Оюутнуудын 60 хувь нь суралцаж буй мэргэжилдээ дур, сонирхолгүй болохоо илэрхийлжээ
    2018 оны 11 сарын 22 нд
    1f0bcd67f37f5b0832c16896ffdafec3.jpg

    Өнгөрсөн онд оюутнуудын дунд явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 60 хувь нь одоо суралцаж буй мэргэжилдээ дур сонирхолгүй болохоо илэрхийлжээ. Сургууль олдоогүй, эцэг эх, гэр бүлийнхний шахалт, найзуудаа дагах, тухайн мэргэжлийн талаар мэдээлэлгүй байсан зэрэг олон шалтгааны улмаас залуус цаг хугацаа, мөнгөө үр ашиггүй зарцуулж байгаа тухай Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Алтансүх ярив. Тиймээс ч УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Алтансүх нарын санаачлагаар ЕБС-ийн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Мэргэжил сонголт-миний ирээдүй” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

     

    Өдөрлөг өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургуульд зохион байгуулагдаж, ирээдүйд хэн болохоо шийдэх, мэргэжлээ сонгохоор шийдвэрээ гаргах гэж буй ахлах ангийн сурагчдад мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Өдөрлөгт тус сургуулийн багш, сурагчдаас гадна УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Алтансүх, А.Чинбат, доктор Ж.Амарсанаа нарын зочид оролцож, мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

     

    Технологийн шийдэл цаг, минутаар хэмжигдэж буй өнөө үед залуус мэргэжлээ сонгохдоо ирээдүйд устаж, үгүй болох эсэхийг нь тооцоолохыг зөвлөөд, өөртөө итгэх итгэлээ хичээл, зүтгэлээр өнгөлөхийг захилаа. Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өдөрлөгийн үеэр “Японыг эсвэл Германыг ангарагаас хүн ирж хөгжүүлээгүй. Эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтыг тэд өөрсдөө л бий болгосон. Монгол Улсыг ч ялгаагүй хүн л хөгжүүлнэ. Та бүхэн хэзээ нэгэн цагт амьдралын “ачааг” нуруундаа үүрнэ. Тэр цагт харин эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон байх нь чухал” гэлээ.