Р.Амаржаргал: Ардчилсан намын 20 жилийн өмнөх алдааг МАН давтаж байна
    2018 оны 12 сарын 10 нд
    b790786e1bcacff316d7898448163f0a.jpg

    АН-ын дэд даргаар томилогдоод буй Р.Амаржаргалтай ярилцлаа.

     

    -Сайхан өвөлжиж байна уу. Улс төрөөс хэсэг холдож, амарч авав уу?

     

    -Ер нь жаахан холдлоо. Гэхдээ ор тас мартаад, алга болсон гэх нь хаашаа юм. Хааяа чих тавьж л суулаа.

     

    -Саяхан л АН Р.Амаржаргалыг татвар хураамжаа төлдөггүй, намын ажилд оролцдоггүй гээд ҮБХ-ноосоо хаслаа гэж дуулдсан. Харин өнгөрсөн долоо хоногт намын дэд дарга болголоо. Та намын даргатайгаа уулзаагүй хоёр жил шахам болж байна гэсэн. Гэнэт дуудаад л намын дэд дарга болгочихов уу?

     

    -Тоглоом шоглоом болгоод хэлэхэд, би намаас хөөгдөөд, буцаж ирэхдээ дэд дарга болдог уламжлал тогтоож байна. Хоёр дахь удаагаа ийм зүйл боллоо. Энэ удаа намын шинэ удирдлага санасан, төлөвлөснөөрөө ажиллаг, саад болоод яах вэ гэж бодоод намын ажлаас жаахан зай барьсан юм. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг харж байхад Р.Амаржаргал гэдэг хүнд нэр нөлөө, улс төрийн ямар нэг капитал байдаг бол түүнийгээ АН-д зориулах нь зүйтэй юм гэсэн бодол төрсөн. Тэгж байтал намын дарга энэ албан тушаалд ажиллаач гэсэн санал тавьж, үүнийг нь хүлээн авлаа. Үнэрхэж, элдэв янз болох юу байх вэ. Энэ саналыг хүлээж авахдаа хэн нэгэн хүнд дуртай, сайндаа биш, институцийг л харсан. Намын дарга Дорж, Дондог, хэн байх нь сонин биш. Намын дарга гэдэг институц л гэж харсан гэсэн үг. АН бол нэлээд төлөвшчихсөн, том институц шүү дээ. Тиймээс АН, АН-ын дарга надад санал тавилаа, түүнийг хүлээж авах ёстой гэж ойлгосон. Түүнээс С.Эрдэнэ гэдэг хүн санал тавилаа гэж хараагүй.

     

    -Ийм явдал өмнө нь ч болж байсан тухай дээр цухас дурдлаа. 2004 онд бие дааж нэр дэвшсэний тань шийтгэл болгож, намаас хөөчихөөд, удалгүй урьж дэд дарга болгосон. АН яахаараа таныг хөөж туугаад, ямар үедээ урьж залаад байдаг юм бэ?

     

    -Үгүй одоо, үүний учрыг би яаж мэдэх вэ. Тэр шийдвэрийг гаргасан хүмүүс л илүү тодорхой хэлэх байх. Би ямар зарчим баримталсан талаараа ярья. Ний нуугүй хэлэхэд, улс төрийн нөхцөл байдал тун эвгүй болчихлоо. Намуудын байж байгааг хар. Нэр, нүүрээ алдаад дууслаа. Ийм үед бас ч гэж унаж босож, цаг хугацааны шалгуурыг давж, шалгарсан улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын ардчилсан төрийн нэг том багана болж ирсэн АН-ыг дэмжих ёстой гэсэн байр сууринаас асуудалд хандсан.

     

    -С.Эрдэнэ гэдэг хувь хүн талаас нь биш, намын дарга гэдэг институцийн хувьд харсан гэлээ. Гэхдээ л хамтарч ажиллахын тулд хувь хүн талаасаа ч сайн ойлголцох хэрэгтэй байх. Дэд дарга болохын өмнө намынхаа шинэ удирдлагатай уулзаж, хэрхэн ажиллах зарчимаа тохиров уу?

     

    -Тийм зүйл байгаагүй. “Намын үйл ажиллагаагааг шинэ шатанд гаргаж, идэвхжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор өөрийн тань нэр, нөлөө намд хэрэгтэй байна, ирээч” гэхээр нь “За” л гэлээ.

