“Эрдэнэт Ардчилал 30” урлагийн наадамд 17 баг өрсөлдлөө
    2018 оны 11 сарын 19 нд
    003105a08e01fff1dcbedafe7372e52f.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аян Орхон аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд энэ сарын 9-нд 46, 47, 48 дугаар тойргийн сонгуульт гишүүд /ҮБХ-ны гишүүн, аймаг, сумын намын хорооны гишүүн, үүрийн салбар зөвлөлийн гишүүд/-ийг хамруулсан сургалт зохион байгуулжээ. Сургалтад нийт сонгуульт гишүүдийн 80 гаруй хувь нь хамрагдсан бөгөөд оролцоог хангах, хэрхэн дүгнэх талаар ярилцсан байна. Мөн намын гишүүдтэй биечлэн уулзах, гишүүдийн бүртгэл, анкет, судалгааг хэрхэн авах, үүрийн дарга нар SEM аппликейшн дээр хэрхэн ажиллах зааварчилгааг өгч, арга зүйгээр хангажээ.

     

    Үүний зэрэгцээ гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, эв нэгдлийг хангах,  ирээдүй хойч үеийнхэнд хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, ардчилалын үнэ цэнийг таниулах зорилгоор “Эрдэнэт Ардчилал 30” урлагийн наадмыг энэ сарын 10 – 11-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Урлагийн наадамд 17 багийн 340 гишүүн 200 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон байна. Багууд мэндчилгээ, бүжиг, гоцлол үзүүлбэр, язгуур урлаг, “Ардчилал бидэнд юу өгөв” сэдвийн хүрээнд жүжигчилсэн тоглолт зэрэг үзүүлбэрүүдээр өрсөлдсөн аж. Урлагийн наадамд багийн нийлбэр дүнгээр “Эрдэнэ” баг тэргүүлж, “Говил” баг II, “Оюут” баг III байрт тус тус шалгарсан байна. Урлагийн наадмын шилдгүүд гала тоглолтод оролцох юм.

     

    Мөн аяны хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн үүрийн байрны нээлт болж, бүх гишүүдийн хурлаа зохион байгуулсан байна. Үүрийн хуралд 100 гаруй гишүүд, дэмжигчид оролцож, намын шинэчлэлийн явц, аяны зорилго, Орхон аймгийн Ардчилсан намын 2018 оны үйл ажиллагааны тайлан, үүрийн даргын тайлан, “МАН-ын амлалт ба ухралт”, 2019 оны үйл ажиллагааны тайланд тусгах санал зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцжээ.