С.Санасэр: Ардчиллын үнэт зүйлсээ зүлгэн өнгө оруулж, амьдралынхаа зарчим болгоё
    2018 оны 11 сарын 28 нд
    28977ff75f95fbe3e5a58b40e88286a6.jpg

    Өнөөдөр Хүүхдийн ордонд 17:30 минутаас эхлэх “Үнэт зүйл сорилт” лекц болно. Зарим талаараа мартагдах шахсан ардчиллын үнэт зүйлсийн талаар залуучууд ярилцах юм. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, засаглалын зөвлөх Харвардын их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан С.Санасэртэй ардчиллын үнэт зүйлсийн талаар ярилцлаа.

     

    -ХҮНЛЭГ БАЙХ, ХҮН БАЙХ ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ БИДЭНД    ҮГҮЙЛЭГДЭЖ БУЙ ЗАРЧИМ ҮНЭТ ЗҮЙЛ-

     

    -Та хэдэн онд Харвардын Их Сургуульд элсэн орж байсан бэ. Тухайн үед ямар, ямар шалгуурыг давж байсан талаар ярилцлагаа эхлүүлье?

     

    -АНУ-д бизнесийн чиглэлээр магистр хамгаалсныхаа дараа мэргэжлээрээ бизнесийн байгууллагад ажиллаж байсан. Мөн эх орондоо бизнесийн байгууллагад гүйцэтгэх удирдлагын чиглэлээр ажиллахын хажуугаар МУИС-д багшиладаг байсан. Энэ хугацаанд Монгол Улсад болж буй үйл явдлуудын учир шалтгаан, цаашид бид хэрхэн хурдан хөгжих вэ, хөгжлийн гол асуудлууд нь юу байна гээд миний сонирхолыг татсан л даа. 2008 онд Харвардын их сургууль суралцах юмсан гэсэн бодол төрж байсан. Яагаад гэвэл энэ сургууль хөгжлийн эдийн засгийн талаар, манлайлалын хөтөлбөрүүд, төрийн удирдлага гээд миний сонирхож байсан чиглэл рүү шилдэг судалгааг хийдэг. Мөн шилдэг багш, профессорууд байдаг. Тухайн үед Харвардын их сургуульд орох даалгавар их л хэцүү санагддаг байсан ч 10 жилийн дараа сургуулиа төгсчихсөн сууж байна.

     

    -Хүмүүс Харвардын Их Сургуульд элсэхийг маш хэцүү мэтээр ойлгодог. Энэ сургуульд элсэн суралцахыг хүссэн залуучуудад нэн тэргүүнд ямар зөвөлгөө өгөх вэ?

     

    -Тасралтгүй оролдох хэрэгтэй. Харвардын их сургуультай холбоотой мэдээлэл өөрийнх нь вэб сайтан дээр бүгд байдаг. Ихэвчлэн эссэ, TOEFL-ийн оноо бусад мэргэжлийн шалгалтуудыг зайлшгүй өгдөг учраас нэн тэргүүнд бэлдэж эхлэх хэрэгтэй. 1-2 удаа тэнцэхгүй байж болно. Гэхдээ шантрах хэрэггүй. Энэ бүхэн чинь эргээд туршлага болно, ахиад өөр зүйлс суралцах үүд хаалгыг нээж өгдөг.

     

    -Өнөөдөр Хүүхдийн ордонд 17:30 минутад болох “Үнэт зүйл сорилт” лекцинд хичнээн илтгэгч оролцож байгаа вэ. Энэ үйл ажиллагааныхаа зорилгын талаар ярихгүй юу?

     

    -“Үнэт зүйл сорилт” лекцинд миний бие оролцоод нийтдээ 11 илтгэгч оролцоно. Зарим талаараа орхигдоод байгаа үнэт зүйлүүд байна л даа. Жишээлбэл, хүний эрх, шударга ёс, эрх чөлөө бол бидний суурь үнэт зүйлс. Гэвч хүн бүхэн үүнийг байнга байх мэтээр угаасаа байсан мэт ойлгож, төсөөлж боддог залуучууд олон байна. Дэлхий дахинд үнэт зүйлс нь орхигдсон, зөрчигдөж буй улс орнууд сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгааг бид бүгдээрээ харж байна. Дайн байлдаан, аллага, хүний эрхийг зөрчсөн байдал, шударга бус зүйлүүд маш их болж байна шүү дээ. Бидний гол зорилго 1992 онд Үндсэн хуулинд тусгаж өгсөн суурь үнэт зүйлсээ ард иргэд, тэр тусмаа залуучууд маань мэдэж байна уу, санаж байна уу, үүнийгээ өнгө оруулж сайн ярьцгаая, амьдралынхаа зарчим болгоё гэж байгаа юм.

     

    -Таны бодлоор монгол хүний үнэт зүйл нь юу вэ?

     

    -Маш том асуулт байна л даа. Олон талаас нь ярих боломжтой. Гэхдээ бид ардчилал ба үнэт зүйлс, ардчилсан улсын ард түмний үнэт зүйлүүд нь юу байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нэн тэргүүнд бид шударга ёс ярих ёстой. Өнөөдөр манай нийгэмд шударга бус зүйл их байна. Шударга гэсэн ойлголтын эсрэг чиглэгдсэн маш их юм байна. Мөн тэгш байдал алдагдаж байна. Мэдээлэл хүн бүхэнд тэгш олгогдож байна уу. Хуулийн хариуцлага хүн бүрт ижил байна уу гээд маш олон асуудал урган гарч ирнэ. Хүний эрх, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, амьд байх эрх гэсэн суурь үндсэн зарчимууд бидний өнөөдрийг нийгмийг бүрэлдүүлж буй. Эдгээр үнэт зүйлүүдийг Монгол Улсын иргэн бүр ижилхэн хүртэх ёстой. Хүнлэг байх, хүн байх гэдэг бол хамгийн чухал бидэнд үгүйлэгдэж буй зарим, үнэт зүйл болов уу гэж хувь хүнийхээ үүднээс боддог юмаа.  

     

    -МОНГОЛ ХҮН БҮР ҮНДСЭН ХУУЛИА ХЭД ХЭДЭН УДАА УНШИХ ГОЛ АСУУДЛАА МЭДЭХ, ОЙЛГОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

     

    -Монголчууд үнэт зүйлсээ хадгалж, хамгаалж үлдэхийн тулд иргэн бүр ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ?

     

    -1992 онд батлагдсан Үндсэн хууль миний хувьд их сайн үндсэн хууль гэж боддог. Хууль, журам, тогтоолуудын суурь болж өгдөг томоохон үнэт зүйлийн баримт бичиг байгаа юм. Энэ хугацаанд бидэнд үнэт зүйлүүдээ услах, өнгө оруулж зүлгэх цаг зав гарсангүй л дээ.  Жишээлбэл, АНУ-ын иргэд нь бүгдээрээ Үндсэн хуулиа цээжээрээ шахуу мэдэж байна. Багаасаа үндсэн хуулийнхаа мөн чанарыг маш сайн ойлгож байна. Мөн музейн үзмэрүүд, сургалтын хөтөлбөрүүдэд нь маш хүчтэй тусч өгсөн байдаг. Харин манай улсын хувьд  суурь үнэт зүйлүүд дээрээ цаашид анхаарах зүйл их байна. Тэр ч утгаараа өнөөдрийн үйл ажиллагааг үүн рүү чиглэнэ. Монгол хүн бүр Үндсэн хуулиа дахиад хэд хэдэн удаа унших, гол асуудлаа мэдэх, ойлгох зайлшгүй шаардлага байгаа гэж бодож байна. 

     

    -Монголчууд төрөө үзэн яддаг, төрдөө итгэх итгэлгүй болчихлоо. Ардчиллын үнэт зүйлээ алдаж байгаагийн нэг хэлбэр мөн үү?

     

    -Монголд ч гэлтгүй дэлхий даяар ийм хандлага ажиглагдаад байна л даа. Харвардын их сургуулийн Yascha Mounk профессорын хийсэн судалгаанд дэлхийн II дайнаас хойш төрдөө итгэх итгэл, аливаа хүнд асуудлыг амар хялбар аргаар тайлбарлан гарч ирдэг популист хүмүүс төрийн гол, гол байр суурийг эзлэх нь ихэсч байна. Ялангуяа ардчилсан гэх тодотголтой АНУ, Герман, Англид ажиглагдаж байгаа. Цэрэг армийн хүчээр асуудлыг шийдэх нь зөв юм байна гэдэг ойлголт Европийн улсуудад 20 жилийн өмнөхтэй харьцуулахад огт өөр болчихоод байгаа. Англид хоёр тутмын нэг нь хүчтэй ледир чухал гэдэг рүү чиглэж байна. Германд 20 жилийн өмнө хүчтэй ледир хүнийг 16 хүн тутмын нэг нь ярьж байсан бол өнөөдөр зургаан хүн тутмын нэг нь ярьж байна. Монгол Улсад хүртэл хүчтэй лидер яриад байна шүү дээ. Өнөөдөр манай улсад ЖДҮ-тэй холбоотой асуудлууд, өндөр хариуцлагатай хүмүүсээс хамаарсан ямар их асуудлуудыг гарган тавьж байна.