     

    -Та намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй, зай барьсхийгээд хоёр жил гаруй болох шиг болсон. Энэ хооронд АН-д шинэчлэлийн үйл явц өрнөсөн. Та үүнд оролцоогүй ч анхааралтай ажигласан байх. Намын шинэчлэлийг хэрхэн үнэлж дүгнэж байгаа вэ?

     

    -Хүмүүс янз янзаар л үнэлж, дүгнэж байх шиг. Би нарийн ширийн зүйл рүү нь ороогүй болохоор шууд дүгнэж хэлж мэдэхгүй. Бүхэлд нь харахад нэлээд хэдэн шинэ зүйл орж ирсэн. Тэр маань хэр олон жилийн настай, үр дүнтэй, өгөөжтэй байхыг цаг хугацаа харуулах биз. Ямар ч байсан намын удирдлагыг гишүүдээсээ асууж сонгодог тогтолцоо бий болголоо. Өмнө нь нам дотор нэлээд задгайрч, назгайрсан байсныг цэгцэлж байна. Намын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаа овоо төлөвшсөн нь харагдсан. Тодорхой ахиц гарчээ. Өнгөрсөн долоо хоногт болсон намын их хуралд би өдөржин суулаа. 1040 гаруй төлөөлөгчийн хэлж ярьж буй зүйл, уур амьсгалыг жаал ажиглалаа. Тэгэхэд их тод харагдаж буй зүйл бол намын боловсон хүчин эрс залуужжээ. Намын удирдах байгууллага ҮБХ 410 гишүүнтэй. Тэр дунд 1950-иад оны дөрөвхөн, 1960-аад оныхон 60-70 хүн байна. Үлдсэн нь 30-40-өөд насны ид жагсаж байгаа залуус. Тэдний ярьж хэлж, дүгнэлт хийж, асуудалд хандаж буйг хараад нам боловсон хүчний хувьд их чамбайрч, сайжирчээ гэсэн дүгнэлт хийсэн.

     

    -АН-ын хуучин лидерүүд намаасаа зай бариад, үйл ажиллагаанд нь оролцохгүй байгаа болохоор залууст орон зай гарсан байх?

     

    -Зай барьж, орон зайгаа залуустаа тавьж өгч байгаа бол сайн л байна шүү дээ.

     

    -Сайн зүйл мөн үү?

     

    -Би үүнийг муу юм гэж хэлэхгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын шат шатны байгууллагын уулзалт, семинарт очиж байсан. Тэгэхдээ “Бидний үеийнхэн хийдгээ хийсэн. Нийгмийг өөрчилсөн. Одоо хуримтлуулсан мэдлэг, туршлага байдаг бол залуустаа хэлж өгч, зааж чиглүүлээд, тэднийгээ урагш түлхэх цаг болсон” гэдгийг шууд л хэлдэг байсан.

     

    -АН шинэчлэгдсэн, фракцын зөрчил байхгүй болсон гэж байгаа ч намын хуучин лидерүүд намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй, алсаас ажигласан байдалтай байна. Тэднийг намын шинэ удирдлагатайгаа ойлголцохгүй байгаа, өөр нам байгуулж ч магадгүй гэсэн мэдээлэл бий. Та энэ талаар дуулсан уу?

     

    -Миний мэдэхээр л энэ нь АН-ын хувьд шинэ зүйл биш. Шинэ нам байгуулна гэсэн яриа, элдэв оролдлого гарч л байдаг. Энэ бол цаг агаар тодорхойлох хүчин зүйл биш. Намаас гарч, шинэ нам байгуулах гэж байгаа хүнийг дагаж гүйж, ханараад байх нь ч гайгүй биз. Нам тун гайгүй төлөвшчихсөн шүү дээ.

     

    -Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд нь улс төрийн өөр хүчин байгуулаад, намаа хуваагаад явчихвал төлөвшил, хүчтэй цул байх зорилгод сөргөөр нөлөөлөхгүй юү?

     

    -Нам хуваагдана гэж би бодохгүй байна. Зарим хүн ийш тийшээ боллоо ч гэсэн намын цөмийг ганхуулж чадахгүй.

