Д.Ариунжаргал: АН үнэхээр шинэчлэгдэж бодлогын нам болж чадаж байна
    2018 оны 11 сарын 14 нд
    38ccc91be6d403efeb8ea2ff3ad8c54d.jpg

    Архангай аймгийн ҮБХ-ны гишүүн Д.Ариунжаргалтай ярилцлаа.

     

    -Та Архангай аймгийн ҮБХ-ны гишүүнээр хэзээнээс сонгогдон ажиллаж байна вэ?

     

    -2002 оноос Архангай аймгийн намын хорооны гишүүн, 2004, 2008 онуудад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Одоогоор 2018 оны гуравдугаар сараас эхлэн ҮБХ-ны гишүүнээр ажиллаж байна.

     

    -Архангай аймагт АН засагласан он жилүүдийг та хэрхэн дүгнэх вэ?

     

    АН 1996 болон 2012 онуудад орон нутагтаа засаг барих хугацаандаа тодорхой амлалтуудаа хэрэгжүүлж, ялангуяа 2012-2016 онд 21 аймаг, есөн дүүрэгтээ үлгэр жишээ болохуйц хот тохижилт, хөрөнгө оруулалтуудыг хийж бүтээн байгуулалт бий болгож, хангалттай санаачилгатай ажилласан. Мөн үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр ажлын байр бий болгох тал дээр ч анхаарсан гэж дүгнэдэг.

     

    -Нэг зүйлийг тодруулаад асууя. Өмнөх ҮБХ ҮЗХ-ны гишүүд бараг нэг дахин өссөн. Энэ тал дээр таны бодол?

     

    -Архангай аймгийн хувьд УИХ-ын гурван үндсэн тойрогтой. Нөгөө хоёр нь чөлөөт болон эмэгтэйчүүд гэсэн ковоттой. Нийт ҮБХ-ны 15 гишүүн байна. Эдгээрээс улс төр болон ажил байдлын туршлагыг аваад үзэхэд нэгдмэл байдлаар ажиллах, шинэлэг сэтгэлгээтэй, харьцангуй сайн гэж хэлж болохоор түвшний төлөөлөл бүхий баг бүрдсэн. Бид нутаг орондоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг авчиръя, хийж бүтээе гэсэн эрмэлзлээр дүүрэн байгаа. ҮБХ-ны гишүүдийн тоо өссөн гэдэг дээр харьцангуй олон төлөөлөл бий болсноор олон ургальч санаа бодол агуулах, хийж хэрэгжүүлэхдээ ч гэсэн хүчтэй олуулаа байх гэдэг үүднээсээ өгөөжтэй шийдвэр болов уу. Олуулаа олон тал дээр зэрэг ажиллаад орон нутгийн үйл ажиллагаандаа санаа бодлоо тусгах, иргэдтэйгээ санаа бодлоо хуваалцах, бодлогын зөвлөлдөө хуваагдаж ажиллаж байгаа нь давуу талтай.

     

    Мөн түүнчлэн улс төрийн намын хувьд орон нутгийн сонгуульд ороход хуулийн дагуу нэр дэвшигч тодорхой болсон байх ёстой байдаг. Тэр утгаараа бид бүхэн бас хэлэлцэж тохирсон байгаа. Хийх ёстойгоо чадлаараа хийцгээе. Иргэд сонгогчдын хувьд хүлээн зөвшөөрсөн хүн дээрээ бүгдээрээ нэгдэж хамтарч ажиллаж байна.

     

    -Та АН-ын шинэчлэлийн бодлогын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

     

    -Шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын нэг “Монголоо сонсъё” аяны явцад АН бодлогын нам боллоо гэдгээ зарлаж тунхаглаж явсан. Үнэхээр бодлогын Ардчилсан нам боллоо гэдгээ ҮБХ, Намын Их хурлаар батлагдсан дүрэм журам, бодлогын салбар зөвлөлийнхөө хүрээнд санал бодлоо хүргэсэн. Одоо АН-ын хийж хэрэгжүүлэх зүйл нь улс орныхоо нийгэм эдийн засаг гадаад байдал, санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг дотооддоо хоорондоо сайн ярилцаад иргэд сонгогчдоосоо саналыг нь аваад сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах. “Монголоо сонсъё” аяны хоёр дахь шат буюу “Хөгжил шинэчлэл” нэртэй үндэсний II аяндаа бас үүнийгээ итгэл үнэмшилтэй тайлбарлан таниулах, мөрийн хөтөлбөрөө улам чамбайруулах, мөрийн хөтөлбөрт Монгол Улсад юу хамгийн хэрэгцээтэй байна вэ гэдгээс гадна Архангай аймагт хэрэгцээтэй бодлогын чанартай зүйлүүдийг бид тусгах, боломж бүрдсэн. Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж, бодлогын нам болж чадаж байна.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС"