Ц.Туваан: Олонхийн саналд тулгуурласан шинэчлэл хийхийг зорьж байна
    2018 оны 11 сарын 12 нд
    587b5a5cf281f855a831da9fd7c12fc8.png

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

     

    -Ардчилсан нам өнгөрсөн хавар “Монголоо сонсъё” аян зохион байгуулсан. Одоо “Хөгжил, шинэчлэл” аяныг намынхаа анхан болон дунд шатны гишүүдийн дунд зохион байгуулж байна. Энэ аяны онцлог, хүлээж буй үр дүн нь юу вэ?

     

    -Ардчилсан намаас өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд “Монголоо сонсъё” үндэсний аяныг улс орон даяар зохион байгуулсан. Аяны хүрээнд Монгол Улсын 330 сум, 152 хорооны ард иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлууд юу байна. Мөн эрх баригчдын зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Засгийн газрын гэсэн институтиуд үйл ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлж байна вэ? гэдэг асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсож нээлттэй уулзалт хийсэн. Уулзалтаар АН-ын бодлого шийдвэрт тусгах үнэтэй санаанууд гарч ирсэн. Ингээд иргэдийн Ерөнхийлөгчид, УИХ-д, Засгийн газарт мөн шат шатны Засаг дарга нарт хандсан асуулт, саналуудыг бүлэглэн ангилж тус бүрт нь явуулсан байгаа. Иргэдийн хувьд МАН-ын мөрийн хөтөлбөр огт хэрэгжсэнгүй. Сонгуулиар амласан амлалтынхаа эсрэг яваад байна. Өнөөдөр есөн төрлийн татвар нэмлээ. Иргэдийн орлого нэмэгдэхгүй зарлага нь өсөөд ирэхээр амьжиргааны түвшин доошилсон. Инфляцид голлон нөлөөлдөг шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсчихдөг. Энэ нь иргэдийн зарлагад нэрмээс болж аж амьдрал нь доошлоход хүргэж байна. Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа бодлого, тэр дундаа төрийн албан хаагчид яамдуудын үйл ажиллагаа иргэдэд хүрэхгүй, хүнд суртал ихтэй байна гэсэн зүйлүүд ярьсан. Энэ удаагийн “Хөгжил шинэчлэл” үндэсний II аян нь Ардчилсан нам 2018 оныг анхан шатаа идэвхжүүлэх, гишүүдээ чадавхижуулах жил болгон зарласантай холбоотойгоор гишүүдээ, намын анхан шатны байгууллагууд руугаа анхааран ажиллаж байна. Ийм учраас “Хөгжил шинэчлэл” аяныг “Гишүүдээ сонсъё” уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Аяны онцлогийн хувьд дан ганц гишүүдээ гэлтгүй хөдөө орон нутагт баг бүрт хүрч ажиллах, айлуудаар орж тэнд амьдрал ямар байна. Иргэдийн дуу хоолойгоо очиж сонсъё гэсэн давхар зорилготой.

     

    -“Хөгжил шинэчлэл” аяны хүрээнд одоогоор ямар ажлууд хийж байна вэ. Энэ удаагийн аянг яагаад “Хөгжил шинэчлэл” гэж нэрлэсэн юм бэ?

     

    -Энэ удаагийн аяны нэр “Хөгжил-шинэчлэл” гэсний учир нь шинэчлэлийн процесс байнга хийж байх ёстой гэж бид үзэж буйтай холбоотой. Хүмүүс ч гэсэн Ардчилсан нам шинэчлэл гээд жил хагасын өмнө ярьж байсан. Магадгүй зарим нь яасан дуусдаггүй шинэчлэл бэ гэж бодож байгаа байх. Бид нар энэ шинэчлэлээ улам цааш нь ахиулж өдөр болгон шинэ шинэлэг байдлаар үйл ажиллагаандаа хандах зорилготой юм. Ер нь бол “Монголоо сонсъё”, “Гишүүдээ сонсъё” цаашдаа ард иргэдээ мөн томоохон секторуудын төлөөлөл болсон малчид аа, эмч, багш нар аа гээд бид ард түмнээ бүгдийг сонсож тэдний дуу хоолойг илэрхийлэх ёстой гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа гэдгийг хэлье.

