Л.Болд: Ард түмний эсрэг гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусах ойлголт байх ёсгүй
    2018 оны 11 сарын 20 нд
    3ca9063c6dbe93660b40f0b3414529a9.jpg

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


    -УИХ-ын зургаан гишүүн хамтран төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн хэрэг дээр УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан байна? Түр хороо байгуулах шалтгаан болон яг хэзээ байгуулагдах талаар тодруулмаар байна?

    -Хууль зүйн байнгын хороонд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар жил гаруй хугацаанд үр дүнгүй яригдсан. Ер нь энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлын үнэн мөнийг олох талаар Их хурал дээр бүхий л боломжоо шавхлаа. Тусгай хяналтын хороонд ажлын хэсэг байгуулж үзлээ, бүх арга, хэлбэрийг ашиглаад мухардаж байна. Тиймээс л түр хороо байгуулж ажиллахаас өөр гарц үлдсэнгүй. Үүний дагуу миний бие болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, А.Сүхбат, З.Санжмятав, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын зүгээс УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэж дэмжвэл, нэгдсэн хуралдаанаар шийдэгдэнэ.

    -Түр хороо байгуулагдлаа гэхэд ямар чиглэлээр ажиллах вэ. Түр хороо байнгын хорооны зарчмаар ажиллах уу. С.Зориг агсны амиа алдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байгаа шүү дээ. Үүнийг сэргээн шалгах боломжийг нээх үү?

    -Түр хороо байгуулагдсанаар энэ хэргийн олон ээдрээтэй асуултад хариулт өгч, үнэн мөн нь тогтоогдох болно гэж үзэж байна. Нэн түрүүнд өмнөх Засгийн газрын үед Эрүүгийн хуульд “хулгайн зам”-аар өөрчлөлт оруулах аргаар С.Зоригийн хэрэгтэй уялдуулан засвар хийсэн асуудлыг шалгах ёстой. УИХ-ын түр хорооны хувьд яг л байнгын хорооны хэмжээнд тодорхой асуудлуудаар эрх эдэлнэ. Шаардлагатай гэж үзвэл хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хуулийн хүрээнд эргэж нягтлах үүрэг хүлээнэ. Хүний эрх зөрчигдсөн олон тодорхой асуудлуудыг шалгаж үзэх болно.

    -Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх заалтаас болж хэрэг замхарчихсан юм уу. Та Монголын хуулийг хулгайлсан гээд хэлсэн байна лээ. Үүнийгээ тайлбарлахгүй юу. Таны байр суурь бол хэрэг үнэн мөнөөрөө тогтоогдтол хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй гэж үзэж байна уу?

    -Тийм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг. Хэдхэн хоногийн өмнө Жон Ленноны алуурчин Марк Чапмэн арав дахь удаагаа өршөөл хүсэхэд энэ бол нийгмийн эсрэг онцгой үр дагавартай аллага гэдэг утгаар өршөөхөөс татгалзсан байна. 1980 онд аллага үйлдээд, одоо 38 дахь жилдээ ял эдэлж байгаа хүний хэрэг яригдаж байх жишээтэй.

    АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагыг ч Америкийн ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үздэг шиг С.Зоригийг хөнөөсөн хэрэг Монголын ард түмний эсрэг, тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн ойлголт байх ёсгүй. Гэтэл энэ хэрэг хэн ч үнэмшихээргүй ахуйн аллага болж хувираад, Эрүүгийн процессийн хуулийг эцсийн найруулгаас нь буцаан татаж зөвхөн С.Зоригийн хэрэгт холбогдуулсан засвар оруулсан байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсгээд өнөөдөр энэ хэргийг огт болоогүй юм шигээр булшлах гэж байна.

    Энэ хуулийг баталсан үйл явц, С.Зоригийн хэрэг хоёр чинь өөрөө нэг хэрэг болчихож байгаа юм. Энэ дээр хуулийн байгууллага шударга ажиллана гэж найдаж байна.

    Өмнө нь Эрүүгийн хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тодорхой заалт байсан. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэлх хугацааг тоолно, яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гээд. Гэтэл энэ хуулийг эцсийн найруулгаас нь татаад хууль зөрчсөн үйлдэл хийж, нийгэмд үүссэн олон дуулиан шуугиан далимдуулж гишүүдийн анхаарал сул байгаа үед батлуулсан нь илэрсэн. Шинэ найруулгад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацааг тооцохыг зогсоодог заалтыг зориуд дунд нь хавчуулан огт хэлэлцэхгүйгээр хүчингүй болгосон байна.