     

    -Намын удирдлагын үгнээс зөрж, өөр санал өгснийх нь төлөө Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс хасах шийтгэл ногдуулж, энэ нь явсаар АН-ыг УИХ-д бүлэггүй болголоо. Үүнийг та юу гэж харж байна вэ?

     

    -Үгүй одоо яах вэ дээ, өрнөж буй улс төрийн үйл явц. Нэг их гайхаж цочирдоод байх зүйл биш. Иймэрхүү зүйл өмнө нь ч бишгүй л болж байсан. Хоорондоо хэр зэрэг ойлголцож, ярилцаж, асуудлаа багцалж чадсаны л илрэл. Саяын намын их хурлын үеэр бол үүнийг огт, тоохгүй, анзаарахгүй байна билээ.

     

    -АН-ын улс төрийн бодлого, гадаад харилцаа эрхэлсэн дэд даргын хувьд хэрхэн ажиллана, ямар бодлого чиглэл баримтална гэж бодож байна вэ. Бодож төлөвлөсөн зүйл байгаа юу?

     

    -Эхний ээлжинд намын Хэрэг эрхлэх газрынхан, Бодлогын зөвлөлийнхөнтэй ярилцаж, бодол саналыг нь сонсоно. Улс төрийн бодлогыг тодорхойлоход хамтын оюун ухаан, хүчийг дайчлах чиглэлд илүү анхаарна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр манай улсад үг хэлээ ойлголцох, сонсох, тэвчээртэй, хүлээцтэй байх, нэгнээ хүлээн зөвшөөрөх, хамтын ажиллагааны механизмыг эрэлхийлж, хайж олох чанар хаа сайгүй дутагдаж байгаа. Зөвхөн нам дотор биш, нам хоорондын хамтын ажиллагаа чухал байна. Улс төрийн намууд хамтарч ажиллах ёстой. Сайн ч бай, муу ч бай, 30 жил тогтоосон үнэт зүйл гэж байна аа даа. Үүнийгээ хамгаалахын төлөө тууштай байр суурьтай байгаа улс төрийн хүчнүүд, төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн нийлж ажиллах гарцаагүй шаардлага бий гэж хардаг. Тиймээс энэ чиглэлд зөв, шударга, зарчимтай зүйлийн төлөө явж байгаа байгууллага, хүмүүсийг нэгтгэж нийлүүлэх, нягтруулах, урагшаа харж, очих цэгээ тодорхойлоод, үүнийхээ төлөө явах чиглэлийг барина гэж бодож байна.

     

    -Эрх баригч намын бужигнааныг хараад юу бодогдож байх юм?

     

    -Эд гэрийн даалгавраа маш муу хийжээ. Энэ бүхэн АН-д өрнөж байсан. Хэрэв тэд харж, судлаад, юунаас болж ингэв гээд учир начрыг нь олж байсан бол өнөөдөр ингэхгүй. Гэтэл АН-ын 20 гаруй жилийн өмнөх, 1996-2000 онд гаргаж байсан алдааг давтлаа. Энэ нь гунигтай л харагдаж байна. Уг нь улс төрийн нам улам л бэхжиж, хөгжиж, урагшилж, энэ хэмжээгээрээ төр, нийгэм, улс төрөө бэхжүүлж явах ёстой гэдэг утгаараа сэтгэл дундуур сууна. Цаашид улс төрийн нам дотроо учир начраа олж, дотоод ардчиллаа бэхжүүлээд, маргаан зөрчилтэй асуудлаа шийдэх механизм олж, төлөвшөөд явах юм бол бусад намдаа үзүүлэх нөлөө нь хамаагүй илүү. Нийгэмд ч тустай. Тиймээс алдаа дутагдал гаргаж байхад нь тавлаад суух сонирхол алга. Хурдхан шиг учраа олж, асуудлаа шийдээсэй л гэж бодож байна. АН ч бас гэрийн даалгавраа сайн хийх ёстой. 

     

    -АН-д ч, МАН-д ийм зодоон өрнөөд байхаар үнэхээр улс төрийн намууд болохоо байж, МАНАН гэдэг бүлэглэл бодитой бий болж, эднийг задалж тарааж, шинээр эхлэх хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшил бий болж байгаа? 