     

    -Өмнө нь зохион байгуулсан “Монголоо сонсъё” аян хэр үр дүнтэй болов. Зорилго, чиглэлдээ хүрч чадсан гэж үзэж байгаа юу?

     

    -“Монголоо сонсъё” аяны дараа бид улс орон даяар бүх нийтийг хамарсан судалгаа хийж үзсэн. Энэ аяны үр дүн ямар байв. Бидний үйл ажиллагаа, мэдээлэл сургалтууд иргэдэд хэрхэн хүрэв гэдэгт судалгаа хийсэн. Судалгааны дүнг нэгтгэхэд “Монголоо сонсъё” аян бол үнэхээр цагаа олсон зөв зүйтэй ажил болжээ гэсэн дүгнэлт хийгээд байна. Тайлангаа хэлэлцэхдээ ҮБХ-ныхоо бүх гишүүдийг байлцуулж, аяны алдаа оноо, цаашид хэрэгжүүлэхэд юу анхаарах ёстой вэ гэдэг сэдвээр уулзалт хийсэн. ҮБХ-ны гишүүдийн 70 гаруй хувь нь аян бол маш зүйтэй цагаа олсон ажил болсон гэж үнэлсэн. Дараа дараагийн аяныг улирал бүр хийж байх нь зүйтэй гэж тогтоод байна.

     

    -Иргэд, намынхаа гишүүдийг сонсохын давуу тал нь юу байна?

     

    -Монголчууд Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж ярьдаг. Тийм учраас бид иргэдээс гарсан маш үнэтэй санал санаачлагуудыг цаашдын бодлого зорилгодоо тусгаж ажиллах зайлшгүй шаардлагатай юм. Мөн энэ хоёр аяны хүрээнд АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийг бараг 50 орчим хувиар шинэчлээд удахгүй болох намын Их хурлаараа хэлэлцүүлэхээр бэлдсэн. Энэ үзэл баримтлалд цоо шинэ зүйл заалтууд нэлээд орсон. Гол утга агуулга нь иргэдийнхээ бодол санааг маш их сонсож, түүнийгээ намын мөрийн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх зорилгодоо тов тодорхой тусгаж ажиллах нь зүйтэй юм. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Баруун төвийн үзэл гэдэг чинь яг юу вэ гэдгийг иргэдэд ойлгуулахын тулд энгийн үгээр тайлбарласан байгаа. Их хурлаар орж батласаны дараа иргэддээ тайлбарлаж өгнө. Өнөөдрийн нөхцөл байдалд нийгэм ард иргэд маань бүхэл л зүйлд бөглөрлийн, гацааны байдалд орчихлоо. Үүнээс гарах гарцыг АН шинэ үзэл баримтлалдаа тусгаж түүнийгээ ард олноороо хэлэлцүүлж, саналыг нь авна.

     

    -АН-ын шинэчлэлийн таван зарчимд боловсон хүчнийг чадавхижуулах орсон байдаг. Тэгэхээр намын боловсон хүчнийг чадавхижуулж, мэдээлэлжүүлэх боломж ер нь хэр байдаг вэ?

     

    -Одоогоор Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Энэ “Хөгжил-Шинэчлэл” аяны хүрээнд гишүүдээ сонсох явцад шинээр намын гишүүнээр элсье гэсэн хүсэлтүүд анхан шатны үүрүүдэд ирж байна. Энэ хүмүүсээ бид эгнээндээ оруулаад цаашдаа чиглүүлээд явна. Боловсон хүчний бодлогод маш их анхаарч байгаа. Ялангуяа, шинэ залуу гадаад, дотоодын сургуулиудад өндөр боловсрол эзэмшээд ирсэн залуучуудаа намын нүүр царай болгож тэргүүн эгнээнд гаргаж явах бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн тэдний сураад мэдээд ирснийг намын анхан шат болон залуу гишүүдэд хүргэх, тэдэнд дэлхийн бусад улс оронд бодлого яаж явдаг, яаж хэрхэн хөгждөг гэдгийг тайлбарлуулж, боловсон хүчиндээ анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлье.

