Ц.Туваан: IX их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батална
    2018 оны 11 сарын 28 нд
    e4f5359b5860cbd0d9a5c0a9fbe20070.jpg

    Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян сумдад ажиллаж, гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонссон юм. Уулзалтын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

     

    -Ардчилсан намын дарга С.Эрдэнэ IX их хурлаа хуралдуулахаар шийдвэрлээд байна. Бас “Хөгжил-шинэчлэл” аян гээд сүүлийн үед сонин ихтэй байна уу?

     

    -Ардчилсан нам 2018 оныг анхан, дунд шатны байгууллагуудаа бэхжүүлэх, гишүүдээ сонсох жил болгон зарласан. Энэ хүрээнд шат дараалсан олон ажил амжилттай зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 14-өөс зургаадугаар сарын 14-ний хооронд “Монголоо сонсъё” үндэсний аяныг орон даяар зохион байгуулсан. Ардчилсан намын ҮБХ (Үндэсний бодлогын хороо) хуралдаж, нэгдүгээр аяныг үр дүнтэй болсон гэж үзсэн учраас “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аяныг зохион байгуулахаар шийдвэрлэж, аянаа эхлүүлээд байна. Энэ удаагийн аян “Гишүүдээ сонсъё” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилт тавьсан. Тиймээс Монгол орны өнцөг, булан бүрт ажиллаж, амьдарч буй жирийн гишүүдийнхээ үгийг нь сонсч, үзэл бодлыг нь хуваалцах нь зүйн хэрэг. Гишүүдийн оролцоонд тулгуурлаж намын шинэчлэл үргэлжилнэ. Тиймээс ч бид арванэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аянаа зохион байгуулж, гишүүн бүртээ хүрч ажиллахаар замдаа гараад байгаа минь энэ. Аяны хүрээнд зөвхөн намын гишүүн гэлтгүй нутгийн иргэд, малчидтай уулзаж, тэднийхээ саналыг сонсч байна. Үүний зэрэгцээ Ардчилсан намын IX их хурлыг хуралдуулах шийдвэр гарсантай холбогдуулан үүрүүдийг хуралдуулж байгаа. Үүрүүдийн хурлаар намын гишүүд дундаасаа их хуралд оролцох төлөөлөгчөө сонгоно. Бид ирэх сард “Хөгжил-шинэчлэл” аянаа дүгнэж, тайлангаа гаргана. Гишүүдийнхээ саналыг намын IX их хуралд өргөн барина. Харин иргэдээс ирүүлсэн саналыг холбогдох байгууллагуудад хүргэж ажиллана. Энэ жилийн намын их хурал ихээхэн онцлогтой. Учир нь Үндсэн дүрэмд тусгасны дагуу Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн  батална. Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой баяраа удахгүй тэмдэглэнэ. Намынхаа 180 мянган гишүүндээ Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойн баярын мэнд хүргэе.

     

    -Аяны хүрээнд иргэдээс ирүүл буй саналын дийлэнхийг ямар асуудал эзэлж байна вэ?

     

    -Ардчилсан нам УИХ-ын түвшинд сөрөг хүчний үүрэгтэй ажиллаж байна. Энэ бол монголын ард түмний бидэнд “тавьсан дүн”. Харин эрх баригч намд итгэл үзүүлж, үнэмлэхүй олонхи болгосон. Гэвч өнөөдөр монголын төр ямар байдалд хүрчихээд байгааг бүгд нүдээрээ харж, чихээрээ сонсч байна шүү дээ. Монгол Улсын маргаашийн сайн сайхны төлөө ажиллах учиртай эрх баригчид төрийн ажлыг гацааж, сандал суудлаа булаалдаж байгаа нь харамсалтай. Иргэд эрх баригчдын чадамжгүй байдал, увайгүй үйлдэлд маш их бухимдаж байгаагаа илэрхийлж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг бодлогын алдаатай шийдвэрүүд жирийн ард түмний амьдралд хэрхэн муугаар нөлөөлж, тэдэнд ямар их ачаа үүрүүлж байгаа нь орон нутгаар харагдаж байна шүү дээ. Иргэд ажилгүй, орлогогүй байна. Байгаль орчин сүйдэж байна. Малын гаралтай түүхий эдийн ханш маш их унасан байна. Хонины нэхий, үхэр, адууны ширийг бараг үнэгүй шахуу болсон. Үүнд малчид маш их бухамдалтай байгаагаа илэрхийлж байна. Уг нь ард түмэн тэдэнд итгэж, улс орноо хөгжүүлээсэй, ард түмнийхээ амьдралыг сайжруулаасай гэж сонгосон. Мэдээж сайн ажиллаасай гэж хүссэн нь гарцаагүй. Харамсалтай нь эрх баригчид энэ бүх асуудлыг шийдвэрлэх чадамжгүй гэдгээ аль хэдийнэ харуулсан.