     

    Миний хувьд үүнийг маш зөв ардчилсан нээлттэй нийгмийн ажиллах зарчим гэж бодож байна. Энэ асуудал дээр хүч хэрэглэх замаар биш улам сайжруулах тал дээр гаргалгаануудыг ярих ёстой. Дэлхий даяар үнэт зүйлтэй холбоотой сөргөлдөөн өөрчлөлттүүд их гарч байна. Жишээлбэл, эдийн засаг барууны орнуудад өмнө байгаагүйгээр зогсонги байдалд орчихлоо. Технологи маш хурдацтай хөгжиж байна. Ялангуяа олон нийтийн сүлжээ. Ямар нэгэн мэдээллийг ямар ч цензургүйгээр маш амархнаар олон нийтэд түгээх боломжтой болж байна. Мөн дэлхийн дулаарал, цагаачлалтай холбоотой маш их шилжилт хөдөлгөөн дэлхийн даяар өрнөж байна. Үүнээс хамаараад нэг үндэстэн, нэг үнэт зүйлтэй улсуудын дунд маш олон үзэл баримтлалтай хүмүүсийн олонлог бий болж байна. Энэ бүхнээс болоод зайлшгүй зохицуулах ёстой олон сөргөлдөөнүүд, асуудлууд гарч ирж байгаа. Монголчууд нэг үндэстэн улс. Тиймээс өөрсдийнхөө үнэт зүйлийг хамтдаа тодорхойлоод, баримтлаад явах юм бол бидний хөгжлийн суурь болно гэж найддаг.

     

    -Технологийн хурдацтай хөгжил, олон нийтийн сүлжээний хэрэглээ улс орны үнэт зүйлд эерэг нөлөө үзүүлж байна уу эсвэл сөргөөр нөлөөлж байгаа юу?

     

    -Ардчилсан улсад нийгмийн сүлжээ хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлхий даяар яригдаад эхлэж байна. 5-6 жилийн өмнө олон нийтийн сүлжээний нээлттэй байдал ардчилал хүний эрх, эрх чөлөө, хүнийг санаа бодлыг дэмжиж үнэт зүйлд эерэгээр нөлөөлнө гэсэн хандлагатай байсан. Харин өнөөдөр энэ хандллага эрс өөрчлөгдөж ардчилалын үнэт зүйлд сөргөөр нөлөөлж хэмээн үзэж байгаа. Жишээлбэл, АНУ-ын ерөнхийлөгч твиттерээр дамжуулан нийгэмд маш олон асуудлыг бий болгож байна. Цаашид сөргөөр нөлөөлж буй тал нь давамгайлдаг болно. Технологийн хөгжлөөс өмнө аливаа хэцүү асуудлыг амарханаар тайлбарладаг хүмүүсийг мэргэжлийн салбарынх нь хүмүүс олж тогтоогоод дээш нь гаргахгүй хязгаарладаг бүтэцүүд дэлхийн орнуудын улс төрийн нам, инстутци дээр нь ажиллаж байсан. Өнөөдөр аливаа хэцүү зүйлийг амархнаар тайлбарладаг хүмүүс ямар нэгэн цензургүйгээр олон нийтийн сүлжээг ашиглан мэдээллийг түгээж маш олон хүний дэмжлэгийг авч байна. Ийм хүмүүсийг төрд гарч ирэх боломжийг олгодог. Төрд гарч ирснийхээ дараа амарханаар ярьсан хэцүү асуудал бодит байдал дээр шийдэгдэхгүй. Ингээд нээлттэй нийгэм нь эдгээр хүмүүсээсээ хариуцлага шаардлага тавиад эхлэхээр хамгийн түрүүнд ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн болгож эхэлдэг. Энэ тохиолдолд ардчилалын үнэт зүйлсээсээ ухарч хүний эрх, эрх чөлөөг боогдуулж эхэлдэг. Тахиа анхдагч уу, өндөг анхдаг ч уу гэдэг шиг асуудал үүсч байна. Дэлхий даяар ийм асуудал бий болж байна. Харин бид яах ёстой вэ гэдгийг бидний өнөөдөр зохион байгуулж буй арга хэмжээн дээр яригдана.

     

    Эх сурвалж: MEDEE.MN 

     

    Сэтгүүлч: М.АМАРЖАРГАЛ

     

    Гэрэл зургийг Г.ТҮШИГ