     

    Харин тийм. Ийм итгэл үнэмшил төрж байна шүү дээ. Тэгэхлээр намууд нийгмийн өмнө, улс орны өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах ёстой гээд байгаа юм. Энэ чинь явж явж зөвхөн намын биш, төр, нийгмийн асуудал болох гээд байна гэдгийг ойлгож, тэр хэмжээгээр хариуцлагаа үүрэх ёстой.

     

    -Та Ерөнхий сайд, сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон, өнгөрсөн жилүүдийг улс төрийн амьдралын цөмд, гүнд өнгөрөөсөн хүн. Үнэхээр Монгол Улсад нам дамжсан бүлэглэл, “шударга бусын хонгил” нь байдаг юм уу?

     

     

    -Би энэ талаар олон жилийн өмнөөс ярьсан. Эдийн засгийн бүлэглэлүүдийн хэтэвч нэг болж, нам дамжсан бүлэглэл гарч ирээд байна гэдгийг арваад жилийн өмнө анхааруулж хэлж байсан.

     

    -Үүнийг яаж засах вэ?

     

    -Улс төрийн нам хариуцлагаа ухамсарлаж, шинэчлэл хийх ёстой. Нийгэм ч гэсэн хариуцлагаа үүрэх ёстой. Эцсийн дүндээ бидний хийсэн сонголт ямар байгаа билээ, юуг дагаж намирч байгаа билээ гэдгээ хүн бүр бодох, эрүүл саруул ухаанаар харах гэж оролдох цаг ирсэн. Ийм байдалд хүрэхэд хүн бүрийн оролцоо байгаа. Тэгэхээр бурууг бусдад тохчихоод, өөрөө цэвэр цэмцгэр хүн шиг суугаад байж болохгүй.

     

    -Шударга бус зүйлийг засаж залруулахын тулд яах хэрэгтэй вэ. Өнөөгийн Ерөнхий сайдын яриад байгаа шиг “сэлэмдэх”, их цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэж та үздэг үү?

     

    -Сэлэмдэж, цавчих нь ч, аажуу уужуу, алгуур тайван хийх нь ч бий. Авч үлдэх зүйл ч байгаа. Үүнийг хариуцлага хүлээж буй хүмүүс маш сайн бодох ёстой. Би У.Хүрэлсүхийг намынхантайгаа, төрийн бусад институцтэй нэлээд сайн зөвлөлдөж, яавал төрийн институцийг бэхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Болохгүй, бүтэхгүй байгаагаасаа салах нь зөв. Ялангуяа шударга бус, хууль зөрчсөн хүмүүстэй эвлэрэх шаардлага байхгүй. Хоёр нүүр, ялгаатай стандарт гаргаж бүр ч болохгүй. Хууль зөрчигч өөрийнх нь талынх бол толгойг нь илдэг, эсрэг талынх бол төрийн хамаг хүч чадлыг гаргадаг байвал шударга ёс яаж тогтох билээ.

     

    -Үеийн үед л ийм хандлага байсаар ирсэн шүү дээ?

     

    -Ер нь бол байсан л даа. Үүнээс аль болох ангижрахын төлөө л явах ёстой. ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын гишүүдтэй гарцаагүй хариуцлага тооцох ёстой. “60 тэрбум”-ын асуудал байгаа хариуцлага тооцох л хэрэгтэй.

     

    -Та УИХ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдөл өгч байсан. Аливаа зүйл урагшилж, хөгжиж явах ёстой бол УИХ-ын үйл ажиллагаа тэр үеийнхээс дээрдэх хандлага харагдаж байна уу?

     

    -Нэг их сүрхий дээрдсэн ч зүйл харагдахгүй байна. Бүр айхтар дордчихсон ч юм алга. Тэр үед би хариуцлагын тогтолцоог л ярьж байсан. Одоо ч тэр асуудал яригдаж байна.

     

    -Өнгөрсөн сонгуулиар тойргоо эмэгтэй гишүүнд өгч, өөрөө нэрээ татсан. Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй болохоор их содон сонсогдож байлаа? 

     

    -Эмэгтэйчүүдийн квоттой холбоотойгоор ийм алхам хийсэн. Нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэй байх хуулийн заалттай, энэ тоонд хүрэхгүй бол нам нь тэр чигээрээ сонгуульд оролцож чадахгүй. Гэтэл манайд эмэгтэй нэр дэвшигчийн тоо гүйцээгүй. Тийм үед хэн нэг нь ийм алхам хийхээс аргагүй байлаа.

