О.Эрдэнэ-Өрнөх: Ардчиллыг бэхжүүлэх үйлс ганга мөрний урсгал шиг зогсолтгүй үргэлжлэх ёстой
    2018 оны 11 сарын 29 нд
    6b45b13ce3da647f3178517feff91cc8.jpg

    Ардчиллыг бэхжүүлэх үйлс ганга мөрний урсгал шиг тасралтгүй үргэлжлэх ёстой....Энэ бол арваннэгдүгээр сарын 28-нд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдсан “Үнэт зүйлс-сорилт” арга хэмжээнд эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх илтгэлийнхээ төгсгөлд хэлсэн үг. Өмнөговь аймгийн жижиг сумаас дэлхийн хэмжээний сургуульд суралцаж, боловсрол эзэмшсэн энэ залуу өөрт ногдсон багахан хугацаандаа “Зогсолтгүй бас яарахгүй”-гээр ардчиллыг хэрхэн бэхжүүлэх талаар ярьсан юм.

     

    Харин хуульч Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Хэдийгээр манай улсад зарим хууль хэрэгжиж, нөгөө хэсэг нь цаасан дээр үлдэж байгаа ч хууль ёсонд итгэх итгэлээ гээхгүй байхыг аминчлан захив. Учир нь өнөөгийн ардчилсан нийгэмд тулгараад буй сорилтыг даван туулахад хууль онцгой үүрэгтэй. Тиймээс ч ЖДҮ, авлига, бонд гээд ар, араасаа хөврөх зөрчил, тэмцлийн дунд гагцхүү хууль ёс тэсч үлдэх учиртай. Хууль ёсоо сахиж, хэрэгжүүлэхийн тулд бусаддаа зөвөөр үлгэрлэж, мэдээлэлтэй, зоригтой байхыг Х.Номингэрэл хуульч залууст хандаж уриалсан юм. Тэрбээр нийгэмд эерэгээр үлгэрлэх тухайд “Гэрлэн дохион дээр зогсч байхдаа ч үлгэрлэ. Хэн нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, улаан гэрлээр алхахад таныг дагах 10 хүн байгааг сана. Үүний нэгэн адил замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ногоон гэрлээр гарахад ч таныг дагах 10 хүн байгааг сана” гэв.

     

    Харин хуульч Б.Ган-Очир “Эрх чөлөө-хагас цаг” илтгэлдээ ардчилал монголчуудад юу авчирсныг ойлгомжтой тусгажээ. Тэрбээр Ардчилал монголчуудад төрөө байгуулах эрх, хуулийн өмнө эрх тэгш амьдрах боломж, эрх чөлөөг олгосон гэв. Түүнчлэн хүн аливааг аргалахгүй, хоёр амьдралаар амьдрахгүй байх, үнэнтэй нүүр тулж сурах ёстойг ч илтгэлийнхээ үеэр дурдсан юм.  ТҮЦ машин, 4G сүлжээ, тоон систем зэрэг технологийн салбарт амжилттай хэрэгжсэн олон төслийн автор Ц.Жадамбаа мэдэх эрх гэж юу болох талаар илтгэж, Ардчиллыг бэхжүүлэхэд технологийн дэвшил ямар үүрэг гүйцэтгэж буйг сонирхолтойгоор илэрхийллээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд залууст хандаж Ардчилал хэмээх “мерседес бенз”-дээ эзэн нь байхыг уриалсан юм. 

     

    Энэ мэтчилэн эдийн засагч М.Чимиддорж, нийгмийн сэтгэлзүй, хөгжил судлаач  Н.Шижиртуяа гээд “Ардчилсан залуучуудын холбоо”-ны шилдэг залуус өргөн агуулгын хүрээнд  илтгэж, нэгэн оройг сонирхолтой өнгөрүүллээ.  Тун удахгүй Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой тохионо. Ойн босгон дээр залуус ардчиллын үнэт зүйлсийг өөр, өөрийнхөө ертөнцөд хэрхэн дүрсэлснээ бусаддаа дэлгэсэн нь энэ. Эх орондоо амар тайван, хуулийн өмнө эрх тэгш амьдрах боломжийг 29 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал бидэнд авчирсан билээ.