Т.Болдбаатар: Баянхошуунд хотын захиргааг нүүлгэх нь түүхэн шийдвэр байсан юм
    2018 оны 11 сарын 27 нд
    a6f01d6f1f5e36904f646986e6b1f435.jpg

    Сонгинохайрхан дүүрэг дэх АН-ын ҮБХ-ны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Зам тээвэр харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатартай ярилцлаа.

     

    - Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг. Хөдөөнөөс шилжин ирэгсэд хамгийн их амьдардаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл их байдаг судалгаа ч байдаг. Одоо танай дүүрэгт байдал ямар байна вэ?

     

    - Сонгинохайрхан дүүрэг бол таваас зургаан аймагтай тэнцэх хэмжээний газар нутагтай, 325 мянга орчим хүн амтай гэр хороолол бүхий том дүүрэг. УИХ-ын зургаан тойрогтой. Толгойт, Баянхошуу бол тэр чигтээ хөдөөнөөс шилжин ирсэн ядуу оршин суугч олонтой. Одоогоор манай дүүрэгт ядуурал, ажилгүйдэл, архидалт газар авсан байдалтай байна. Тогтсон ажлын байр байхгүйгээс л залуучууд архи ууж байна. Байнгын ажилтай, орлоготой бол архи уугаад явах цаг зав байхгүй шүү дээ.

     

    -Эрх баригч МАН аз жаргалтай дүүрэг болгоно гэсэн амлалттайгаар өнгөрөгч сонгуульд ялалт байгуулсан. Энэ амлалт танай дүүрэгт биеллээ олохгүй л байна уу?

     

    Эрх баригчид аз жаргалтай болгоно гэсэн сонгинохайрхан дүүрэгт лав сайжирсан зүйл алга. МАН 100 хувь эрх барьж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр иргэдээ аз жаргалтай болгох нь битгий хэл иргэддээ очих ёстой ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүд нь өөрсдөө замаас нь авчихаар яаж аз жаргалтай байх вэ дээ. Өнөөдөр МАН-ынхан мөрийн хөтөлбөрийн биелэлт 70, 80 хувьтай гэж байгаа ч нийслэлд биелсэн зүйл байхгүй байгаа шүү дээ.

     

    -Өнгөрсөн сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд та Сонгино хайрхан дүүргээс сонгогдож Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Тэр үеийнхтэйгээ одоогийн эрх баригчдын хийж хэрэгжүүлж буй бодлогыг харьцуулбал?

     

    - Өнөөдрийн МАН-ын засаглалыг муулж байгаадаа биш үнэндээ л энэ засагт хийж хэрэгжүүлж байгаа гялтайх юм юу ч алга. Өнгөрөгч дөрвөн жилд авто замын 32 уулзвар зассан. Үүний хоёроос гурав нь л гэхэд сонгино хайрхан дүүрэгт хийгдсэн. Мөн бид иргэдтэйгээ хамтраад орчны тохижилтын ажлууд, байрны засвар үйлчилгээ, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барих гээд маш олон бүтээн байгуулалтын ажил хийсэн. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт бас нэг ашигтай шийдвэр гарсан нь хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх явдал байсан. Гэтэл энэ шийдвэрийг өнөөдрийн хотын захиргаа хүчингүй болгоод яармагт 90 гаруй тэрбум төгрөгөөр барихаар болчихлоо. Энэ нь Сонгинохайрханчуудын сэтгэлийг гонсойлголоо.

     

    - Хотын захиргааг Сонгино хайрхан дүүрэгт байгуулсан бол одоогийн нөхцөл байдал хэрхэн дээрдэх байсан гэж?

     

    -Манай дүүрэгт байгуулсан бол хотын захиргааг дагаад иргэдийн хашааны газар үнэд орох, иргэдийн эрхэлж буй ажил үйлчилгээ, цайны газарт нь орлого орох зэргээр хөгжил ирэх боломжтой байсан. Баянхошуунд хотын захиргааг нүүлгэх нь түүхэн шийдвэр байсан юм. Хотын төвийн түгжрэл ч арилах байсан. Анхнаасаа ч энэ байдлыг урьдчилан харж, бодож Баянхошуунд нүүлгэх шийдвэрийг гаргасан байсан. Гэтэл МАН-ын энэ шийдвэрийн улмаас баян хоосны ялгаа улам л ихэсгэж, туул голын урд Хан-Уул чинээлэг, голын хойд талд Сонгинохайрхан ядуу хэвээрээ л үлдэхээр боллоо. Иргэдийг хохироосон буруу шийдвэр гарсан гэж харж байна.

     

    - Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?

     

    -Хөгжлийн гарц бол ямар ч тохиолдолд иргэдэд ажлын байр бий болгож ажилгүй иргэдийг ажилтай болгох асуудал. Ажилгүй, орлогогүй иргэдтэй шударга ёс, шударга сонгууль, аз жаргалтай хот яриад нэмэргүй л дээ. Халамж, тэтгэвэр, тэтгэмжээр хүн хэдий хүртэл амьдрах билээ дээ. Тиймээс тогтвортой ажлын байр бий болгох нь чухал. Ажлын байр бий болгох асуудал яалт ч үгүй ЖДҮ-тэй холбоотой шүү дээ. Гэтэл сонгогдсон гишүүд нь иргэдийнхээ авах ёстой зээлийг тэрбум тэрбумаар аваад байдаг. Энэ мөнгө очих ёстой газраа очсон бол хэдэн зуун ажлын байр бий болгох боломжийг нь өөрсдөө хаасан байна. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

     

    -Та ҮБХ-ны гишүүнээр хэзээнээс сонгогдоод ажиллаж байна вэ? АН шинэчлэгдэж өмнөх ҮБХ ҮЗХ-ны гишүүд бараг нэг дахин өссөн. Энэ талаар таны байр суурь?

