Т.Болдбаатар: Намын шинэчлэлийн хамгийн тод илэрхийлэл нь бодлогын зөвлөлүүд
    2019 оны 01 сарын 03 нд
    4cf0411b284564d682650221fa87f157.jpg

    Энэ удаагийн "Бодлогын цаг" булангийнхаа зочноор Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатарыг урьж ярилцлаа. 

     

    -Юуны өмнө “Оны шилдэгийн шилдэг”-ээр шалгарсан танай хамт олонд баяр хүргэе.

     

    -Баярлалаа, Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид болон Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэе.

     

    -Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд бодлогын зөвлөлүүд байгуулагдан ажиллаж байна. Улстөрийн нам дэргэдээ бодлогын зөвлөлтэй байхын ач холбогдол юу вэ?

     

    -Ардчилсан нам шинэчлэгдэж, бодлогын нам болж байгаагийн хамгийн тод илэрхийлэл бол бодлогын зөвлөл юм. Зөвхөн Ардчилсан нам ч гэлтгүй бусад улстөрийн намууд ч гэсэн цаашид энэ чиглэл рүү явах болов уу. Гагцхүү Ардчилсан нам аливаа шинэчлэлийг түүчээлдэг учраас эхлүүлээд явж байгаа хэрэг. Ер нь намгүйгээр төр оршин тогтнох боломжгүй шүү дээ. Төрийн үндэс суурь нь улстөрийн нам. Өөрөөр хэлбэл, намаар дамжуулж сонгуульд оролцож, төрийн эрхийг барьдаг. Тиймээс зөвхөн намын шинэчлэл гэхээсээ илүү Монгол төрийн шинэчлэл явагдаж байгаа гэж харах хэрэгтэй. Ардчилсан намын шинэчлэл 2016 оноос хойш тодорхой системтэй үргэлжилж байгаа. Нэгдүгээрт, бид Үзэл баримтлалаа шинэчлэх шаардлагатай байсан. Энэ дагуу Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг жил гаруйн хугацаанд бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, намын IX их хурлаар баталлаа. Ардчилсан нам бол баруун төвийн Үзэл баримтлалтай нам байна гэдгээ олон нийтэд зарласан шүү дээ. Хоёрдугаарт хүн нь шинэчлэгдэх ёстой. Тиймээс ч намын даргаа бүх гишүүдийн саналаар тодруулсан. Энэ бол шинэчлэлийн нэг хэсэг. Миний хувьд ҮБХ-нд 2003 оноос хойш байна. Өмнө нь бид жилд хоёр л удаа уулзалддаг, нэгнийгээ бараг таньдаггүй шахам байлаа. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд бид үнэхээр завгүй ажиллалаа. Энэ ч гэсэн шинэчлэлийн нэг хэсэг нь. МАН төрийн эрхийг бариад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл мөрийн хөтөлбөрөөс нь биелсэн зүйл маш бага байна шүү дээ. Мөрийн хөтөлбөрийнх нь 70-80 хувь нь үл биелэгдэх УТОП шинжтэй байгаа юм. Учир нь МАН бодлогын нам биш байхгүй юу. Сонгуулиас хэдхэн сарын өмнө яаран сандран боловсруулсан, сэтгэлийн хөөрөлд автсан шийдлүүдтэй, олон нийтэд таалагдах гэж хичээсэн мөрийн хөтөлбөр биелдэггүй юм байна. Харин Ардчилсан нам эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн 16 бодлогын зөвлөл байгуулаад ажиллаж байгаа. Салбар бүрийн бодлогыг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, судлаачид боловсруулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам ирэх сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд хэрэгжүүлэх бодлого нь бэлэн бөгөөд тодорхой байх нь. Бодлогын зөвлөлүүдийн боловсруулсан бодлого дээр суурилж мөрийн хөтөлбөр боловсруулагдана. Төрийн эрхийг гартаа авчихаад Засгийн газар нь юу хийхээ мэдэхгүй, яаж ажиллах нь тодорхойгүй самгардаад л ийш, тийш үсчиж цаг алдахгүй гэсэн үг. Бодлогын нам байхын гол ач холбогдол нь үүнд л оршиж байгаа хэрэг. Яг одоо Ардчилсан нам маш том шинэчлэлийг эхлүүлээд, тодорхой саад бэрхшээлүүдээ даван туулаад явж байгаа.

     

    -Энэ онд Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөл ямар төлөвлөгөөний дагуу ажиллах вэ?

