Б.Ган-Очир: Ардчилсан нам залууст үргэлж нээлттэй
    2018 оны 12 сарын 21 нд
    7ebe80671d766e03c830f6dffa6e5715.jpg

    Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очиртой Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар ярилцлаа.

     

    -Ардчилсан намаас зохион байгуулсан “Хөгжил шинэчлэл” аян энэ цаг мөчид орон даяар үргэлжлээд дуусаж байна. Аян Сүхбаатар дүүрэгт ямар үр дүнтэй болов?

     

    -Сүхбаатар дүүрэг 20 хороондоо уулзалт хийж Хөгжил шинэчлэл аянаа амжилттай зохион байгууллаа. Анхан шатны гишүүдээ сонсоно гэдэг намд хамгийн гол уураг тэжээл болдог. Хоёр янзын ач холбогдолтой. Нэгдүгээрт, намын сонгуульт гишүүд сайн эрчимждэг. Хоёрдугаарт, намын анхан шатны гишүүд маань намын бодит байдлыг ний нуугүй хэлдэг. Учир нь тэр хүмүүс албан тушаалаас хол, ямар ч талцах шаардлагагүй. Ямар нэг төсөв мөнгөтэй холбогдолтой хулгай хийгээгүй, бор зүрхээрээ амьдардаг мөртлөө ардчиллыг сэтгэлдээ тээсэн хүмүүс байдаг. Тийм учраас тэр хүмүүсийн санал эрүүл бөгөөд Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөл гэх мэт зүйлд баригддаггүй илүү шударга, эрс шинэчлэлийг шаарддаг. Энэ утгаараа нэг удаа анхан шатаа тойрон гишүүдээ сонссоноор бие хүн, улс төрчийнхөө хувьд эрүүлждэг гэж хэлж болно. Мөн нийгмийн параметр хаашаа чиглээд байгааг, хүмүүс юунд дургүйцээд байна гэдгийг мэдэрдэг. Хүмүүс нам гэж хөөсөрсөн дэмжигчдээс холдоод улс төрийн нам нь өнөөгийн нийгэмд байгаа шаардлагыг давж, хангаж ажиллаж чадах уу үгүй юү? гэдэг шаардлагыг хатуугаар тавьж байна. Энэ нь юугаар хэмжигдэх вэ гэхээр 2020 оны сонгуульд ялаад барих бодлогоор л хэмжигдэнэ. Энэ утгаараа анхан шатны гишүүдтэйгээ уулзах “Хөгжил шинэчлэл” аян асар үр дүнтэй.

     

    -Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэв. Онцлог юу байв?

     

    -СБД-ийн намын хороо бодитоороо шинэчлэгдэж чадсан гэж бодож байна. Нийт намын хорооны гишүүдийн 50-иас дээш хувь нь дандаа залуучууд. Ахмадууд бодлогоор дэмжиж нэр дэвшүүлж оруулж ирсэн л дээ. Сүхбаатар дүүргийн онцлог гэвэл Улаанбаатар хотын төв цэг байдаг. Хотын унаган сэхээтнүүд ч олон. Мөн хамгийн том их дээд сургуулиуд бүгд байдаг. Энэ утгаараа СБД-т залуучуудын оролцоо ихтэй том шинэчлэл хийж чадсан гэж бодож байна. дүүргийн АЗХ, АОХ ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. СБД-т Ардчилсан нам ялалт байгуулсан. Төсөв мөнгөний хувьд хавчигдмал буюу улс, нийслэлийн төсвөөс өмнөх жилүүдийг бодоход мөнгө хуваарилалт багатай. Бага төсөвтэй ч СБД-ийн дарга, түүний баг хамт олон маш амжилттай ажиллаж байгаа. Иргэдийн хүссэн ажлуудыг хийж чадаж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл сэтгэл байх юм бол хөрөнгө оруулалтыг ариг гамтай зарцуулж гудамж талбайн гэрэлтүүлэг, зам, шугам дэд бүтэц гээд олон ажлыг хийж болдог юм байна. Бидний хувьд Засаг дарга сайн ажиллаж байна гэдэг нь нам сайн ажиллаж байна гэсэн үг. Ганц дүүрэг дээр бид сөрөг хүчин биш. Бидний эсрэг сөрөг хүчинтэй. Тэгэхээр ажлаа эрчимжүүлж иргэдэд хүссэн ажлыг хийж өгөх нь их чухал.

