З.Нарантуяа: Ардчилсан нам түлхүүр таван бодлого баримтална
    2018 оны 12 сарын 06 нд
    c3aa6a9b3b90b12369fa359138ccfc17.jpg

    Энэ сарын 5-нд Төрийн ордонд байгуулагдсан Ардчилсан намын IX хуралд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо. 

     

    С.Эрдэнэболд: Ардчилсан нам улстөрд шинэ соёл, хандлагыг тогтоож байна

     

    -Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа. Одоо хэрэгжиж буй үзэл баримтлалын 50 хувь шинэчлэгдсэн. АН нийгэмд манлайлал үзүүлэхдээ ямар зарчмаар ажиллах юм, үнэт зүйлсийн юуг нь хамгийн чухалд тооцох юм бэ гэдгээ тодорхойлж байна гэсэн үг. Баруун төвийн намын гол шалгууруудыг үзэл баримтлалдаа тунхаглаж байна. Намуудын үзэл баримтлалд эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт идэвхгүй үг ихээр багтдаг. Харин одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. Нийгмийн хурдтай харилцааг дагаад илүү боловсронгуй болгох шаардлага бий болсон. Ардчилсан нам энэ шалгуурт нийцүүлж үзэл баримтлалаа шинэчилж байна. Үзэл баримтлалын төсөлд үнэт зүйл, эрх чөлөөгөө яаж хангаж, хамгаалах талаар нарийн зохицуулалтыг оруулж өгч байна. Хувь хүн, эдийн засаг, улс төр, хуулийн засаглал, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолыг дэмжсэн эрх чөлөөний асуудлыг тусгаж өгсөн. Өнөөдөр үзэл баримтлалаа шинэчлэн баталж буй нь Ардчилсан нам цаашид сонгуульд өрсөлдөхдөө зөвхөн энэ үзэл баримтлалын хүрээнд зарчмын дагуу ажиллана гэсэн үг юм. Өмнө нь улс төрийн намууд иргэдэд таалагдахын тулд мөнгө амладаг байсан. Зарим үед зүүний намууд нь барууны, барууны намууд нь зүүний заримдаа бүгдээрээ төвийн нам болчихсон байдаг байсан. Намууд дарга нарынхаа нэрээс өөрөөр ялгарах үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Харин одоо Ардчилсан нам улс төрд шинэ соёл, хандлагыг тогтоож байна. Бид баруун төвийн нам гэдгээ тодорхойлж өөрсдийн ажиллах хүрээгээ тогтоож өгч байна гэсэн үг. Энэ бол Ардчилсан намын Үндсэн хууль.

     

    З.Нарантуяа: Ардчилсан нам түлхүүр таван бодлого баримтална 

     

    -АН-ын үнэт зүйл, үзэл баримтлалаа хэлэлцэж байна. Өнгөрсөн 30 орчим жил АН-ын үзэл баримтлал ямар байсан, дараагийн шинэ хөгжлийн шатанд ямар байхаа тодорхойлох баримт бичгийн төслийг сүүлийн хоёр жилд боловсруулж бүх гишүүдээсээ саналыг нь аваад эцэслэн баталлаа. Мөн дүрэмдээ зарим өөрчлөлт оруулна. АН-ын шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа. Дүрмээ шинэчилсэн. Хоёр жилийн хугацаанд эргээд дүрмээ засах, янзлах олон зүйл байгаа нь харагдсан. Намын гишүүдийн зүгээс 3000 гаруй санал ирсэн. Ер нь АН өөрийнхөө бодлогыг маш тодорхой болгож байгаа. АН баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ тодорхойлсон. Үндсэн таван түлхүүр бодлого баримтална. Түлхүүр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ямар суурь зарчмуудтай байх. Суурь зарчмуудаа хэрэгжүүлэхийн тулд ямар бодлогуудтай байх тухай маш нарийвчилж тодорхой зааж өгч байгаа.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" сонин