     

    -Би 2003 оноос хойш 15 дахь жилдээ ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод одоо АН-ын УТЗ-ийн гишүүн, Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Ер нь АН сүүлийн таван жилийн хугацаанд ҮЗХ-ндоо салхи оруулаагүй байсан. Өмнөх ҮЗХ 221 гишүүнтэй байсан. Түүнээс зарим нэг хэсэг нь УИХ болон төрийн өндөр албан тушаал хашдаг байсан учраас 170 орчим нь л намаа удирддаг байсан. Ийм байдалтай байснаас үүдээд гаргасан шийдвэрүүд нь буруу гарч эхэлсэн л дээ. Харин энэ удаагийн намын шинэчлэлээр ҮБХ 400 гаруй гишүүнтэй болж, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл тодорхой хэмжээнд орж ирсэн. Мөн ротациа байлгадаг болсон учраас ҮБХороо гишүүдтэйгээ холбоотой ажилладаг зөв жишиг тогтож байна. Намын шинэчлэл бол цаг үеэ олсон зөв зүйтэй шийдвэр болсон.

    -АН шинэчлэлийнхээ хүрээнд 16 бодлогын зөвлөл байгуулсан. Та өөрөө нэг бодлогын зөвлөлийг тэргүүлж ажилладаг юм байна. Ингэж бодлогын зөвлөл байгуулсны давуу тал юу вэ?

    - Намын шинэчлэлийн гол цөм нь бодлогын зөвлөл байгуулсан явдал. Бодлогын зөвлөлийн гурван гол үүрэг байна. Нэгдүгээрт, намын мөрийн хөтөлбөр боловсруулах. Энэ нь цаашаа нам ялах юм бол УИХ-аар батлагдаад ЗГ-ын мөрийн хөтөлбөр болоод явах юм. Олон бодлогын зөвлөл салбар салбартаа ажиллаж байгаа учраас намын мөрийн хөтөлбөр маш чамбай гарна.

     

    Хоёрт, тухайн салбарын боловсон хүчнийг шилж сонгох ёстой. Аль нэг салбар дээр өөр мэргэжлийн хүн сайд, төрийн нарийн, газрын дарга болчихдог. Тухайн салбарын мэргэжлийн боловсон хүчин нь тухайн салбараа удирдаад явах нь тухайн салбартаа түлхэц болох нь зөв юм. Мөн даргыг дагаж явдаг цүнх баригч нар орж ирэх боломжгүй болно. Мөн нам нь ялагдахаар гадаад гараад явчихдаг,аль нэг албан тушаалд дарга болоод дэвшдэг, УИХ-д нэр дэвшээд явдаг гажиг тогтолцоо байхгүй болно гэсэн үг.

     

    Гуравдугаарт, эрх баригч Засгийн газрын алдаатай бодлого шийдвэрийг шүүмжлэх. Энэ нь сүүдрийн Засгийн газрын үүрэг. Өнөөдөр АН сөрөг хүчин байгаа учраас бензин нефтийн үнийн өсөлтийг шүүмжилж эхэлсэн гээд салбар салбарын олон алдаатай бодлогыг гаргаж ирж тавьж байгаа.

     

    -Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн тухайд хэрхэн ажиллаж байна вэ?

     

    -Зам тээвэр харилцаа холбооны бодлогын зөвлөл нь иргэний нисэх, авто тээвэр, авто зам, төмөр зам, шуудан холбоо, мэдээлэл харилцаа гээд зургаан дэд зөвлөлтэй. Салбарын дэд зөвлөлүүд нь ойр ойрхон хуралдаад тухайн зөвлөлийнхөө танилцуулга хэлэлцүүлгийг ҮБХ-ныхоо гишүүд, намын гишүүдээ оролцуулаад хийж байна. Бид засгийн эрх авсан тохиолдолд тухайн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн төслүүдийг эхнээс нь хийж эхэлсэн. Одоогоор Иргэний нисэхийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргачихлаа. Авто тээврийн салбарынхаа төлөвлөгөөг гаргаад явж байна. Удахгүй авто зам гээд 2020 оноос өмнө бид төслүүдээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн талаар Засгийн газраас гарч байгаа тогтоол шийдвэр, сайдын тушаалуудыг анхааралтай ажиглаж, ямар алдаатай буруу шийдвэр гаргасныг бид шүүмжилж ажиллаж байна.

     

    - АН-аас зохион байгуулсан “Монголоо сонсъё” аян танай дүүрэгт хэрхэн үр дүнтэй явагдсан вэ? Иргэдийн хүсэлт юу байв?

     

    - АН-аас өөр ингэж ард иргэдийг хүлээж авч саналыг нь сонсдог улс төрийн хүчин байхгүй байна. Аян маш үр дүнтэй болсон. Иргэдийн хувьд ч хүсэн хүлээсэн ажил байсан. “Монголоо сонсъё” аянг иргэд тааламжтай хүлээж авсан. Иргэдийн хувьд МАН-ынхан өөрсдийн намын хүрээний хүмүүстэйгээ уулзаад л явдаг. Иргэдийг тоохгүй байна. Шатахууны үнийн өсөлт хэтэрлээ. Өсөлтөөс болж өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Энэ нь иргэдийн нуруун дээр ачаа болж байна. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардаж амлалтаа биелүүлэхийг шаардаж өгөхийг хүссэн. Бид иргэдээс ирсэн санал хүсэлт, зөвлөмжүүдийг ЗГ УИХ, Засгийн газарт шаардлага хэлбэрээр хүргүүлсэн.