     

    “Улс төрд хүн гуйхгүй, шударга бус явдлын араас хөөцөлдөж явдаггүй хүн өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ үзэл баримтлалтайгаа хаана ч нэгдэх ёстой”
     

    -Ардчилсан намын шинэчлэлийн нэг зарчим нь боловсон хүчний шинэчлэлт шүү дээ. Үүнд залуучуудын оролцоо хэр байгаа вэ?

     

    Улс төрийн намын хувьд хоёрхон үндсэн үүрэгтэй. Нэгдүгээрт нь улс орныг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх, Хоёрдугаарт, хүний нөөцөө бэлтгэх буюу боловсон хүчнээр хангах явдал. АН 30 жилийн түүхтэй. Ахмадууд, дунд үе, залуучуудтай боллоо. Улс төрд хүн гуйхгүй, шударга бус явдлын араас хөөцөлдөж явдаггүй хүн өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ үзэл баримтлалтайгаа хаана ч нэгдэх ёстой. Би намын боловсон хүчин бэлтгэх тал дээр манай намын гишүүд болон партизанын хүүхдүүд өшөө илүү сайн бэлтгэгдээсэй гэж бодож байна. Тэднийг бэлгэдэг институт, сургадаг байх. Гоё ганган залуучуудын араас хөөцөлдөх бус, намын стратегийн хувьд тэр гэр бүлд 30 жил өсөж хүмүүжсэн хүүхэд гэдэг бол намын 10 залуутай тэнцэх хэмжээний энэ намын ардчилал эрх чөлөөний төлөө зогсож чадна. Харамсалтай нь тэр залуучууд маань намаас гадуур яваад байна. Тэр залуучуудыг оруулж ирэх суваг, дэмжиж сургадаг, зөв төлөвшилтэй улс төрч болгодог тийм л бодлогыг баримталж ажиллах нь зөв болов уу. Эцэг, эх бүр өөрийнхөө туулсан муу муухай болгоныг нууж, сайн сайхан болгоныг хүүхдэдээ хүсдэг байгалийн зөнтэй. Иймэрхүү бодлогыг л хэрэгжүүлээсэй гэж боддог. Нөгөө талаараа залуучуудад энэ нам угаасаа нээлттэй. Шилмэл, шилдгүүд нь орж ирдэг меррит зарчимтай улс төр. Одоо манай Монголын шударга бус байдал хэрээс хэтэрч, сүүлийн 30 жилийн турш авлига, хээл хахууль, албан тушаал, мөнгө гэдэг зүйл дээр улс төр явж ирсэн. Үүнд МАНАН буруутай. Үүний үр дүнд тархины гоожилт гэдэг зүйлээс болж олон мэдлэгтэй залуучууд Монголоос явж байгаа. Үүнийг өнөөдөр мэдэхгүй байгаа. Магадгүй 10 жилийн дараа ямар ч хүний нөөцгүй болно. Шударга тогтолцоо байхгүй байна. Тэгэхээр хамгийн сайн шударга тогтолцоо хаана байх вэ? гэвэл Ардчилсан намд байх ёстой. Ардчилсан нам дүрмийнхээ хувьд шударга тогтолцоог бий болгосон. Хувь хүнийхээ хувьд төлөвшихөд дараагийн 10 жилд завсар зайгүй ажил төлөвлөсөн байх ёстой.

