Ардчилсан нам УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа
    2019 оны 01 сарын 09 нд
    cdba810cfaac8afa695bb36e7e3520af.jpg

    Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.1.5 / хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд  намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, улстөрийн шийдвэрийг танилцуулсан юм. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын  дарга С.Эрдэнэ, Дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар оролцов. 

     

    Мэдэгдэлд, "МАН-ын улс төрийн сонгуульд ялсан мөрийн хөтөлбөр болон сонгуулийн амлалтаа ор тас мартан, төр удирдах чадваргүй болсноо хангалттай харууллаа. Төрийн бүх л шатны албан тушаалыг 60 тэрбум гэх сүлжээгээр арилжаалж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг иргэд шууд очих ёстой сангийн хөрөнгийг хулгайлж, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес, улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу, Улаанбаатар хот удирдлагагүй, нийт 21 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуваагдмал байдалтай байна. МАН-ын бүлгийн зарим гишүүдийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд гишүүдийн үнэн төрхийг харуулснаас гадна байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож, төрд итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүллээ. Тиймээс улс төрийн мухардал, гацаанаас гарахын тулд АН-ын зүгээс УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зохион байгуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн дурджээ. 

     

    АН-ын дарга С.Эрдэнэ:  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН ямар ажил хийснийг биднээр хэлүүлэлтгүй иргэд дүнгээ тавина. Амлалтыг нь ард түмэн мартаагүй. Чихэр бурам шиг үгээр сонгуулийн өмнө амласан. Нэгийг нь ч биелүүлээгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдмээр байна. Өрийг өрөөр дарахгүй гэсэн. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн. Гэтэл манай улсын нийт гадаад өр 27 тэрбум америк долларт хүрлээ. Үүний найман  тэрбум нь Засгийн газрын өр. Шинээр дөрвөн тэрбум америк долларын зээл авлаа. Энэ мөнгөний тайланг тавих шаарлага тавьсан ч хэлэлцүүлэхгүй байна. Шилэн дансны тухай хууль хэрэгжилгүй гурван жил боллоо. Бид үндэсний хэмжээний том намын хувьд хэнийг ч гүтгэх эрхгүй. Төрийн ажил ямар нэгэн байдлаар цалгардах ёсгүй. Энэ зарчмын хүрээнд УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахыг зохион байгуулах ёстой. Ээлжит бус сонгууль зохион байгуулах хуулийн зохицуулалт гэж бий. Тиймээс АН-ын бүлгээс энэ хуулийн гаргалгааг санал тавина. 

     

    АН-ын Дэд дарга Р.Амаржаргал:   Монголын улс төрийн энэ хоёр нам нь нэг гэрийн хоёр багана л гэсэн үг. Нэг нь ганхаж байна. Энэ хоёр баганын нэг нь хүчгүй байвал гэр нурах эсрдэлтэй. Тиймээс МАН өөрсдөө хэлэлцээд шийдлээ олох хэрэгтэй. Ардчилсан намын нуруун дээр маш их хариуцлага ирж байна. Бид сөрөг хүчний хувьд үүнд баярлаж бахархаад тавлаагүй. Асуудлыг МАН өөрсдөө шийдэх учиртай. Шийдлээ олж, улам батжина гэдэгт найдаж байна. Улс төрийн орчин нөхцөл хүнд байгаа энэ үед Ардчилсан нам илүү бат бөх, буурь суурьтай, хариуцлагатай байх ёстой. 60 тэрбумын болон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хуваарилалтын аль аль нь үнэхээр жигшүүртэй хэрэг. АН аль ч асуудлыг хүлээн авахгүй. 

     

    АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай:  Төрийн ажил бүрэн зогсч, төр нь иргэдээ төлөөлөх чадвараа алдлаа, төрөөс цаг хугацаандаа гарах бүхий л шийдвэр гацсан. Хуралдах ёстой байгууллагууд хуралдаж чадахгүй, шийдвэр гаргах ёстой байгууллагууд шийдвэр гаргах чадвараа бүрэн алдсан. Төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, өнгөрсөн гурван жилийн дүнгээ ард түмнээрээ тавиулж, ээлжит бус сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.