Ж.Амарсанаа: АН засаг барьвал анхаарч ажиллана, засаг барихгүй бол шахаж ажиллана
    2018 оны 11 сарын 28 нд
    1da61c72776c3c61cc210a9e3280efe8.jpg

    Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

     

    -Та АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга. Энэ зөвлөл ямар ажил хийдэг юм бэ?

     

    -Энэ зөвлөл эрүүл мэндийн чиглэлээр бодлого боловсруулдаг. Нийтдээ арваад чиглэлээр бодлого боловсруулж байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, зонхилон тохиолдох нас баралт, өвчнүүдийг бууруулах бодлого, эм, вакцин, хүнс,шинэ технологийн талаарх бодлого, хүний нөөцийн бодлого, салбарт хэрэгжиж байгаа хууль эрх зүйн байдлын бодлого гэх мэт арван чиглэлээр бодлого боловсруулж байгаа. Гол санаа нь, аливаа Засгийн газар гарч ирснийхээ дараа бодлогоо тодорхойлох гээд суугаад байх биш, бүх зүйл жин тан, бэлэн болчихсон байж байгаад Засгийн эрхийг авахаараа тэрхүү бэлэн болдогоо шууд хэрэгжүүлдэг чиглэл рүү явах хэрэгтэй. Тэгэхгүй бол манайд аливаа сайд нь томилогдоод хагас жил ажилтайгаа танилцдаг. Тэгээд бодогоо боловсруулдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх гэсээр байтал хоёр жил нь өнгөрчихдөг.

     

    Нөгөө талаасаа үнэхээр шинэ бодлого хэрэгтэй байна уу гэдгийг одоогийн байгаа бодлоготойгоо харьцуулаад, шинэ бодлого нь хэр зэрэг хэрэгтэй байгаа юм, хуучин бодлогууд дотор үнэхээр хэрэгжиж байгаа зүйлүүд нь хэр байгаа юм гэдэг дээр судалгаанууд хийж байгаа. Тэгэхээр манай Монголд яг нарийн судлахаар эрүүл мэндийн салбарт 13 төрлийн хуулийг ЭМЯ шууд, 20-иод төрлийн хуулийг зарим зүйл, заалт нь ЭМЯ-тай холбоотойгоор хэрэгжүүлж байна.

     

    Үндэсний 17 хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Дээр нь Засгийн газраас баталсан мөрийн хөтөлбөр, Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлого, Төрөөс баримтлах эмийн тухай бодлого, Төрөөс баримтлах тусламж үйлчилгээний төвийн бодлого хэрэгжүүлж байна. Гэхдээ эдгээрээс хэрэгжихгүй байгаа нь их. Яг үнэндээ ЭМЯ бодлогын дутагдалд байгаа юм уу гэхээр, гол гол зүйлүүд бүгд л тэдгээр цаасан дээр байж байна. Хэрэгжилтийг нь хараад үзэхээр нэгдүгээрт, дэс дараа алга. Хамгийн гол суурин дээр нь хийх ёстой зүйлээ шууд хоёр, гуравдугаарт нь оруулчихсан байдаг ч юм уу. Өөрөөр хэлбэл, бодлогын хэрэгжилтийн эрэмбэ дараалал алга. Үе, шат алга. Хэрэгжилтийнх нь чанар, төгс байдал алдагдсан. Иймэрхүү шалтгаанаас болоод бодлого нь байгаа хэрнээ хэрэгжилт байхгүй харгадаад байна. Тэгээд эрүүл мэндийн салбарын болж бүтэхгүйг хэлэнгүүт л урдаас мөнгө ярьдаг. Гэтэл өнөөдөр нэг хүнд зарцуулж байгаа эрүүл мэндийн мэндийн зардлын хэмжээ сүүлийн арван жилд тасралтгүй нэмэгдсэн байгаа юм. Монгол Улс эмчийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт орж байна. Нэг хүнд ногдох орны тоогоор дээгүүрт орж байна. Тэгсэн мөртлөө эрүүл мэндийн салбарын тогтолцоо өнөөдөр чанарын хувьд дэлхийн 200 гаруй орноос 145-д орчихсон явж байна.

     

    Макро бүтцийн хувьд бүх зүйл нь байгаад байдаг. Машинаар ярих юм бол дугуй нь байна, мотор, аккумлятор, цонх нь байж байна. Тэгсэн мөртлөө тэр байгаа бүтцүүд нь микро түвшинд үр ашигтай ажиллаж байна вэ гэдгийг нарийн харахаар муу. Тэгэхээр бүтцээ ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Хүн рүү төвлөрсөн, хүн төвтэй бүтэц рүүгээ орох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад хүнээс илүү чухал зүйл байхгүй. Хүн төвтэй нь зөвхөн эрүүл мэндийн салбар шүү дээ. Засгийн газар тэр чигээрээ хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

     

    Өнөөдөр манайд хамгийн наад захын дүүрэг дээр очингуут нэг цэгийн үйлчилгээ байж байгаа юм. Гэтэл эрүүл мэндийн салбарт нөгөө л нэг социализмын үеийнхээ хуучин тогтолцоогоороо явдаг, өвчтөн орж ирэхээрээ төөрдөг байшин шигээ, хэдэн тасгийн хооронд шидэгдсэн, хөөгдсөн иймэрхүү байдалтай явж байгаа нь бодлогын гажуудлынх.

     

    Жишээлбэл, Төрөөс баримтлах эмийн бодлого хэрэгжихгүй байна. Олон сайхан зүйл, заалтууд тэнд бий. Жишээлбэл, Монгол Улс өнөөдөр эмийн үнээрээ дээгүүрт орж байна. Зарим эм дэлхийн дунджаас 18 дахин өндөр үнэтэй байна гэж манай судалгааны байгууллагууд хэлээд байгаа. Тэгсэн мөртлөө манай төрийн гол байгууллагууд жишиг үнийнхээ бодлогыг ер хэрэгжүүлэхгүй байна. Ялангуяа зайлшгүй шаардлагатай эмүүд дээр жишиг үнийн бодлого барьж байх ёстой. Дэлхийн улс орнуу гадаад жишиг үнэ, дотоод жишиг үнэ гэдэг зүйлийг баримталж байна. Бид аль, алиныг нь баримтлахгүй байна. Хэрэв бид үнэхээр дотоодын жишиг үнийг маш сайн баримтлах юм бол өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас эмэн дээр гарч байгаа нийт зардлын 50 хувийг хэмнэх боломжтой байна гээд гадаадын байгууллагууд манай тогтолцоог судлаад дүгнэлт гаргаад тавьчихсан байгаа.

     

    Уламжлалт анагаах ухаан дээр асар олон бодлого байгаа мөртлөө хэрэгжигүй байх жишээтэй. Жишээлбэл, хүний нөөцийн бодлого нь хэрэгжихгүй байна. Бүх шатлалын эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны эмч ажиллах бүрэн боломжтой боловч анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх, сумын эмнэлгүүдэд огт ийм эмчгүй байх жишээтэй. Энэ бүхэн буцаад эрүүл мэндийн салбарын өртөг, үнийг нэмэх эрсдэл рүү авч ороод байгаа юм.

     

    -АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн үндсэн ажил нь төлөвлөгөө гаргах юм байна гэж ойлголоо?

     

    -Тэгэлгүй яахав. Судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөгөө гаргана.

     

    -Өнгөрсөн 2012-2016 онд АН олонхиороо эрх барьж байх үед ийм төлөвлөгөө байсан уу?