     

    -АН намын дэргэдэх холбоодынхоо тэргүүнийг гишүүдийнхээ саналаар сонгож байгаа. Үүний ач холбогдол нь юу вэ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ хэрхэн сонгосон бэ?

     

    -Ардчилсан намын дүрэмд орсон нэг том өөрчлөлт бол гишүүн бүрийн санал үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын сонгуульт гишүүд анхан шатны гишүүдээсээ сонгогддог байхаар дүрэмдээ тусгаж өгсөн. Өнгөрсөн хугацаанд бид нар АЗХ, АОХ, АЭХ-ны тэргүүний сунгаануудыг хийж дотоод сонгуулиа явууллаа. Тухайн залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, ахмадууд маань өөр өөрсдийнхөө шат шатны төлөөллөөсөө сонгогдоод ирэхээр тухайн байгууллагын хувьд нэгдүгээрт, АН-ын дүрмийг хэрэгжүүлж байгаа юм. Хоёрдугаарт, тэргүүнээр сонгох хүнээ жирийн гишүүдээсээ эхлээд сонсож чадаж байгаа нь давуу талтай. Тэгээд бүх гишүүд өөрсдөө оролцоод сонгоод ирэхээр удирдлагын хувьд итгэл үнэмшил төрж, олонхийн саналаар сонгосон тэргүүнийхээ үйл ажиллагааг хэрэгжүүлээд явахад дөхөмтэй гэдгийг хэлье. Урьд нь хэзээ ч 21 аймаг, 9 дүүргээр явж газар дээр нь ажил байдалтай нь танилцаж, уулзаж сонгууль явуулдаггүй байсан. Одоо сонгогдсон удирдлагууд нь өөрсдөө үйл ажиллагаагаа явуулахад бүгдийг цогц, нэгдсэн байдлаар харахад маш их ач холбогдолтой боллоо гэж шинээр сонгогдсон удирдлагууд хэлж байгаа.

     

    -Улс төрийн намуудын шинэчлэлийг хэрхэн хийх ёстой гэж та үзэж байна вэ?

     

    -Улс төрийн намын шинэчлэлийг тухайн цаг үед нь маш мэдрэмжтэй хийх шаардлагатай байдаг. Улс төрийн нам гэдэг бол өөрөө бодлого боловсруулдаг ард иргэдийн өмнө сонгуулиар дүнгээ тавиулдаг байгууллага. Хэрвээ сонгуульд ялахын бол өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажилладаг. Ялагдвал алдаа оноондоо дүгнэлт хийж шинэчлэл хийж явах ёстой. Манай нам 2016 онд ялагдсан. Ингээд ард түмэн бид нарыг шинэчлэгд, илүү их ажиллаа. Илүү сайн бодлого гарга гэдэг дүн тавьсан гэж үзээд шинэчлэлийг хийж байгаа юм. Сүүлийн үед зөвхөн Монгол ч гэлтгүй глобальчлагдаж байгаа дэлхий ертөнц дээр намуудын шинэчлэл, ард түмний улс төрийн сонголт маш өөр болж байгаа. Мөн популист амлалт өгдөг байдал ганцхан Монголд бус дэлхий ертөнц даяар хаа сайгүй салхилж байна. Үүнд намууд хэрхэн хандах гэх мэтийн дэлхий нийтийн чиг хандлагатай ч гэсэн зарим зүйлийг нь өөрийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, зарим талаараа дэлхийн бусад орны намуудтай дуу хоолойгоо нэгтгэж хариулт өгч ажиллах ёстой. Ардчилсан нам 2012-2016 оны үед хэрэндээ л чамгүй ажилласан. Өнөөдрийн эрх баригчидтай харьцуулахад хамаагүй илүү ажилласан. Гэхдээ л бид хүссэн дүнгээ тавиулж чадаагүй. Энэ бүхнээс дүгнэхэд нам дотроо хийх ажил их байна гэж дүгнээд энэ шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн. Онцлог нь олонхийнхоо санал дээр тулгуурласан байдлаар л шинэчлэл хийхийг зорьж байгаа.

