М.Чинболд: Сонгуульт гишүүд анхан шатны үүрээс сонгогддог болсон нь том ололт
    2018 оны 12 сарын 18 нд
    38de49a0f5fe5254b6310365c7dd19f4.jpg

    СХД-ийн Ардчилсан намын дарга М.Чинболдоос дүүрэгтээ хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар тодрууллаа.

     

    -“Сонгины Чинболд” гэхээр өдөр өдрөөр нэмэгдээд байгаа хүн ам, утаа, орчны бохирдол, түгжрэл гээд асуудал ихтэй том дүүрэг л толгойд эргэлдэх юм. Энэ байдал үргэлжилсээр хэр хугацаа өнгөрөх бол?

     

    -Харин би энэ асуултыг Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудаас, тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын Төлөөлөгчдөөс л асуумаар байна. Иргэдээ хэдий болтол зүдрүүхэн амьдруулах вэ? Хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг хэдий болтол иргэд хүлцэнгүйгээр харж суух вэ гэж асууя. Хариулах албан тушаалтан гарч ирэх болов уу? Сүүлийн хэдэн жил өнгө засаж, гэрэл нэмсэн ажил нэрлэгдэхгүй л болов уу.

     

    -Та ер нь яаж яваад энэ том дүүрэгтэй холбогдчихсон юм бэ?

     

    -Би анх 2004 онд СХД-ийн Ардчилсан намд Улс төрийн ажилтнаар ажиллаж эхэлсэн юм. Тэр үед ч гэсэн дүүрэгт маань асуудал ихтэй, ажилгүйдэл, ядуурал их, хөдөөнөөс шилжин ирэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсэн, тохижилт үйлчилгээ, ялангуяа хогны асуудал ихтэй дүүрэг байсан. Байшингийн булан, замын хажуугийн жалга, гэр хорооллын гудамж бүрт шахуу л хог дүүрсэн, иргэд нь төрийн байгууллагаасаа хүссэн үедээ мэдээллээ авч чаддаггүй, хаалттай төрийг л олж харсан. Надаас өөр хүн байлаа ч ийм зүйлийг тэвчихгүй байх байсан. Тэгээд л хийх ажил ар араасаа ундарсан даа. Дүүргийн Засаг дарга болсны дараа бидэнд хийх ажил маш тодорхой байсан.

     

    “Надаас өөр хүн байлаа ч ийм зүйлийг тэвчихгүй байх байсан. Тэгээд л хийх ажил ар араасаа ундарсан даа”
     

    -Нэг үе Сонгинохайрхан дүүрэг хоггүй дүүрэгт зүй ёсоор орж байсан санагдана.

     

    -Тийм шүү. 2013-2016 оны үед бид хогноосоо бүрэн салсан. Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байсан. Төрийн байгууллагуудаа уриалаад тухайн байгууллагын нэрэмжит сарын аян өрнүүлж туг аялуулаад ирэхээр иргэд ч өөрсдөө оролцоод ирсэн. Харамсалтай нь энэ ажлын залгамж халааг үргэлжлүүлэлгүй орхисон.

     

    -Өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой тохиосон. Анхдагч гишүүдийн хувьд энэ өдрийг жил бүр хүсэн хүлээдэг байх даа.

     

    -Танай сониноор дамжуулаад нийт намын гишүүддээ Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ ойн өдрийг тэд хүлээдэг. Хүлээхээс өөр аргагүй. Ардчилсан хувьсгалыг үндэслэгч ахмад гишүүд маань энэ ойн өдрүүдэд л өнгөрсөн 30 гаруй жилийн өмнөх хүнд хэцүү бэрх өдрүүдийг эргэн дурсаж, байгуулсан гавьяа, бүтээсэн үйлсээрээ бахархдаг. Энэ ойн өдрүүдэд манай нам анхдагч, манлайлагч гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Төдийгөөс өдий хүртэл бид алдаа оноотой ч Ардчиллыг бэхжүүлэх их үйлстээ тууштай зүтгэж оролцож ирсэн. Ардчилал зүгээр сууж байхад хаалга тогшоод ороод ирээгүй гэдгийг одоо хүн бүр ойлгодог болсон байх гэж итгэдэг. Ардчиллыг үгүйсгэдэг хүмүүст хандаж хэлэхэд хөгжилд хувь нэмрээ оруул, хөдөлмөрлө, хий бүтээ. Ардчилал хүн бүрт ижил тэгш боломж олгодог юм.

     

    -Ардчилсан нам “Хөгжил шинэчлэл” аяны хүрээнд орон нутагтаа олон төрлийн ажил зохион байгуулж байна. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам энэ аяны хүрээнд юу хийж хэрэгжүүлж байна вэ?

     

    -Энэ ажлын хүрээнд бид 1000 шинэ залуу гишүүнээр намынхаа эгнээг тэллээ. Намын үүрийн сонгуульт гишүүдэд сургалт зохион явууллаа. Одоогоор Үүрийн дарга, нарийн бичгийн дарга, хэсгийн ахлагч, үүрийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, намын гишүүдэд “Хүний хөгжлийн академи”-тай хамтран сургалт хийсэн. Мөн Үндэсний бодлогын гишүүд маань намын үзэл баримтлал, МАН-ын амлалт болон УИХ-ын АН-ын бүлгийн байр суурийн талаар мэдээлэл сургалтыг үүр бүрт зохион явууллаа. Дадлага туршлагатай, хөрвөх чадвар сайтай намын гишүүн бол манай намын өмч гэдэг үүднээс 20 удаагийн сургалтыг хийхээр төлөвлөөд байна. Аль ч байгууллага хүний нөөцийнхөө чадамжийг дээшлүүлж, чадавхжуулдаг. Мэдлэг чадварыг бол хэн ч хулгайлаад аваад явахгүй шүү дээ. Нийтдээ 2000 гаруй үүрийн гишүүд хамрагдлаа. Мөн үүр бүрт намын гишүүдийнхээ амьжиргаанд бага ч гэсэн нэмэр болох үүднээс “Илч” хөтөлбөрийг хэрэгжүүлж 3500 гишүүдийг хамруулж нүүрс олголоо.

     

    -Ардчилсан нам гишүүдээ сонсдог нам байхаа илэрхийлсэн. Энэ ажил хэр явагдаж байна вэ?

     

    -Тиймээ. Манай нам хагас жил тутам гишүүдийнхээ бүртгэл судалгааг хийж гишүүн бүрийн гэрээр орж санал, асуулга авдаг болсон. Нэгдүгээрт гишүүдийн шилжилт хөдөлгөөн тогтмол хийгдэж байгаа нь сайн талтай. Идэвхтэй, амьд харилцааг бий болгож байна. Хоёрдугаарт гишүүдээс дунд болон анхан шатны намын байгууллага цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар гишүүдийн санал хүсэлтийг авдаг. Нэгтгээд нэгдсэн ажлуудыг үүрт, дүүрэгтээ хийж хэрэгжүүлээд ирэхээр намын гишүүд маань сэргээд, идэвхжээд ирдэг. Өөрсдөө ч оролцож, хувь нэмрээ оруулдаг. Хэд хэдэн ажлууд гишүүдийн санаачилгаар хийгдсэн. Жишээ хэлэхэд өнгөрсөн намар манай дүүрэг 32 үүрийнхээ тайлангийн хурлыг хийж дуусгалаа. Хурлын үеэр гишүүд сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Энэ саналын дагуу бид хэд хэдэн үе шаттайгаар сургалт хийхээр төлөвлөлөө. Тиймээс “Хөгжил шинэчлэл” аяныг тохиолдуулан сургалтаа хийхээр болсон юм. Он гараад ч үргэлжилнэ. Багаар ажиллах чадвар, Манлайлах ур чадвар, Холбогч, Албан бичиг хэргийн хөтлөлт, Санхүү бүртгэлийн сургалтуудыг хийж байгаа. Энэ бүх ажилд намын ҮБХ-ны гишүүд, Нийслэл, дүүргийн намын хорооны гишүүд биечлэн оролцож хамтран ажиллаж, хандив, дэмжлэг үзүүлж байна. Ер нь бүх шатны сонгуульт гишүүд анхан шатны үүрээс сонгогддог болсон нь хамгийн том ололт юм. Манай намын жирийн гишүүн, сонгуульт гишүүдийн хооронд асар их зай гарсан байсан. Үүнийг бид ойртуулахаар олон талт арга хэмжээ зохион байгуулж байна.

     

    -Танд баярлалаа.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Т.БАЙГАЛЬМАА