Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ тодорхойллоо
    2018 оны 12 сарын 06 нд
    c71115741a9c1daffefa9050051556e9.jpg

    Ардчилсан намын IX их хурал энэ сарын 5-нд  Төрийн ордонд болж хот хөдөөгийн 1040 төлөөлөгч оролцов. IX их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа.  Ардчилсан намын дарга С.Эрдэнийн улс төрийн илтгэлийг хураангуйлан хүргэж байна.  

     

    -Өнөөдөр бид улс оронд маань, нийгэм эдийн засгийн талбарт цоо шинэ хөгжлийн бодлого шаардаж буй чухал хариуцлагатай цаг үед, эрх баригчдын дотоод зөрчил туйлдаа хүрч, монгол төрийг гацаах хямрал нүүрлэсэн хүндхэн цаг мөчүүдэд Ардчилсан намын ээлжит IX их хурлаа зарлан хуралдуулж байна.

     

    Ардчилал, шинэчлэлийн тухайд:

     

    -Ардчилсан нам бол бүтээгч нам. Ардчилсан нам бол үзэл санаа, үнэт зүйлсийг тууштай хамгаалагч, түүний төлөө өнгөрсөн 30 жилийн турш хангалттай хал үзэж, алдаж онож, бас эрийн цээнд хүрч, өдгөө улс төрийн намын дотоод, гадаад шинэчлэлийг далайцтай хэрэгжүүлж буй хат суусан улс төрийн хүчин билээ.

     

    2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж, Та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ. Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш ээ. Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл ч биш юм. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм аа. Ийм учраас монголд ардчиллыг тээгч, хамгаалагч нь Ардчилсан нам бөгөөд ардчилалд аюул учирахад эрслэн босч хамгаалах цохилох зүрх нь Ардчилсан намын гишүүд Та бид юм.

     

    Ардчилсан намын амин гол шинэчлэлийн нэг бол гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, бодлогын нам байх зарчим руу эргэлт буцалтгүй орсон явдал юм. Үүний нэг тод жишээ бол 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн юм. АН-ын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зургаан хүн өрсөлдөж, намын дотоод сунгаанд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр итгэл төгс ялалт байгуулсан явдал бол АН-ын дотоод шинэчлэл, гишүүдийн оролцоотой шийдвэр ямар үнэ цэнэтэйг илэрхийлсэн үйл явдал боллоо. Нөгөө талаар энэ бол АН-ын шинэчлэлд дүн тавьсан ард түмний үнэлгээ байлаа.

     

    • Эрх баригчдын алдаа улс орныг туйлдуулж байна.

     

    -МАН Засгийн эрх аваад есөн төрлийн татвар нэмэгдүүлж, Хүүхдийн мөнгийг хасч, АН-ын үед хэрэгжүүлж байсан нийгэмд үр өгөөжтэй хөтөлбөр болгоныг үгүйсгэж, концесс, тендерийн замаар мөнгө угаах, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлах удаа дараагийн хууль бус үйлдлүүд хийсээр ирлээ.

     

    Энэ хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдын үйл ажиллагаанд идэвхтэй хяналт тавьж, тасралтгүй шүүмжилж, илчилж, шаардлага тавьж ажилласны үр дүнд УИХ-д үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын Жаргалтулгын Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газарт хариуцлага тооцуулж, улмаар огцруулж чадлаа.

     

    Мөн үүний дараа худал амлалт, хууран мэхлэлтийн аргаар эх оронч дүр эсгэж өнөөдрийг хүртэл засаглаж буй МАН-ын өдгөөгийн дарга Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газарт хариуцлага тооцож огцруулах асуудал орж ирснийг АН бодлогоор дэмжих шийдвэр гаргаж ажилласан. Үр дүн, явцыг Та бүхэн харж байгаа.

     

    МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх нь монголын хууль тогтоох, дээд байгууллага болох УИХ-ын чуулганы хариуцлагатай индрээс “60 тэрбумын хэрэг үнэн, үнэхээр тийм явдал болсон” гэж ноцтой мэдэгдэл хийлээ. Энэ бол МАН-ын өмнөх удирдлага М.Энхболд тэргүүтэй этгээдүүд Үндсэн хуулийн бус аргаар, төрийн эрх мэдлийг булаан авах үйлдэл хийж, төрийн албан хаагчдын ажлын байрыг үнэлгээжүүлж “зарсан” явдлыг бодит гэдгийг одоогийн МАН-ын удирдлага албан ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал боллоо.

     

    МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн, хариуцлагатайгаар нотолсончлон “60 тэрбумын хэрэг” бодит юм бол өнөөдрийн УИХ-д сонгогдсон 64 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон МАН-ын төлөөлөгчид бүгд хууль бус аргаар төрийн болон орон нутгийн эрхийг авсан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Тиймээс, АН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс, Монголын ард түмний нэрийн өмнөөс УИХ-ын 64 гишүүн, аймаг нийслэл, дүүргийн бүх төлөөлөгчдөө эгүүлэн татаж, шударга ёс тогтоох алхам хийхийг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс хатуу шаардаж байна!

     

    Мөн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар өнөөдөр шударга бус явдалтай алагчлалгүй тэмцэж чадахгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санхүүжилтээс тэрбум тэрбумаар нь түүний кабинетийн сайдууд, түүнийг дэмждэг УИХ-ын гишүүд булааж авчээ. Иргэдийн боломжийг хулгайлж, олон зуун саяар нь танил тал, гэр бүл, аав, ээж, эхнэр хүүхэд, хамаатан садандаа төсвийн мөнгийг хуваарилуулсан байна. ЖДҮ-гийн 130 гаруй санхүүжилтийн 120 гаруйг нь зөвхөн дарга нарын хамааралтай этгээдүүд тоносон болох нь баримтаар нотлогдоод байхад хариуцлага тооцоогүй л байна.

     

    •Нийгэм, эдийн засгийн байдал

     

    Олон нийтийг цочроогоод байгаа ЖДҮДС-ийн тухайд товчхон хэлэхэд, нэг аж ахуйн нэгжид 10,0 сая төгрөгийн санхүүжилт олговол 9000 аж ахуй нэгжид ус агаар мэт дэмжлэг болохоор мөнгө Хүрэлсүхийг хамгаалаад байгаа “ЖДҮ-чдийн” балгаар үрэн таран болжээ. Зээл авсан нэг нэгж 10 хүнийг ажилтай болгоно гэвэл 90 мянган хүн ажилтай болох боломжтой байж. Гэтэл үнэхээр юм хийе, бүтээе гэсэн жирийн иргэд банкны 25-30 хувийн хүүд дарлуулаад өсч өндийж чадахгүй байна.

     

    2016 оны зургадугаар сард ам.доллартай харьцах монгол төгрөгийн харьцаа 1964 төгрөг байсан бол 2018 оны 12 дугаар сарын 4-ний байдлаар 2650 төгрөгт хүрч даруй 686 төгрөгөөр өссөн байна.

     

    МАН 2016 онд Засгийн эрх авснаас хойш 2017 онд хоёр их наяд 711 тэрбум, 2018 онд хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлуулж байсан Сангийн сайд 2019 оны төсвийн алдагдлыг нэг их наяд 913 тэрбум төгрөг байхаар тооцож оруулж ирснээрээ Монгол Улсын түүхэнд анх удаа төсвийн алдагдал гурван жилийн нийлбэр дүнгээрээ долоон их наяд төгрөг боллоо. Ийм их хэмжээний өрийг өмнө нь Монгол Улсын аль ч Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй.

     

    Өнгөрч буй онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 131 төсөл төлөвлөгдсөний ихэнх нь хэрэгжсэнгүй, барих барилга, обьектын онгорхой нүх л үлдлээ. Гэтэл 2019 оны төсөвт 515 төсөл санхүүжүүлэхээр тусгасны 71,3 хувь нь техник, эдийн засгийн үнэлгээгүй, зураг төсөлгүй орж ирлээ. Дээрх алдагдлыг баталсан үйлдэл нь төр захиргааны зардлыг хасаж танах бодлогыг умартаж, данхайсан, үрэлгэн бүтцийг гааруулж буй явдал бөгөөд төрийн бодлогын менежмент гүн хямралд орсныг харуулж байгаа юм.

     

    Ардчилсан нам энэ бүх алдаа гажуудлыг харсаар байж, мэдсээр байж, дуугүй суух эрх байхгүй. Сөрөг хүчнийхээ хувьд иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан бодлогын алдаа завхралтай эрс шийдмэг тэмцэх болно.

     

    • Ардчиллын хоёрдугаар давалгааг эхлүүлж байна

     

    2019 он бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиох жил. Үнэхээр Монголын нийгмийн сорилт бэрхшээл, ололт амжилтын бүхий л хэмжүүр дээр АН-ын олонхоор засаглах боломж олдож байгаагүйг Та бид мэднэ. 2019 оныг АН шинэ үзэл баримтлалтай угтана. 2019 оныг АН дотоод эв нэгдэлтэй, шинэчлэгдсэн дүрэмтэй, хамтын тэмүүлэлтэй, итгэл төгс угтана.

     

    Өнөөдөр бол түүхэн өдөр. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр бол Ардчилсан нам үзэл баримтлалаа шинэчлэн баталсан өдөр байх болно. Сүүлийн хоёр жилийн турш АН-ын анхан дунд шатны бүхий л төвшинд хэлэлцүүлсэн Үзэл баримтлал бол АН-ын бодлогын жанжин шугам, үл зөрчих суурь зарчмууд байх болно.

     

    Ардчиллын хоёрдугаар давалгаа бол улс төрд шинэ соёл, эрүүл хандлага авчирсан бүтээлч улс төрийн бодлого суурьтай хөгжлийн эхлэл байх болно.

     

    АН-ын үнэт зүйлсээ тодорхойлсон үзэл баримтлалтай, үйл ажиллагаагаа нягталсан үндсэн дүрэмтэй, бодлого суурьтай төлөвшсөн институт болох нь Монголын улс төрд шинэ хандлага, зөв жишиг авчирч чадна гэдэгт би итгэлтэй байна.