Д.Эрдэнэбат: Ардчилсан нам залууст үүд хаалгаа цэлийтэл нээж өгсөн, одоо та нарын ажиллах үе
    2018 оны 12 сарын 06 нд
    4f056e229d77ae98d639ee40f04f0966.jpg

    Одоогоос 18 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэнээр өнөөгийн Ардчилсан нам байгуулагдсан түүхтэй. Ардчилсан нам байгуулагдсан ойн өдөр залуус хөгжлийн бодлогоо тодорхойлохоор нэгдсэн чуулганаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээг КАС (Конрад Аденауэр сан)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд Монгол орны өнцөг, булан бүрт ажиллаж, амьдарч буй ардчилсан залуус нэгэн дор цуглаж, 2030 он хүртэлх хөгжлийн бодлогын тухай ярилцлаа. Чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, “Ардчилсан оюутны холбоо”-ны ерөнхийлөгч Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

     

    Чуулганыг нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд тэрбээр “Ардчилсан нийгмийг бий болгохын төлөө анхдагчид 30 жил зүтгэлээ. Бидэнд алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий. Одоо ачааны хүндийг үүрэх цаг залуус та нарын нуруун дээр ирлээ. Ардчиллын алтан хараацай, анхдагч, партизануудын бий болгосон Ардчилал, үнэт зүйлээ бэхжүүлж, хамгаалж, дүү нартаа хүлээлгэж өгөх хариуцлагатай цаг хугацааны мөчлөг дээр залуус та нар зогсч байна. МАН-ын өнөөдрийн зовлонг АН маргааш давтах учиргүй. Залуус та нар хулгай хийчихээд худлаа ярьдаг хүмүүсийг дагах ёсгүй. Залуу хүний хамгийн том хөрөнгө бол хязгааргүй мөрөөдөл, хүсэл тэмүүлэл юм шүү. Ардчилсан нам залууст үүд, хаалгаа цэлийтэл нээж өгсөн. Одоо та нарын ажиллах, түүчээлэх, манлайлах цаг ирсэн” гэв.