С.Эрдэнэболд: Бодлогын бичиг баримт боловсруулахаар ажиллаж байна
    2018 оны 12 сарын 06 нд
    6bd3d9e23e7f5cf7b5ff1327563a34ad.jpg

    -“Хөгжлийн зураг-2030” чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?

     

    -Дэлхийн хөгжингүй орнууд төдийгүй НҮБ ч хөгжлийн зургаа 2030 гэж хараалж байна. “Ардчилсан залуучуудын холбоо” намын дэргэдэх бүтцийн байгууллага, нөгөөтэйгүүр дэлхийн АЗХ-ны гишүүн гэдэг утгаараа 2030 хүртэлх бодлогоо тодорхойлохоор ажиллаж байгаа юм. Учир нь Монголчууд төдийгүй дэлхий ямар бэрхшээлийн өмнө байна вэ, түүнийг хэрхэн даван туулахад залуус бэлэн байх ёстой. Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал уул уурхайгаас хэт хамааралтай байна шүү дээ. Экспортын дийлэнх хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ унахад эдийн засаг нь дагаад савалдаг, ийм эмзэг, хэврэг байх юм уу. Монгол Улс ямар өрөг дээр тоглолт хийх вэ гэдгээ тооцох ёстой. Үүний тулд 26-39 оны залуус нэгдэж, бодлогын бичиг баримтаа боловсруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн чуулганд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ардчилсан үзэлтэй залуус оролцож, урт хугацааны стратегийн бодлогоо тодорхойлохоор ярилцаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.

     

    -Ардчилсан нам IX их хурлаараа Үзэл баримтлалаа баталлаа. Үзэл баримтлалын шинэчлэлд залуусын оролцоо ямар түвшинд байсан бэ?

     

    -Ардчилсан нам IX их хурлаараа Үзэл баримтлалаа шинэчлэн баталлаа. Үзэл баримтлал бол хоосон баримт бичиг эсвэл тунхаг биш. Амьдрал дээр бодитоор хэрэгжих ёстой. Тиймээс ч бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд үнэт зүйлээ хамгаалж чаддаг, лидерүүд болгох вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Үзэл баримтлалын төслийг батлахад ахмад, дунд, залуу үеийн оролцоо ижил тэгш байсан. Харин онцлог нь юу байсан гэхээр залуус оролцох боломж бүрдсэн юм. Өмнө нь залуусын дуу хоолой тээр цаана, бүдэг бадаг л сонсогддог байсан. Тэгвэл өнөөдөр Ардчилсан нам залуусыг түлхүү сонсохоор барахгүй зохион байгуулалтын ажлыг залуусаар удирдуулж байна шүү дээ. Жишээ нь би Үзэл баримтлалын төслийг шинэчлэхэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Ардчилсан нам шинэчлэгдэж байгаагийн нэг илрэл бол залуусын оролцоог нэмэгдүүлж, нээлттэй болсон явдал юм. Тиймээс ч бид залуусыг хэрхэн туршлагажсан боловсон хүчин болгох вэ, яаж зөв манлайлагч болгоход энэ удаагийн чуулган мөн анхаарлаа хандуулж байгаа.

     

    -Сүүлийн үед манлайллын тухай их яригдах болж. Манлайллыг та хэрхэн тодорхойлох вэ?

     

     

    -Манлайлал гэдэг бол зарчим байхгүй юу. Хувь хүн өндөр боловсролтой байж болно, эсвэл хөрөнгө чинээтэй ч байж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар ч давуу талтай байж болох шүү дээ. Гэхдээ үнэт зүйлээр биежсэн зарчмууд байхгүй бол тэр манлайлал ямар ч үнэ цэнэгүй болчихож байгаа юм. Өнөөдөр улстөрийн, бизнесийн, нийгмийн гээд маш олон төрлийн манлайлал байна. Гагцхүү үнэт зүйл дээр суурилсан манлайлал байх учиртай. Үүний тулд нэгдүгээрт хувь хүний эрх чөлөөг зайлшгүй хамгаалах ёстой. Ямар ч тохиолдолд хувь хүний эрх чөлөөг давсан, хязгаарласан шийдвэр байх боломжгүй. Энэ бол бидний үнэ цэнэ юм. Тиймээс манлайллын шинэ хэлбэр бол хувь хүний үнэ цэнийг ямагт хамгаалах ёстой. Хоёрдугаарт эдийн засгийн эрх чөлөө, өмчийг хамгаалах ёстой. Гуравдугаарт, улстөрийн эрх буюу сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг нь хамгаалах ёстой. Үүнээс гадна хууль ёсны эрх чөлөөг нь хамгаалах ёстой. Энэ бүхнийг хангасны үндсэн дээр Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө баталгаажина гэж үзэх ёстой. Бид Монгол Улсыг газар нутаг гэж үзээд гурван сая хүнийг нь хасчихвал тэр чинь Монгол биш болчихно шүү дээ. Тиймээс хамгийн чухал нь хүн. Үндэсний эрх ашиг, тусгаар тогтол, хүнийхээ төлөө эдгээр эрх ашгуудыг хамгаалах учиртай.