Ц.Уртнасан: АН улстөрийн намын шинэчлэлийг урагшлуулж, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг батжуулна
    2019 оны 01 сарын 11 нд
    27a6c2d473a3429344454b71f497e2e6.jpg

    Ардчилсан нам “Үзэл баримтлал”-аа баталж, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн, албажуулаад байна. Үзэл баримтлалаа Ардчилсан нам олон нийтэд танилцуулж, түгээн дэлгэрүүлэх аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Аяны нээлт энэ сарын 11-нд “Блью скай” зочид буудлын хурлын танхимд болох юм байна. Хоёр жил гаруйн хугацаанд бүх гишүүдээр хэлэлцүүлж, олон нийтийн саналыг тусган цаасан дээр бууж, батлагдсан Үзэл баримтлалын талаар Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасантай ярилцлаа.

     

    -Ардчилсан нам IX их хурлаараа Үзэл баримтлалаа шинэчлэн батлуулсан. Үзэл баримтлалаа тодорхойлбол?

     

    -Нийгэмд улстөрийн намын талаар иргэд сонгогчид олон ургалч үзлээр санал бодлоо илэрхийлж байна. Үнэхээр ч улстөрийн намын шинэчлэл манай нийгмийн тулгамдсан асуудал болчихож. Тиймээс улстөрийн нам үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдсэн нийгмийн нэгдэл байх ууг улс орноо тонон дээрэмдэгсэдийн цуглаан байх уу, ямар ч үнэ цэнээр хамаагүй олон нийтэд таалагдах гэж арга ядсан популистуудын хамтрал байх уу гэдэг нь нийгмийн анхаарал татаж байна. Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчлэн баталж, мөрдөхөөр ажиллаж байгаа нь улстөрийн намуудын шинэчлэлийг урагшлуулахад гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг батжуулахад ач холбогдолтой үйл явдал болж байна. Намын үзэл баримтлал бол дүрэм, журам, бодлогын бичиг баримт, аргачлал биш. Зарчимд агуулагдсан үнэт зүйл юм. Нэг үгээр хэлбэл Ардчилсан намаас Монголын нийгэм, эдийн засаг, улстөрийн амьдралд мөрдөх зарчим, үнэт зүйлсийг шинэчлэн баталсан хэрэг.

     

     

    -Үзэл баримтлалаа шинэчлэх зайлшгүй шаардлага нь юу байсан бэ?

     

    -Улстөрийн намын тухай хуульд нам нь Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн үзэл баримтлал, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байхаар заасан байдаг. Энэ дагуу Ардчилсан намын мөрийн хөтөлбөр (Үзэл баримтлал)-аа шинэчлэн боловсруулж, IX их хурлаараа хэлэлцэн батлуулсан.

     

    -Олон улсын жишигт нийцсэн зарчмуудыг Ардчилсан нам Үзэл баримтлалдаа тусгасан гэж байсан.

     

    -Ардчилсан нам нь Олон улсын ардчилсан холбоо (IDU)-ны гишүүн нам юм. Баруун болон баруун төвийн үзэл баримтлалтай төрийн намуудын эвсэлд дэлхийн 63 орны 73 нам нэгдсэн байдаг. Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэхдээ эдгээр улс орнуудын туршлага, сургамж, хөгжлийн чиг хандлагыг харгалзсаныг онцлон тэмдэглэмээр байна.

     

    -Үзэл баримтлалаа шинэчлэн батлуулахад гишүүдийн оролцоо хэр байсан бэ. Танай нам гишүүдийн оролцоонд суурилсан, бодлогын нам болох зорилт тавьсан шүү дээ?

     

    -Ардчилсан нам үзэл санааны тогтвортой чиг хандлагатай нам болон хөгжихөд Үзэл баримтлал онцгой үүрэгтэй. Үзэл баримтлалын платформыг бий болгох хөгжүүлэх, шинэчлэх үйл ажиллагаанд намын үндсэн зохион байгуулалтыг чиглүүлэх зэрэг өөрчлөлтийг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд хамтран ажиллаж, Үзэл баримтлалын шинэчлэлээ хийсэнд бид баяртай байна. Орон даяар өрнүүлсэн “Монголоо сонсъё”, “Хөгжил-шинэчлэл” аян, бүсийн зөвлөгөөнүүдийн үеэр Үзэл баримтлалын төслийг бүх гишүүдээр хэлэлцүүлж, саналыг нь сонссон. Үзэл баримтлалаа шинэчлэх ажил намын удирдлага, бүх шатны байгууллага, нийт гишүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжлээ. Энэ дашрамд хамтран ажилласан “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, менежментийн болон бүтээмжийн үндэсний зөвлөх Б.Уранчимэг, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, О.Магнай, намын даргын зөвлөх Д.Баярсайхан, Д.Батцогт, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Б.Гарамгайбаатар, ҮБХ-ны гишүүн Д.Үүрийнтуяа, Л.Баян-Алтай, Б.Батцэцэг, О.Эрдэнэ-Өрнөх, Б.Бямбасайхан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Л.Нарантуяа, “Ардчилсан оюутны холбоо”-ны тэргүүн Н.Лхагвадорж, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Болор-Эрдэнэ, Х.Номингэрэл, Т.Мөнхдэлгэр, “Ардчилсан ахмадын холбоо”-ны нарийн бичгийн дарга Н.Алтанцэцэг нар идэвхи зүтгэлтэй, санаачлагатай ажиллаж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье.