Г.Нарангэрэл: Бид дөрвөн том эмнэлэгтэй боллоо
    2018 оны 12 сарын 12 нд
    0aab149f8ac4e9a9b8841e6639d81f53.jpg

    Баянгол дүүргийн АН-ын дэд дарга, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын эрүүл мэнд, боловсрол хариуцсан орлогч Г.Нарангэрэлтэй ярилцлаа.

     

    -Сүүлийн жилүүдэд Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт бүхий он жилүүд боллоо. Энэ бүтээн байгуулалтуудыг дурдахгүй байхын аргагүй юм даа, тийм ээ?

     

    - Тэгэлгүй яахав. Эмнэлгийн хөрөнгө оруулалтаа бид хийж чадсан. Бид Эрүүл мэндийн VII төв, Ахмадын нөхөн сэргээх эмнэлэг, хүүхдийн I, II эмнэлэг гээд дөрвөн том эмнэлэгтэй боллоо. Дөнгөж саяхан баянголын хүүхдүүд сонгино хайрхан дүүргийн эмнэлэгт хэвтдэг харъяалалтай байлаа шүү дээ. Мөн бид судалгаа явуулж Монгол улсад чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж байгаа элэгний хорт хавдар, сүрьеэ, ДОХ өвчний тоо өсч байгаатай холбогдуулан, эрүүл мэндийн төвийн эмч, удирлагуудтайгаа ярилцсаны үндсэн дээр Сүрьеэгийн төв нээсэн. Энэ төв нь 24 цагийн дотор хариуг нь гаргадаг, яаралтай оношлодог. Амбулаторын боломжит бүх багаж төхөөрөмжөөр хангасан. Дүүргийн 240 мянган иргэд очер дараалал багатай үйлчилгээг хөнгөвчилөлтэй авах боломжийг олгосон.

     

    Бид бас шүдний эрүүл мэндийн төвтэй боллоо. Хэдийгээр бусад дүүргүүдтэй харьцуулахад эрүүл мэндийн чиглэлд хөрөнгө оруулалтаа хийж иргэдэд үйлчлэх эмнэлэгүүдтэй болсон хэдий ч эхо, рентеген, шүд гэсэн гурван кабинетын очер их байдгаас иргэдэд хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл байдаг. Бид эмнэлэг бариад л асуудал шийддэггүй юм байна. Тэгээд бид эрэмблээд бүх насныханд хамгийн их тулгамддаг асуудал нь шүдний өвчлөл юм байна. Тийм учраас нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар зорьж бэлтгэж шүдний клиникийн төвтэй болж чадлаа. Энэ нь иргэдийн талархал хүлээсэн ажил болж чадсан. Нөгөө айхтар цахим очерын нэг хэсэг нь ч багассан.

     

    Ер нь манай дүүрэгт ганцхан эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтаас гадна онцлог гэж болохоор олон ажил хийсэн. Сүүлийн дөрвөн жилд барьж байгуулсан хүүхэд залуучуудын соёлын ордон, хуримын ордон, усан бассейн зэрэг шинэлэг бүтээн байгуулалтуудтай иргэдийг танилцуулах аялал зохион байгуулж хэвшүүлэх ажил хийсэн байгаа.

     

    -Иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй нээлттэй, ил тод хүргэх тал дээр танай дүүргийн хувьд ямар санаачлага гаргаж ажиллаж байна вэ?

     

    - Дүүргээс судалгаа авах зорилгоор “Иргэн та төрийн үйлчилгээг хэрхэн авбал зүгээр вэ?” уулзалтуудаа хийж байгаа. Өрх бүрээр явж бид иргэдийн саналыг сонсох 1800-1222 утас нээн ажиллуулж байна. Энэ тусгай дугаар энгийн утасны тарифтай. Аливаа иргэн төрийн үйлчилгээний анхан шатны мэдээлэл авах буюу иргэний үнэмлэх, гадаад паспортны хугацаа нь дууссан, залуу шинэ гэр бүлүүд гэрлэлтээ бүртгүүлэх, шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ авах бол энэ утас руу залгаад ямар бичиг баримт бүрдүүлээд, хэдний өдөр хэн гэгч ажилтанд хандахаа мэдээд авна гэсэн үг. Ингэснээр тухайн иргэн цаг хугацаа хожих боломжтой. Магадгүй 2-3 удаа ирэх байсан бол утсаар мэдээлэл авснаар нэг л удаа ирэх юм. Мөн бид Цахим сайтууд, ухаалаг утасны программууд нээсэн байгаа. Эдгээр үйлчилгээг иргэд сэтгэл өндрөөр хүлээж авч байна.