     

    -2019 он маш хариуцлагатай жил гэж харж байгаа. Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөл нийт долоон дэд зөвлөлтэй. Үүнийгээ энэ онд тав болгохоор төлөвлөөд байна. Авто зам, авто тээвэр, төмөр зам, мэдээлэл, харилцаа, иргэний нисэх гэсэн таван дэд зөвлөлтэй ажиллахаар зурагласан. Далайн тээврийг төмөр замтай, шуудангаа мэдээлэл харилцаа руу нэгтгээд таван дэд зөвлөлтэй ажиллана. Дэд зөвлөл бүр дээр мэргэжлийн хүмүүс ажиллаж, тухайн салбарыг хөгжүүлэх иж бүрэн зураглалтай болно. Бэлэн төслөөс мөрийн хөтөлбөр боловсруулах амархан шүү дээ. Салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсийг бодлогын зөвлөлийн ажилд түлхүү оролцуулахаар төлөвлөөд байна. Ажлаа сар, сард нь хуваагаад, салбар бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулаад ажиллана. Жишээ нь арванхоёрдугаар сард иргэний нисэхийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнээс гадна Зам тээврийн хөгжлийн яаманд зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Мэргэжлийн хүний хувьд харсаар байж салбараа унагаах нь маш харамсалтай хэрэг.

     

    -Өнгөрсөн он Зам тээврийн салбарт нэлээн халгаатай жил болж өнгөрлөө. Өнөөдөр ч салбар нь эзэнгүй байна. Мэргэжлийн хүний хувиар, сөрөг хүчний хувиар энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

     

    -Зөвхөн Зам тээврийн салбарт ч бус өнөөгийн Монголын төрд нүүрлээд буй үзэгдэл бол МАН бодлогын нам болж чадаагүйн илрэл. Зам тээврийн салбар өнөөдөр ч эзэнгүй байна. Энэ бол “давхар дээл”-ний уршиг шүү дээ. Бодлого нь тодорхойгүй, дээрээс нь эзэнгүй. Тэгэхээр ямар байх нь ойлгомжтой. Зам тээврийн салбарын ажил онцгой нөхцөлд явагддаг. Энэ салбарыг зөвхөн мэргэжлийн хүн л удирдах ёстой. Гэтэл МАН төрийн эрхийг авангуутаа “цүнх баригч”-даа салбар бүрт томилсон. Салбарын талаар А ч үгүй хүн бодлого хэрэгжүүлэх боломжгүй л дээ. Томилогдсон хүмүүсээс Ж.Бат-Эрдэнэ л боломжийн байсан гэж боддог. Автын инженер мэргэжилтэй, төрийн албанд олон жил удирдах албан тушаал эрхэлсэн туршлагатай байсан. Харамсалтай нь мордохын хазгай гэгчээр дор нь ажиллаж байсан баг нь “цүнх баригч”-д байсан учраас эрдэнэт хүний амь эрсэдлээ шүү дээ.

     

    -Ардчилсан нам төр барилаа гэхэд “цүнх баригч”-даа томилохгүй гэх баталгаа нь юундаа байгаа юм. Олон нийт улстөрийн намд итгэхээ больсон байна шүү дээ. Иргэд АН, МАН аль нь ч ялгаагүй, Монгол төрд нам хэрэггүй гэцгээх болж?

     