     

    -АН-ын өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд л явж байсан. Гэхдээ тухайн үед АН-ын бодлогын зөвлөл гэж байсангүй. Энэ Бодлогын зөвлөл гэдэг нам дотрхи бүтэц маань дөнгөж саяхнаас хэрэгжиж эхэлж байгаа. 2016 онд З.Энхболд намын дарга байхдаа энэ бүтцийг эхлүүлж байсан. Дараа нь С.Эрдэнэ дарга энэ бодлогын зөвлөлийг шинээр байгуулаад явж байна. Яг төрийн байгууллагатай адилхан салбар болгон дээр Бодлогын зөвлөл байгуулаад явж байна. Энэ бол гадны өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудад байдаг тогтолцоо. Нам болгон өөрийн гэсэн бодлогоо гаргаад түүнийхээ дагуу судалгаа хийж, нотолгоонд суурилсан шийдвэрийг гаргадаг. Түүнээс биш, одоогийнх шиг өглөө аль хөл дээрээ боссоноос шалтгаалаад тэр өдрийнхөө шийдвэрийг гаргадаг шиг цаашид байхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр АН хэрэв засаг барих юм бол ямар асуудлыг нэгдүгээрт нь тавих нь тодорхой болно гэсэн үг. Жишээлэл эрүүл мэндийн салбарт нас баралтыг нэгдүгээрт тавина. Монголчууд юунаас болж нас бараад байгаа юм гэдэг нь бидний тулгадмсан асуудал байх болно. Жишээлбэл, зүрх судасны өвчин байна. Дараа нь нас баралтаараа хоёрдугаарт орж байгаа хавдрыг тавина. Гуравдугаарт осол, гэмтлийн гаралтай нас баралтуудыг барина. Дараа нь хоол боловсруулах замын гаралтай, амьсгалын замын гаралтай нас баралтуудад анхаарна. Ингээд таван төрлийн нас баралт руу бид анхаарал хандуулна.

     

    -Эрүүл мэндийн салбарын авч явж буй сайд өнөөдөр ямар түвшинд ажиллаж байна вэ гэдэг асуулт бэлдчихсэн байсан боловч та ярилцлагынхаа эхэнд хариулчих шиг боллоо?

     

    -Тийм. Дээр нь бид төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогыг хэрхэн үнэлсэнтэйгээ адилхан мөн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд бид үнэлгээ хийнэ. ЭМЯ-ны тайлан гэдэг бол тухайн жилд хийсэн ажлуудыг нийлүүлээд тавьчихсан л асуудал байгаа юм. Гэтэл ЭМЯ хийх ёстой ажлынхаа хэдэн хувийг, хэдэн зүйл, заалтыг нь хэрэгжүүлчихээд байгаа юм бэ? Хэдийг нь огт хэрэгжүүлэхгүй юм уу, тодорхойгүй байгаа юм гэдгийг гаргаж тавьж байж энэ чинь ЭМЯ-ны жинхэнэ тайлан болно оо.

     

    -Та энэ салбарын дэд сайд байхдаа юу хийж амжуулсан бэ. Бас юуг хийж амжаагүй вэ?

     

    -Би бол нас баралт руу л илүү анхааръя гэж үздэг байсан. Зүрх судасны өвчнөөс үүдэлтэй маш их нас баралт байна. Жишээлбэл Монгол Улс өнөөдөр харвалтын гаралтай нас баралтаараа дэлхийд хоёрдугаарт орж явж байна. Зүрх судасны өвчний нас баралт монголдоо нэгдүгээрт явж байна. Үүний цаад учир шалтгааныг хайгаад үзэхээр монголчуудын идэж байгаа хоол хүнсэнд асуудал байдаг. Амьдралын хэв маяг болохгүй байна, ялангуяа транс тосны замбараагүй хэрэглээнээс болоод зүрх судасны өвчлөл имй хэмжээнд ирчихэж гэдэг асуудлыг тавьсан. Ингээд Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийн дотор транс тосны хэрэглээг бууруулах талаар тусгаж өгсөн. Харамсалтай нь, түүнтэй холбогдолтой стандарт, хууль, журмууд нь гарч ирэхгүй байна. ХХААЯ ажлаа хийхгүй байна.төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас болоод энэ бодлогууд маань өнөөдөр залгамж халаагүй болчихлоо.