     

    -Шатахууны үнэ 50, 100 төгрөгөөр нэмэгдсээр өнөөдөр А-92 бензин гэхэд л 2445 төгрөг боллоо. Эрх баригчдын зүгээс буулгаж чадахгүй гээд байгаа. Сөрөг хүчний хувьд АН энэ асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурьтай байна вэ?

     

    -АН шатахууны онцгой албан татвар нэмэгдэх үеэс нь дуу хоолойгоо гаргаж тэмцсэн. 2018 онд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Ингээд шатахууны онцгой албан татварыг тэглэ, үнийг бууруул гэдэг шаардлага тавьж ирсэн. Харамсалтай нь энэ шаардлага өнөөдөр тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Засгийн газрын тэргүүн, салбар хариуцсан сайдуудынх нь амнаас маш гайхалтай хүн цочирдмоор үгнүүд гарч байна л даа. “Шатахууны бизнес эрхэлж байгаа компаниуд ашиггүй ажиллаж байна. Шатахууны үнийг барих үйл ажиллагаанд МАН оролцохгүй. Өөрсдийнхөө жамаараа явах байх” гэж ярьж байна. Өнөөдөр МАН-ыг сонгож 65 суудал өгсөн ард түмний эрх ашиг гэдэг зүйл хаана байгааг нь би огт ойлгохгүй байна. Ийм байдлаар асуудалд хандах юм бол АН цаашдаа тэмцэнэ. Тэмцсээр ч ирсэн. Ер нь АН-ын бодлого, цаашдын зорилт бол нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг гэдэг зүйлийг тавина. Үүнд газар нутаг хөрсөн дээр амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хамгийн түрүүнд тавигдана гэж ойлгох ёстой. Өмнө ч ийм байсан. АН-ын засаг барьсан дөрвөн жилийн хугацаанд шатахууны үнэ одоогийнхоос нэг дахин буюу дэлхийн баррель, нефтийн үнэ 110 америк доллартай тэнцүү байлаа. Энэ үед шатахууны үнийг буулгаж чадаж байсан. Ямар ч байсан өсгөөгүй. Хөдөө орон нутагт газарзүйн байршлаасаа шалтгаалж шатахууныг үнэтэй авдаг байсныг зогсоож, Улаанбаатарт ямар үнэтэй байна тэр үнээр борлуулдаг болсон. Төр нь сэтгэл гаргаж иргэд рүүгээ гэсэн байдлаар ажиллахгүй, зөвхөн цөөн хэдэн хувийн хэвшлийн бизнес, төрийн хэдхэн нөхдүүдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг бус олонхийн талд ард түмнийхээ талд шийдвэрээ гаргаж явах нь зөв зүйтэй гэж бодож байна.

     

    -Одоогоор хоёр ч яамны сайд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өглөө. Энэ нь нийгэмд улс төрийн соёлыг харуулсан, хариуцлагаа ухамсарласан явдал боллоо гэж харагдаж байгаа ч яг үнэндээ хариуцлагаас зугатаад байна уу даа гэсэн хардлага бас төрүүлээд байна л даа. Энэ талаар  та ямар байр суурьтай байна вэ?

     

    -Энэ бол зүй ёсны асуудал. Мэдээж алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Ийм жишиг цаашдаа ч гэсэн тогтоосой гэж боддог. Хувь хүний гэхээсээ илүү төр засагт хэн эрх барьж байсан ч иймэрхүү жишиг тогтоод хариуцлага хүлээгээд явдаг дэлхийн энэ тогтолцоо манайд хэрэгжиж эхэлж байна гэж харж байна. Ер нь ийм ноцтой алдааг анхнаасаа гаргах ёсгүй. Гаргах ёсгүй, алдах ёсгүй алдааг гаргачихаад өөрсдөө бид хариуцлагаа ухамсарласан мэтээр өөрсдийгөө ингэж сурталчлах нь буруу. Хэрвээ иймэрхүү байдлаар ард түмнийхээ амьдралыг өөд нь татахгүй, тодорхой ажлуудыг хийж чадахгүй бол ажлаа өгөөд дараагийн чаддаг хүнээр нь ажлаа хийлгэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.

     

    Сэтгүүлч: Ц.БАЙГАЛМАА

     

    ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС"