БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
    2018 оны 12 сарын 10 нд
    fdbb8efc83220bb7be8a033a6761d526.jpg

    УИХ-ын  гишүүн, "Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо"-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд "Сагсан бөмбөгийн холбоо"-ны тэргүүн  Ри Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, шигшээ багийн тамирчдын төлөөлөл Г.Цэнгүүнбаяр, Д.Дэлгэрням нар байлцлаа. Уулзалтын эхэнд хоёр улсын найрсаг харилцааны талаар дурдаад хоёр орны сагсан бөмбөгийн холбоодын хамтын  ажиллагааны тухай харилцан санал солилцов. Энэ оны есдүгээр  сард БНАСАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын төлөөлөгчид тус улсад ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МҮСБХ-ны Ерөнхийлөгчийн хувиар БНАСАУ-ын "Сагсан бөмбөгийн холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм. Санамж бичгийн дагуу солилцооны хөтөлбөрөө эхлүүлж,  Үндэсний лигт дөрвөн тамирчин,  дасгалжуулагчийн хамт ирэх оны нэгдүгээр  сард Монгол Улсад  ирэх бол, манай шигшээ багийн тамирчид ирэх оны эхний хагаст багтаан БНАСАУ-д хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар талууд санал нэгджээ.