Д.Эрдэнэбат: Бүлэг тарахыг хэн нэгэн амныхаа зоргоор яриад тараачихдаг юм биш
    2018 оны 12 сарын 04 нд
    399ba72ae3cb359b85e6fb8ac3723613.jpg

    АН-ынхан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг удаа дараа намын эсрэг зогссон хэмээн хөөх шийдвэр гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн хугацаанд АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарахаа мэдэгдсэн. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг тарж, АН УИХ-д бүлэггүй болох нөхцөл байдал үүсээд байгаа юм.  Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

     

    -Л.Болд гишүүн бүлгээсээ гарахаа мэдэгдлээ. Хэрвээ бүлгээс гарвал танай нам УИХ-д бүлэггүй болох нөхцөл байдал үүсээд байна? 

     

    -Сонгуулийн дүнгээр наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэсэн заалт бий. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Тиймээс бүлгийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилнэ. 

     

    -Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдөлдөө УИХ-ын тухай хуулийн 26.12-т зааснаар хэмээн дурдсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

     

    -Хүсэлтийг нь үзсэн. 26.12-т заалт бол 26.11 дэх заалт буюу гишүүд нэг бүлгээс гарах, бөөнөөрөө гарах тухай ойлголт. Нөгөө бүлэгт орох тухай ойлголт. Бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орж чадаагүй бол дахиж бүлэг байгуулахыг хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр 26.12 нийцэхгүй гэсэн ойлголт. Тиймээс Улсын дээд шүүхээс тайлбар өгөхийг хүсч албан бичиг явуулсан. Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Тэгэхээр УИХ-ын хуулийн дагуу АН найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож байна. Хуулийн зөрчилтэй энэ заалтын дагуу би АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичгийг УИХ-ын дарга руу явуулахгүй. Үндэслэл ч байхгүй. Надад хууль зөрчих эрх байхгүй. Тиймээс АН-ын бүлэг тараагүй. Хэвээрээ гэж ойлгож болно. 

     

    -Намаасаа гарсан тохиолдол бүлэг тарах нөхцөл байдал үүсэх юм байна. Тийм үү?

     

    -Тийм. Намаас гарсан тохиолдол бүлэг тарах нөхцөл байдал үүснэ. Ер нь бүлэг тарахыг хэн нэгэн амныхаа зоргоор яриад тараачихдаг юм биш. Бүлэг тарах хуулийн хүрээнд заалттай. Тодруулбал, тухайн улстөрийн нам татан буугдвал бүлэг тарна. Мөн бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал бүлэг тарна гэсэн хоёрхон заалттай. Түүнээс хэн нэгэн хүн мэдээд тараачихдаг юм биш. Ард түмэн өнөөдөр АН-ын сөрөг хүчин болгосон. Бид энэ үүргээ хэрэгжүүлж байгаа. УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд олон удаа АН-аас сонгогдож, УИХ-д сууж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болдод хандаж хэлэхэд, туршлагатай гишүүн, ард түмнээ төлөөлөөд сөрөг хүчин болоод явж байгаа энэ бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү. АН-аас сонгогдож гарчихаад АН-ын бүлгээс гарна гэж ярьж байгаа тохиолдол анхных шүү гэдгийг сануулж хэлмээр байгаа юм. Энэ бол ард түмний нам шүү. 

     

    Эх сурвалж: Zaluu.com