     

    -Баянгол дүүрэгт Ардчилсан нам засгийн эрх барьж байгаа. Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц танай дүүрэгт хэрхэн өрнөв?

    Шинэчлэлийн талаарх таны бодол?

     

    -Ардчилсан нам бүх гишүүдийнхээ сонголтоор намын даргаа сонгосон. Намын шинэчлэл эндээс эхлэлтэй гэж би харж байгаа. Шинэчлэлийн хүрээнд нь дүрмээ шинэчилж үндсэн хуулийн цэц, дээд шүүхэд бүртгүүлсэн. Үзэл баримтлалаа шинэчилж, баруун төвийн үзэл баримтлалтай нам гэдгээ тодорхой гаргасан. Энэ нь гишүүн буюу иргэний эрхийг дээдэлсэн, хувь хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх үндсэн бодлого чиглэлтэй нам гэдгээ үзэл баримтлалаараа тодорхойлж өгсөн. Бодлогын нам болохынхоо хүрээнд бодлогын 16 зөвлөл бий болгосон. Миний хувьд хүн амын хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Салбар бүрт өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа 16 яамны үйл ажиллагааг сүүдрийн засгийн газар маягаар хянах юм. Хэрэв Ардчилсан нам ялсан тохиолдолд ямар үйл ажиллагаа, стратеги, бодлого явуулах вэ гэдгээ тодорхойлох зорилготой бодлогын зөвлөлүүд намын түвшинд байгуулагдаад ажиллаж байна. Дүүргийн хувьд ч 6-7 салбар зөвлөл байгуулаад ажиллаж байна. Намын анхан шатанд бодлого яаж хэрэгжих вэ, намын анхан шатны үүрүүд ямар бодлоготой ажиллах гэдгийг төлөвлөж ажиллаж байна.

     

    -Ардчилсан нам “Монголоо сонсъё”, “Хөгжил шинэчлэл” аянуудыг зохион байгуулж байна. Аяны давуу талыг та юу гэж харж байна вэ?

     

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд Баянгол дүүргийн бүх үүрт уулзалт болж, бүх гишүүддээ хүрч ажилласан. Тухайн үүрүүдийн хийсэн ажлын болон санхүүгийн тайланг гишүүддээ танилцуулж, шинэ гишүүн элсүүлэх зэргээр хариуцлагатай уулзалтууд хийсэн. Аян зохион байгуулснаар гишүүд байнга амьд харилцаатай байх, үзэл бодлоороо нэгдсэн нэг хамт олон шүү гэдгийг мэдрүүлсэн давуу талтай аян болж өрнөсөн. Залуус, эмэгтэйчүүд, ахмадууд гээд бүх насны төлөөлөл ирж тайлангаа сонсож, биесээ таних уулзалтууд болж өнгөрсөн. Аяны хүрээнд зөвхөн намын гишүүд бус бүх иргэддээ тайлангаа тавьсан. Мөн 21 аймаг, 9 дүүргийн төлөөллийг байлцуулан 23 үүрийнхээ аяны тайлангийн хурлыг хийж, ямар жишгээр аян зохион байгуулсан гэдгээ танилцуулсан. Хоёрдах “Хөгжил шинэчлэл” аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд иргэдтэйгээ танилцах, харъяалагдаж байгаа анхан шатны гишүүдтэйгээ хамтран ажиллах, бүх сонгуульт гишүүд маань анхан шатны нэгжүүд болох үүрүүд дээрээ очиж иргэдтэйгээ уулзаж, айл өрхөд зочлох ажил зохион байгуулсан. 2018 онд иргэд рүү чиглэн хийсэн ажлын тайлангаа тавьж, “түмэнд ойрхон төрийн үйлчилгээ” төрийн байгууллагынхаа үйлчилгээг танилцуулж, ямар шинэ үйлчилгээ гаргаснаа таниулах, сурталчлах, судалгаа авах хэлбэрээр аяны ажлаа хийж байна. Би түрүүнд дурьдсан иргэдийн саналыг сонсох 1800-1222 тусгай дугаарыг хөргөгчний наалт хэлбэрээр иргэдэд таниулан сурталчилж байна.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Ц.Байгальмаа