийн Хан-Уул, Багахангай дүүрэг болон Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Булган аймгуудад нээлтээ хийгээд  байна.

     

    Анхан, дунд шатны гишүүдээ сонсох, чадавхжуулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус аян Булган аймагт Тэшиг, Хутаг-Өндөр сумдаас эхэлсэн бөгөөд ҮБХ-ны гишүүн О.Амартүвшингээр ахлуулсан баг энэ сарын 13-14 нд Тэшиг, 15-16-нд Хутаг-Өндөр сумдад ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн ҮБХ-ны гишүүн Р. Мөнхтогтох тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймгийн Булган суманд аяны нээлтээ зохион байгуулж, анхдагч гишүүддээ хүндэтгэл үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ аяны хүрээнд Баян-Өлгий аймагт сургалт зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй гишүүд, дэмжигчид хамрагджээ.

     

    Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр сумын  Баянгол багт зохион байгуулагдсан арга хэмжээнд нийт 90 гаруй гишүүд, дэмжигчид  цуглан тулгамдаж буй асуудлуудаа ярилцан, санал бодлоо илэрхийлсэн байна. Улмаар Ардчиллын ахмад гишүүд, партизануудаа алдаршуулж, тэдний түүх замналыг харуулсан музей байгуулах хүсэлтээ уламжилжээ.