     

    -Энэ нь оносон шийдвэр байж гэж бодогдож байна уу?

     

    -Оносон юм уу, алдсан юм уу, хэн мэдэх вэ.

     

    -Ийм үед гаднаас нь хараад суух нь амар байгаа биз дээ?

     

    -Бас ч тэгж хэлж болох юм уу.

     

    -Тэр үед таныг Ерөнхий сайд болохоор тохирсон гэдэг. Тийм яриа болсон юм уу?

     

    -Тэр бол ёстой хэвлэлийнхний гаргасан яриа. Тухайн үед бол яах аргагүй болсон явдал гэвэл нэр дэвшүүлэх хугацаа дуусах өдрийн өглөө манайх 2-3-хан эмэгтэй нэр дэвшигчтэй сууж байсан. Өдөр 6-7 болсон. Тэгээд одоо яах вэ гэцгээсэн. “Квотоо гүйцээх хэрэгтэй, тэгэхгүй бол нам сонгуульд оролцох боломжгүй болно” гэхээр нэр дэвшихээр горилогчид бүгдээрээ “Тийм, тийм. Гүйцээе” гэцгээнэ. “Чи орондоо эмэгтэй хүн дэвшүүлчих” гэхээр “Үгүй, үгүй. Би сонгогдоно” гэнэ. Ингэж 2-3 тойрсны дараа “Яршиг, яршиг. Ингэж зууралдаад яах вэ” гээд тийм шийдвэр гаргасан. Үүний дараа З.Энхболд, С.Одонтуяа нараас эхлээд талархлын мессеж хөврүүлсэн дээ.

     

    -Тэр үед ч таныг бараг л баатар гэж өргөмжлөх дөхсөн шүү? 

     

    -Тэгсэн. Одоо түүнийг хэн санаж байгаа юм бэ.

     

    -Улс төр дандаа тохироогоор явдаг болохоор хэн нэгэн улстөрчийн ямар нэг алхмыг тохироогоор хийж байгаа даа гэж хардаг явдал бүр дасал болчихсон л доо.

     

    -Тэгж л хардаг болж. Түүн дотор ганц нэг цагаан хэрээ байдаг юм. Түүний нэг нь би.

     

    -Та харин далдуур тохироо хийхдээ муу хүн юм аа даа. УИХ-ын дарга болмоор байна гэж ил хэлээд л унасан. 2014 онд УИХ дахь АН-ын бүлгээс таныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн ч та биш, Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болсон шүү дээ?

     

    -“УИХ-ын даргын ажлыг би хамгийн сайн хийж чадна, өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой хүн нь би. Гэхдээ та нар өөрсдөө мэд” гэж хэлсэн удаа бий. Ингэж хэлээд л орхисон. Элдэв янзын арга чарга хийсэн зүйл насгүй байдаг. Ухамсартайгаар, санал нэгдэж хийсэн зүйл л урагшаа явна шүү дээ.

     

    -Таныг ганцаарчилсан тоглолт хийдэг гэдэг. Яагаад тэгдэг юм бэ. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл ханьтай яв гэдэг шүү дээ.

     

    -Хүмүүс тэгж ойлгож, уншдаг шиг байна билээ. Уг нь ч ганцаарчилсан тоглолт хийгээд байсан юм байхгүй л дээ.

     

    -Үзэл санааны хань болох хүн олон байдаггүй болохоор тэгж харагддаг юм болов уу?

     

    -Үзэл санаа гэдгийг хүмүүс янз янзаар л уншиж байна. Гол зургаа харвал үнэт зүйл маань юу юм бэ, ямар зарчим баримтлах вэ гэдгээ санаж байхад болно. Ингэвэл шийдвэр гаргахад амар. Зарчмаасаа ухарч, ийшээ ч, тийшээ ч очиж наалдаад явбал хэн ч биш болно. Зарчимтай, үнэт зүйлтэй байхад шийдвэр гаргахад амар, дараа нь санаа зовох зүйл гарахгүй. Өөрийн бодол өөртөө зөв, би зөв зүйлийн төлөө явж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг болохоор харамсах зүйл алга.

     

    Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" СОНИН