Мэдэгдэл
    2018 оны 12 сарын 26 нд
    5e803266ca511725f318c21a1a77c101.jpg

    1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан иргэний “Амьд явах эрх”-энд эрх баригч МАН-ын гишүүд халдаж, амь нас эрүүл мэндээр нь хохироосон хэрэг удаа дараа гарах боллоо.

     

    Энэ нь 1937 онд 40 гаруй мянган иргэнээ хилсээр цаазлан хороож, 100 гаруй мянган иргэнээ хорьж тамлан зовоож, нэг насаар нь хэлмэгдүүлсэн гашуун түүхийг эргэн сануулж байна.

     

    Одоогоос 10 гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан иргэн Б, энэ оны наймдугаар сард ЗТХЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан иргэн Г нар нь хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

     

    Төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.

     

    Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байна.

     

    Төрийн эрх барьж буй намын гишүүд ийн  балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна.

     

    Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна.

     

    АРДЧИЛСАН НАМ