     

    -Намынхаа үзэл баримтлалын шинэчлэл, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

     

    -Намын үзэл баримтлал нийгмийн хувьд маш том эрс шинэчлэл, дэвшлийг авч ирсэн гэж бодож байна. Ардчилсан намын үзэл баримтлал гэдэг чинь ганцхан үгээр “эрх чөлөө” л байхгүй юу. Харин МАН-ынх бол тусгаар тогтнол. МАН үүний цаана нуугдаж өчнөөн хүн хэлмэгдүүлж, шашны замаар замнасан алдаагаа, их өрийг нуудаг. Одоо байгаа консерватив бодлогоо ч нуудаг. Тусгаар тогтнол авч ирэхдээ бид ийм алдаа гаргасан. Энэ алдаа оноо хамаагүй байсан гэж хэлдэг.

     

    “Төр бол луйврын хэрэгсэл, хууль бол тонуулын хэрэгсэл гэж хүн төрөлхтөн угаасаа баталсан”
     

    Ардчилсан намын хувьд бол эрх чөлөө. Яагаад гэхээр эрх чөлөө, тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй. Эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг чинь өөрөө тэр улс үндэстэн эрх чөлөөтэй амьдрах суурин дээр байгаа. Тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг гэдэг үгийг өмнөө тавихаар хүмүүсийг хэлмэгдүүлээд, буудаад, шоронд хориод болоод байдаг. Хүний эрх чөлөөгөөр энэ бүгд хязгаарлагдах ёстой гэдэг бол хүн төрөлхтний тогтолцоо суурь зүйл. Тэгэхээр бид эрх чөлөөг хамгаалах замаар тусгаар тогтнолоо бэхжүүлдэг ийм нам байх ёстой. 1990 оны Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хамгаална гэж хэлж байгаа. Энэ маш чухал. Ямар ч байсан парламентын ардчилал гэдэг зүйлийг авч явах ёстой гэдгийг энэ эрх чөлөө гэдэг зүйлээрээ тунхаглаж чадсан. Эрх чөлөө гэдэг үгнийхээ ард хязгаарлагдмал төрийн оролцоо гэдэг үгийг зарим ҮБХ-ны гишүүд болиулах гэж дуугарч байна лээ. Төр бол луйврын хэрэгсэл, хууль бол тонуулын хэрэгсэл гэж хүн төрөлхтөн угаасаа баталсан. Энэ бол байдаг зүйл. Үүнийг тонуулын хэрэгсэл болгохгүйн тулд төр хязгаарладаг. Төр юугаар хязгаарлах вэ гэхээр хүчгүй болгоно гэдэг. Миний бодлоор хязгаартай зүйл хамгийн хүчтэй. Хүний эрхээр хязгаарлагддаг. Хүний эрхээс давсан хууль гэж байхгүй. Хүнийг цаазаар авдаг төр гэж байхгүй гэх мэтчлэнгээр бид барууны чиг баримжаатай гэдгээ нотолж чадсан. Бид бүх гишүүдээсээ намын дарга болон бүх удирдлагуудаа сонгодог ийм зүйлийг туршиж үзсэн. Гэхдээ бид 220 ҮБХ-ны гишүүд бүх зүйлийг барьдаг байсан дотроо ялзарч өмхийрсэн тийм тогтолцооноос салж гарч ирсэн. Одоо бид нээлттэй бүх гишүүдээ сонгож байна. Энэ нь хамгийн сайн гэсэн үг биш. Үүнийг бас туршиж үзэх хэрэгтэй. Энэ туршлага амжилтгүй байх юм бол дараагийн ээлжинд төлөөллийн маяг руугаа бид явна. Тэгэхээр бид хөгжлийнхөө үе шатыг маш амжилттай дахиад туршиж үзээд явж байна гэж бодож байна. Үзэл баримтлал их зовлон тууллаа. Хоёр жилийн турш хэлэлцүүлэг хийж гурван ч үзэл баримтлал батлагдаж, түүнээс шигшигдэж бид бүгдийн үзэл баримтлал батлагдлаа. Дүрэм, үзэл баримтлал хоёр хэрхэн илрэн гарч хэрэгждэг вэ? гэхээр мөрийн хөтөлбөр болон хүний нөөц гэдэг хоёр зүйлээр илэрч байх ёстой.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Ц.БАЙГАЛМАА