     

    Хоёрдугаарт, хорт хавдар дээр бид хамгийн чухал ажлыг хийсэн. Элэгний хавдартай холбоотой асуудлыг шийдэхийн тулд B, C вирустэй хүний тоог цөөрүүлэх ёстой байсан. Тиймээс “Элэг бүтэн” хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөр анхнаасаа “Элэг бүтэн” гэдэг нэртэй байгаагүй юм шүү дээ. Анх “Элэгний C вирусыг устгах үндэсний хөтөлбөр” гэж байсан. Дараа нь “Вируст гепатит болон элэгний өвчлөалийг бууруулах үндэсний хөтөлбөр” гэж С.Шийлэгдамба сайдын үед өөрчлөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед батлуулсан. Дараа нь МАН гарч ирээд энэ хөтөлбөрийн нэрийг “Элэг бүтэн” гэж өөрчилсөн. Доторх агуулга нь яг адилхан. Тэгээд одоо ердөө авторын булаацалдаан явж байна. Өөрөөр хэлбэл үүнийг аль нам хэрэгжүүлж байгаа юм бэ гэдэг дээр ард түмнийг будилуулах асуудал явж байгаа болохоос доторх агуулга нь үндсэндээ нэг юм.  Бидний гол анхаарч байсан хоёр дахь гол зүйл бол хорт хавдар. Хорт хавдрын 38-40 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлдэг.  Биднийг “Элэг бүтэн” дээр хэтэрхий анхаараад байна гэж шүүмжилдэг. Анхаарах ёстой. Яагаад гэхээр нас баралтын тэргүүлэх шалтгаанудын нэг учраас. Түүнээс элгэндээ байгаа юм биш. Дараагийн шатанд ходоод, улаан хоолойны хорт хавдрын асуудал гэх мэтээр дарааллаар нь шийдээд явах ёстой юм. Би энэ элэгний хорт хавдрын асуудал дээр засаг барьвал анхаарч ажиллана, засаг барихгүй бол шахаж ажиллах болно.

     

    -Өнөөгийн улс төр, засгийн газар, УИХ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Бас ямар байр суурь илэрхийлэх вэ?

     

    -Мөрийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт муу байна. Тиймээс өнөөдөр МАН-ын Засгийн газар огцрох ёстой юу гэвэл огцрох ёстой. МАН Засгийн эрхийг авснаас хойш хэдэн жил өнгөрөв. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацааных нь талаас илүү нь өнгөрчихсөн байна. Ийм хангалтгүй ажиллаж байгаа учраас энэ Засгийн газар огцрох нь зөв. МАН дотроо хоёр хэсэг хуваагдчихаад байна. Шинэ засгийг байгуулах нь илүү монголын ард түмэнд хэрэгтэй байна.

     

    -АН шинэчлэл хийхээр зорьж байна гэж байгаа. Үүнийхээ хүрээнд “Монголоо сонсъё”, “Гишүүдээ сонсъё” гэх мэт аянуудыг зохион байгуулж байна. Шинэчлэл гэж яриад байгаа тэр зүйл нь чухам юу байх вэ?

     

    -Миний бодлоор хамгийн чухал нь энэ “Бодлогын зөвлөл” гэдэг шинэчлэл байна. Нотолгоо, судалгаанд суурилсан шийдвэрүүд гаргана. Тэр нь бүгдээрээ ард түмэнд таалагдах албагүй. Гол нь хэрэгтэй, ач холбогдолтой шийдвэрүүдийг л гаргадаг болох бодлоготой болно гэдэг маань АН жишээлж хэлбэл хөлгүй далайд зөв чиг рүүгээ явах түүчээ нь болох юм гэж харж байгаа. АН-ыг дуурайгаад бусад нам бүгдээрээ бодлогын зөвлөлтэй болохыг уриалж байгаа юм. Яагаад гэхээр аль ч нам засаг барилаа гэхэд нотолгоо, судалгаанд суурилсан шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш, хэн нэгэн улстөрчийн сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй л дээ.