    -Ардчилсан нам “цүнх баригч”-даар салбар удирдуулахгүйн баталгаа нь бодлогын зөвлөл байхгүй юу. Ялсан тохиолдолд мэргэжлийн хүмүүс нь ажиллана. МАН бодлогын нам болж чадаагүй учраас салбарын сайдаа томилж чадахгүй, хэн их мөнгө төлснийгөө албан тушаалд томилчихож байна. Намгүйгээр төр оршин тогтнох боломжгүй тухай би түрүүн хэлсэн. Дэлхий нийтээрээ намаар дамжуулж төр улсаа удирдаж байна шүү дээ. Бие даагчид гарч ирээд яах юм. Жалга, гудамж бүрээс нэг төлөөлөгч УИХ-д суух юм уу. Тэд эвлэлдэн нэгдээд ажиллаж чадахгүй л дээ. Нам бол зохион байгуулалтын хамгийн өндөр бүтэц. Жишээ нь Ардчилсан нам Үзэл баримтлалаа батлаад зохион байгуулалтанд ороод ажиллаж байна шүү дээ. Нэг айлын хүүхдүүд хүртэл хоорондоо муудалцдаг биз дээ. Тиймээс дуртай нь ирээд төр удирдах боломжгүй л дээ. Бурхан ч байсан чадахгүй. Өнөөдөртөө хүн төрөлхтөн намаас илүүг бодож олоогүй л байхгүй юу. Харин ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй. Тиймээс нам яах аргагүй байх ёстой. Хоёр намыг ялгаагүй гэдэг яриаг сүүлийн үед гаргаж байна. МАН өнөөдөр живж дуусч байна ш дээ. 100 жилийн түүхтэй улстөрийн нам живэхдээ АН-ыг татаж унагах гэж оролдож байна. Нэг эцгийн хүүхдүүд хүртэл хоорондоо ялгаатай байдаг. Гэтэл яахаараа 200 мянган гишүүнтэй Ардчилсан нам МАН-тай адилхан байна гэж. Адилхан байх ямар ч боломжгүй. Ардчилсан нам бүх шинэчлэлийг түүчээлсэн байхгүй юу. Бодлогоо тодорхойлоод Үзэл баримтлалаа баталчихлаа. Анх мал хувьчлахад юу гэж байлаа. Хэдэн хятадуудад малыг нь тарааж өгөөд өөрсдөө өлбөрч үхэх нь гэж байсан биз дээ. Тухайн үед 25 сая байсан таван хошуу мал өнөөдөр 66 саяд хүрчээ. Хэд дахин өссөн байгаа биз дээ. Орон сууц хувьчлахад юу гэсэн. Гадныханд байрыг нь өгчихөөд өөрсдөө гудамжинд гарах нь гэж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн Улаанбаатарт гэхэд хэчнээн өрх айл өөрсдийн орон сууцандаа амьдарч байгаа билээ. Ногоон паспорт олгоход бүгд гадагшаа яваад Монгол эзгүйрэх нь гэж сүржигнэж байв. Монголчуудаас гадагшаа явах нь явсан. Гэхдээ дийлэнх нь эх орондоо амьдарч байна. Харин ч бүр АНУ, Солонгос, Японд очиж ажиллаад, гэр бүлээ тэжээгээд, амьдрал ахуйгаа өөд нь татсан. Мэдээж Ардчилсан намд алдаа бий. Дотооддоо эв нэгдэлгүй, Засгийн газраа огцруулсан зэрэг алдсан зүйл бидэнд байгаа. Гэхдээ МАН-ын өнөөгийн байдалд хүрч байсангүй. Би Ардчилсан намын үед хэд, хэдэн удаа хариуцлагатай албан тушаал хашч явсан. Гэхдээ үүнийхээ төлөө хэн нэгэнд хэзээ ч мөнгө төгрөг өгч явсангүй. Энэ мэт жишээнээс харахад Ардчилсан нам бол МАН-аас тэс өөр. Зүйрлэх ямар ч боломжгүй. Адилтгах зүйл нэгээхэн ч үгүй. Харин адилхан Монгол хүмүүс гэдэг нь үнэн.

     

    -Та Авто тээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа юу хийсэн бэ?

     

    -Ардчилсан намын үед Авто тээврийн үндэсний газар гэж байсныг татан буулгаж, төрийн нүсэр бүтцийг цомхон болгоход анхаарч ажилласан юм. Улмаар Авто тээврийн үндэсний төв байгуулаад ажилласан. Улсын дугаар олголт нэг хэсэг арилжаа, наймаа болчихсон байсан шүү дээ. Үүнийг цэгцэлж, ил тод олгодог болсон. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлд JPS төхөөрөмж суурилуулснаар осол, аваар тодорхой хэмжээнд буурсан. Энэ мэтчилэн дурдаад байвал шинэ бүхнийг АН-ын үед л хийсэн байдаг юм. Бидний үед Авто тээврийн үндэсний төвд ямар нэгэн авлигын асуудал байгаагүй. Харамсалтай нь өнөөдөр хамгийн авлигачин байгууллагаар тодорч байх шиг байна. Тухайн үед ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс өнөөдөр алга. Ардчилсан намын үед намын харъяаллаас нь болж мэргэжилтнүүдийг олноор нь халж байсангүй. Ажлаа мэддэг, чаддаг хүмүүстэй нь хамтраад ажилласан. Гэтэл МАН төрийн албан хаагчдыг хоморголон халсан шүү дээ. Оронд нь ямар ч мэдлэг, чадваргүй хүмүүсийг олноор нь томилсон. Үүнийхээ горыг өнөөдөр амсч байна л даа. Иргэний нисэхийн салбарыг нисэхийн хүн л удирдах ёстой, төмөр замыг салбарынх нь хүн л удирдах ёстой. Мэргэжлийн бус хүнээр удирдуулснаас болж салбар бүрт хариуцлагагүйн “зуд” нүүрлэж, өнгөрсөн онд төмөр замын салбарт гэхэд ямар том ослууд гарлаа. Дорноговь аймагт болсон осол бол ердөө ганцхан жишээ. Зам тээврийн салбарт аюулгүй байдал эн тэргүүнд яригдах ёстой. Сөүл-Улаанбаатарын чиглэлд ниссэн онгоц ослын буулт хийлээ. Хаалганы түгжээ гацсан гэж тайлбарлаж байгаа ч нислэг үйлдэхээсээ өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах л ёстой байсан.