    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөнЗасгийн газар 170 хуудас процессийн том хууль, дагалдах 21 хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд хэлэлцүүлгийн төгсгөлд огт байгаагүй хуулийн санааг шургуулж 22 дахь хууль болгоод дагаж гаргах тогтоолын төсөлтэй хамт будилуулсан. Маш нарийн ийм арга хэрэглэхэд уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шийдэж байсан шүүгч нар нь, Хууль зүйн сайд, дэд сайд нар оролцоод, Байнгын хорооны дарга хүртэл дэмжсэн гэж харагдаж байна. Дагаж гарах хууль зөвхөн гол хуулийн зохицуулалтын хүрээнд гарах ёстой. Гэтэл Эрүүгийн гол хуулиндаа зарчмын том асуудлыг хамт будилуулж батлуулсан. Нэг ёсондоо С.Зоригийг хөнөөсөн болон бусад олон том хэргийг зогсоосон Өршөөлийн хууль болгосон байна. Үүнийг ҮХЦ-ээс хүчингүй болгох хэрэгтэй.

    -Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал тун ярвигтай байгааг та анзаарч байгаа байх. Эрх баригч нам дотроо талцан Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж байна. Гарын үсэг цуглуулах болсон шалтгаан нь ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байна гээд байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа бол?

    -Өнөөдрийн ийм нөх-цөл байдалд хүргэсэн УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийнхээ өмнөөс давхар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Жаран тэрбум, ЖДҮ ч гэлтгүй олон асуудал байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулалгүй Үндсэн хуулиа үл хайхарч зөрчсөнийг нь сануулж, ҮХЦэцэд өргөдөл гаргаж ч шалгуулж буйг ч мэдэж байгаа байх.Эрх баригчид өөрсдийнхөө бий болгосон гаж тогтолцоогоо засах л хэрэгтэй. Ард түмнээсээ уучлалт гуйхын зэрэгцээ хуулийн хариуцлагаа хүлээх нь зөв юм. Бусдаар шахаж, шаардуулахгүйгээр өөрсдөө албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргаж шалгуулах хэрэгтэй шүү дээ.

    -Та Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү?

    -Манай намын бүл-гийн гишүүдийн байр суурь тодорхой байгаа. Засаг төр тогтвортой байх нь хэрэгтэй боловч муу засгийг үлдээнэ гэдэг бүр том хохиролтой, ард түмний хувьд. Одоо зүгээр нэг албан тушаалтай зууралддаг, тэрүүгээр ард түмнээ барьцаалдаг цаг биш. Тэр сургамжаа Монгол Улс авчихсан.

    -Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт хориг тавьсан. Үүнийг нь Төсвийн байнгын хороо хүлээж авахгүй гэчихлээ. Эрх баригч намын бүлэг тийм шийдвэр гаргажээ. Ардчилсан намын бүлэг харин хоригийг хүлээж авна гэсэн. Хоригийн талаар ямар бодолтой яваа вэ?

    -Сонгуульд зориулсан, сонгогчдыг худалдаж авах гэсэн төсөв болсон. Миний хувьд энэ төсвийг хууль зөрчсөн учраас Цэцэд өгөх бодолтой байгаа ч Ерөнхийлөгч өрсөөд хориг тавьсан нь сайн хэрэг. Ийм төсөв хэрэгжих бололцоо байхгүй. Хэзээ ч байхгүй, хэрэгжих ямар ч үндэсгүй орлого тавьчихсан. Зарлага дээр нь сайд нарын хувийн концессоос авахуулаад дуртай болгоноо тусгачихсан. Хамгийн гол нь гэр хорооллын болон утааг шийдэх асуудлуудыг 100 хувь үгүйсгэлээ. Ямар нэгэн өөрчлөлт, дэвшил байхгүй байгаад бид маш их бухимдаж байна. Эрх баригч намын гишүүд ч үнэнд гүйцэгдээд төсөвт хориг тавих юм бол боломжийн хэмжээгээр засах тал дээр нь ажиллая гэсэн санааг гаргаж байсан ч байнгын хороон дээрээ хүлээж авсангүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентат ёсыг уландаа гишгэсэн, түүхэнд байгаагүй муу төсөв гаргах нь уу, хоригийг хүлээж авах уу гэдгийг шийднэ.

    -Хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин шинээр хийнэ, цаг хугацаа маш их алдана. Орон нутаг бараг он дотроо төсвөө багтаад баталж чадахгүй хэмжээнд хүрэх юм биш үү?

    -Хориг дээр гол асуудлуудаа зөвшилцөл хийж шийдэх бүрэн боломжтой. Ингэх цаг хугацаа ч хангалттай байгаа. Дургүйд хүчгүй гэдэг л болоод байгаа юм.

     

    Эх сурвалж: Өдрийн сонин