Ц.Туваан: Ардчилсан нам 180 мянган гишүүнийхээ амь нас төдийгүй бусад бүх асуудалд анхаарал хандуулна
    2018 оны 12 сарын 26 нд
    fe2bd96ce1b96427e4984522742553e0.jpg

    Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн  Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ.

     

    Дээрх асуудлаар  Ардчилсан нам мэдэгдэл гаргасан бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр уншиж танилцуулсан юм.  Тус мэдэгдэлд "МАН бусдын амьд явах эрхэнд удаа дараа халдаж, төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Төрийн эрх барьж буй намын гишүүд ийм балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна" гэжээ. 

     

     

    Хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан  " Ардчилсан нам 180 мянган гишүүнийхээ амь нас, эрүүл мэнд, эрх ашиг зэрэг бүхий л асуудалд анхаарлаа хандуулна.  Тиймээс ч бид энэ удаагийн асуудлыг анхааралтай ажиглаж байна. Хуулийн байгууллага аль нэг талыг барилгүйгээр, гадны нөлөөнд авталгүйгээр үнэн, бодит шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа бид эргэн мэдээлэл хүргэх болно. Бид улстөржихөөс илүү  бусдын гарт амиа алдсан жирийн гишүүнийхээ араас харамсч байгаа учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж байна. Эрх баригч МАН бусдын амьд явах эрхэнд удаа дараа халдаж, тэдний увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ" гэв.