     

    Энэ утгаараа Бодлогын зөвлөл бол хамгийн чухал шинэчлэлт мөн. Хоёрдугаарт, АН оролцоонд суурилсан нам байя гэж байгаа. Энгинй гишүүд, намынхаа анхан шатны байгууллагуудынхаа оролцоонд суурилаад, хэн илүү оролцож байгаа нь дараа дараагийнхаа шатанд дэвшээд явдаг тогтолцоог бүрдүүлнэ гэж байгаа нь шударга. Түүнээс биш намын ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй байж байгаад засаг авангуут л тооноор орж ирээд дарга болоод авдаг. Өөрөөр хэлбэл, бусдын хөдөлмөрийг шулж амьдардаг улс төрч нар намыг ашиглаж, албан тушаал ахих шат, дэвсгэр болдог асуудлыг больё гэж байгаа нь зөв.

     

    -Бодлогын зөвлөл гэдэг бүтэц яриад ирэхээр боловсон хүчний асуудал хөндөгдөнө. АН-д боловсон хүчний хомсдол байна уу гэвэл байна?

     

    -Байгаа. Манай эрүүл мэндийн салбарт ч гэсэн боловсон хүчний хомсдол байна. Эрүүл мэндийн талаар мэдлэггүй хүмүүс бий. Гэхдээ тэр хүмүүсээ боловсруулаад, салбарын чиглэлээр мэдлэгтэй болгоод “А”-гүй байсан хүнийг “А”-тай болгоод явах нь Бодлогын зөвлөлийн бас нэгэн ажил. Тэр утгаараа бид зөвхөн энэ жил гэхэд л 20 гаруй сургалтыг зохион байгуулсан байна. Дандаа энэ салбарын шилдэг хүмүүсээр хичээл заалгуулж, сургалт зохион байгуулсан.

     

    -Улс төрийн намын төлөвшил Монголд хэзээ бий болох бол?

     

    -Мөн л энэ Бодлогын зөвлөл байгуулаад явж байгаа нь өөрөө улстөрийн намын төлөвшлийн маш чухал алхам юм шүү дээ. Логикгүйгээр, гэв гэнэтхэн шийдвэр гаргадаг асуудал алга болж байгаа юм. Хэрэгжүүлээд, алдахгүй, тогтвортойгоор үйл ажиллагаагаа хангаад явж байх ёстой. Түүнээс биш, Засаг авахаараа Бодлогын зөвлөлийнхөө гаргасан бодлогуудыг хэрэгжүүлэхгүй байвал энэ үнэхээр утгагүй асуудал. Бүтэн дөрвөн жил бодлого боловсруулчихаад яг шийдвэр гаргахдаа нөгөө сайхан боловсруулсан зүйлээ хэрэгсэхгүй болгоод хаячих юм бол түүн шиг утгагүй зүйл байхгүй.

     

    -Энэ асуултыг зөвхөн АН-д хамааруулж асуугаагүй юм л даа?

     

    -Их сонин юм аа. 1996 онд манай нам бас засгийн эрхийг аваад л дөрвөн удаа засгаа огцруулахад засаглах чадваргүй байна гэж яриад байсан. Одоо 90 гаруй жил Монгол Улсыг удирдаж, Монголын улс төрд идэвхитэй оролцож байгаа МАН-д өнөөдөр яг л адилхан үйл явдал болоод засгаа огцруулах эсэх дээр тулчихаад явж байна. Тэгэхээр энд бас нэг улстөрийн тогтолцооны гажуудал байгаа юм уу даа л гэж харж байна. Магадгүй, Үндсэн хуулийн гажуудал байна.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС"  

     

    Сэтгүүлч: Х.ХУЛАН